Литийн эрэлтийг хангахад 42 тэрбум ам.доллар шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Литийн эрэлтийг хангахад 42 тэрбум ам.доллар шаардлагатай

/2022.05.26/: Benchmark Mineral Intelligence судалгааны агентлагийн хийсэн дүгнэлтээр цахилгаан автомашины батарей үйлдвэрлэлийн гол түүхий эд болох литийн эрэлт цаашид улам өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 2030 оны зах зээлийн эрэлтийг хангахын тулд энэ салбарын үйлдвэрлэгчдэд 42 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах ажээ.

Өөрөөр хэлбэл, 2028 он хүртэлх хугацаанд энэ салбарт жил бүр 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд энэ эрчээрээ явж чадвал 2030 онд таамаглагдаж буй 2,4 сая тонн литийн эрэлтийг хангаж чадахаар байна. Энэ нь 2022 онд тус салбарт нийлүүлэгдэхээр таамаглагдаж буй 600 000 тонноос даруй 4 дахин их тоо юм.

Benchmark Mineral Intelligence-ийн таамаглалаар Европ болон Хойд Америкийн үйлдвэрлэгчид аль болох Хятадын импортын хамаарлаа багасгаж, өөрсдөө литийн олборлолт, үйлдвэрлэлээ хөгжүүлэх төлөвтэй байна. Хятадын бэлэн бүтээгдэхүүн авах зардлаас өөрсдөө олборлолт, үйлдвэрлэл явуулж литийн хэрэгцээгээ хангах нь 2 дахин их хэмжээний хөрөнгө шаардах ажээ. Учир нь Хятад улс литийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүтээмж, хямд ажиллах хүч, эрчим хүчний бага зардал, олборлох үйлдвэрлэлийн туршлага, эдийн засгийн төрөлжилт зэрэг хүчин зүйлийн ачаар энэхүү металлын зах зээлд давуу байр суурь эзэлсээр иржээ. Гэвч байгаль орчин, компанийн засаглал, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийн ESG үзүүлэлтүүдээр нь авч үзвэл Хятадын компаниуд гадны өрсөлдөгчдөөсөө нилээн доогуур байрт жагсаж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Байдены засаг захиргаа литий зэрэг цахилгаан автомашины батарей үйлдвэрлэхэд шаардагддаг металлын олборлолт, үйлдвэрлэлийг төрөөс дэмжихэд зориулсан 3 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийг батлаад байгаа бол Канад улс ч мөн адил чухал металлуудын нийлүүлэлтийн хэлхээг хөгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор 2,9 тэрбум ам.долларыг төсөвтөө суулгаж өгчээ.

Байгальд ээлтэй эрчим хүчний шилжилт хийхэд литий гол үүрэг гүйцэтгэх орц болохын хувьд, сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хурдыг дагаад литийн үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд БНХАУ-д бараг 4 дахин өсөөд байгаа юм. Энэ үнийн өсөлт нь тэрбумтан Илон Маскийг хүртэл литийн уурхайн салбар руу хөрөнгө оруулалт хийж, өөрөө үйлдвэрлэлийн түүхий эдээ хангах тухай ярихад хүргэсэн билээ.

New tech will free cheaper, cleaner lithium supply – report - MINING.COM

Түүхий эдийн үнэ өссөн, COVID19-тэй холбоотойгоор дэлхий даяар уул уурхай, тээвэр ложистикийн үйл ажиллагаа удааширсан ч зэрэгцээд цахилгаан автомашины эрэлт өссөн нь энэ салбарын үйлдвэрлэгчдийг Илон Маскийн нэгэн адил өөрсдөө литий, никель гэх зэрэг металлын олборлолт үйлдвэрлэлийн салбар руу ороход хүргэнэ гэж мөн Benchmark Mineral Intelligence-ийн судалгааны тайланд дурджээ. Нэгэнт автомашины үйлдвэрлэгчид энэ салбарт хөрөнгө оруулаад эхэлбэл, литийн одоогийн ордууд хэрэгцээг нь хангаж чадахгүй нь тодорхой тул шинэ ордын эрэл хайгуул ч мөн нэмэгдэнэ гэж таамагласан байна.

“Хөрөнгө оруулагчдаас ялгаатай нь авто үйлдвэрлэгчид литийн үйлдвэрлэлд зөвхөн хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх гэж орохгүй байх. Учир нь тэд хөрөнгө оруулалтын өгөөжөөс гадна үйлдвэрлэлээ тасалдалгүй явуулах түүхий эдийн нөөцдөө илүү анхаарч эхэлсэн байна” гэж Benchmark Mineral Intelligence агентлагийн захирал Саймон Мүүрс мэдэгджээ.

Эх сурвалж: mining.com

“Эм Ди Си Пи“ ХХК-ны мах боловсруулах үйлдвэрт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал
“Эм Ди Си Пи“ ХХК-ны мах боловсруулах үйлдвэрт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.