Э.Мягмардорж: Бид нүүрснээс ч хямд цахилгааныг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Мягмардорж: Бид нүүрснээс ч хямд цахилгааныг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэх боломжтой

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардоржтой ярилцлаа.

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН 170 ОРЧИМ УЛС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ БОДЛОГОО БОЛОВСРУУЛААД БАЙНА

-Дэлхийн өнөөгийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ салбарт ямар улс орнууд тэргүүлж байна вэ?
-Тийм ээ. Дэлхийн чиг хандлага аль хэдийнээ сэргээгдэх эрчим хүч рүү чиглэчихсэн. Үүнийг батлах зүйл нь өнөөдөр дэлхийн 170 орчим орон сэргээгдэх эрчим хүчний бодлогоо боловсруулж, цаашид энэ салбарыг хөгжүүлэх бодит төлөвлөгөөтэй болсон байна. Мөн улс орнуудын эрчим хүчний салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын 83 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт эрчим хүчний хангамжийн 27 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс нийлүүлж байна.

Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтаар тэргүүлж буй улсад Дани, Герман улс зүй ёсоор тооцогдоно. Үүний араас Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орно. Ялангуяа Дани улсын хувьд жилийн нийт эрчим хүнийхээ 45-55 хүртэлх хувийг зөвхөн салхинаас нийлүүлдэг. Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээндээ амжилттай нэвтрүүлсэн шалтгаан нь Швед, Норвеги зэрэг орнуудтай эрчим хүчний экспорт, импортын хувьд маш уяан хатан бодлого барьж ажилладагтай холбоотой юм. Үндсэндээ тус улс 2035 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг 100 хувь хэрэглээндээ нэвтрүүлнэ гэсэн зорилт тавиад, энэ бодлогоороо дэлхийд тэргүүлж байна.

-Дэлхийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байгаагийн шалтгаан юу вэ?
-Хэд хэдэн шалтгаан нөхцөлтэй. Нэгдүгээрт, НҮБ-аас гаргасан судалгаагаар улс орнууд дэвшүүлсэн зорилтдоо 2030 он гэхэд хүрсэн ч гэсэн дэлхийн дулаарлыг 1.5 хэмд нь тогтоон барьж сааруулахад хангалтгүй. Тиймээс зорилтоо улам сайжруулах гэж үзэж байгаа. Үүнтэй уялдуулаад дэлхийн улс орнууд эрчим хүчний бодлогоо илүү сайжруулж тодорхой болгож байна. Хоёрдугаарт, Ногоон устөрөгчийг хэрэглээнд нэвтрүүлэх асуудал сүүлийн жилүүдэд хүчтэй яригдаж байна. /Нар салхи г.м сэргээгдэх эрчим хүчнээс устөрөгч үйлдвэрлэх үйл явц/ Үүний нэг жишээ нь энэ онд Их Британи ойрын 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх 30 тэрбум фунтын төсөв бүхий устөрөгчийн салбарыг хөгжүүлэх бодлогын бичиг баримтаа боловсрууллаа. Ингэснээр эрчим хүчний салбараас хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтод нэлээд ойртуулж байгаа юм.

Түүнчлэн эрчим хүчний салбараас дэлхийн дулааралд нөлөөлөх нөлөөллийг эрчимтэй сааруулахын тулд атомын цахилгаан станцыг ногоон ангилалд оруулах санал Европын холбоонд хэлэлцэгдэж байна.

Хэдийгээр Украйнд болж буй дайнтай холбоотой ОХУ-наас Европ руу нийлүүлж буй байгалийн хийн хангамж эрс буурч, энэ нь нүүрсний цахилгаан станцуудын үйлдвэрлэл нэмэгдэх төлөвтэй ч зөвхөн ойрын шийдэл байх болно. Үүнийг ч Олон улсын эрчим хүчний агентлагаас мэдээлж байгаа. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт давамгайлах нь тодорхой.

2000 ОНД ГЕРМАНД ҮҮССЭН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АСУУДАЛ ӨНӨӨГИЙН МОНГОЛД БИЙ БОЛООД БАЙНА

-Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал ямар байгаа гэж харж байна вэ?
-2000-аад оны эхэн үеийн Германы эрчим хүчний салбарын асуудлыг тусгасан сэргээгдэх эрчим хүчийг ашиглахтай холбоотой хүндрэл, сорил, бэрхшээлүүд яг өнөөдрийн Монгол Улсад бий болоод байна.

Салбарын хувьд эрчим хүчний хангамж дутагдалтай байгаа, найдвартай байдал нь алдагдсан, санхүүгийн хүндэрлүүд зэрэг таагүй нөхцөл байдлууд их байгаа. Салбарын төлөөллүүд ч үүнийг сүүлийн саруудад хангалттай ярьж байна. Хэт их улс төрийн нөлөө орж, ард түмэндээ сайн хүмүүс болж жүжиглэсний гор нь гарч байна. Хөгжлийг түүчээлэх ёстой, томоохон бүтээн байгуулалтыг цахилгаан, дулаанаар хангаж байх учиртай салбар нь өнөөдөр байгаа хэрэгцээгээ ч хангаж чадахгүйд хүрч байна. Бүхний бурууг сэргээгдэх эрчим хүчинд тохоод байгаа. Хэрвээ бид сэргээгдэх эрчим хүчний станцууд байгуулаагүй байсан бол өнөөдөр юунд буруугаа чихэх байсан бол? Тэр яриад байгаа цахилгаан хязгаарлалт нь аль 2, 3 жилийн өмнө дүн өвлийн хүйтнээр хийгдэх байсан юм. Зарим жил бүр өвлийн их ачааллын үеийн 10 хувийг салхины станцуудаас хангасан байгаа юм. Энэ хэмжээгээр импорт ч буурч байгаа. Бүх эрх мэдлийг гартаа авдаг хэрнээ, буруу гарвал хувийн хэвшил рүү дайраад байдаг муу зуршлаасаа салах хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газрын хийж чадаж байгаа зүйл нь зээл, тусламж. Эрчим хүчний салбар бол өөрийгөө биеэ даагаад аваад явчих чадамжтай салбар. Гэвч өнөөгийн менежментээ хадгалаад явбал цаашид сайн үр дүнд хүрэхгүй.

Сэргээгдэх эрчим хүчний хувьд өнөөгийн үүсээд байгаа асуудлууд нь 2000-аад оны үеийн Европын улсууд, ялангуяа Германы нөхцөл байдалтай төстэй. Тухайн үед яг л Монголд үүсээд байгаа шиг нөхцөл үүссэн. Үнэ тариф, горим тохируулга гээд. Өнөөдөр Германд нар, салхины эрчим хүч нүүрснээс хямд болчихсон. Мэдээж тэнд бүх зүйл зах зээлийн горимоороо. Монголд гол нүүрсний уурхайнууд төрийн өмчлөлд байдаг тул зах зээлийн өртгөөс хямд нийлүүлж, давхар уурхайгаа сүйрүүлж байгаа.

Германчуудын ялгаа нь үүсээд буй сорилтуудаас хэрхэн суралцаж, дараагийн төслүүдээ хөгжүүлэх вэ гэдэгт анхаарсан. Харин Монголд дахиж сэргээгдэх эрчим хүч хэрэггүй гэдэг зүйл ярьж байна. Бид өөрсдөө мөнгөгүй, дээрээс нь боолт ч үйлдвэрлэж чадахгүй байгаа улс дэлхийд юу үйлдвэрлэж байна, түүнийг л нийлүүлнэ. Тэгэхээр алсдаа угаасаа бидэнд сэргээгдэх эрчим хүчнээс өөр шийдэл олдохгүй. Мэдээж Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй нүүрсний станцуудын төслүүдийг эсэргүүцээгүй, гэхдээ л бид хэдэн жил ярьлаа шүү дээ.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ТӨСЛҮҮД ӨМНӨХ ТӨСЛҮҮДЭЭС ХЯМД БАЙХ БОЛОМЖ БҮРДСЭН

-Өнөөдөр дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүчний үнэ ямар байна вэ?
-10 гаруй жилийн өмнө нарны эрчим хүчний дундаж үнэ 15-20 цент орчим байсан бол өнөөдөр 6-8 цент орчим байна. Зарим хүн үүнийг сонсчхоод шууд л "Дэлхийн дундаж 6-8 цент байхад Монгол Улсад үнэтэй зарж байна" гээд харьцуулж эхлэх байх. Манай зарим нэг эрчим хүчний салбарын удирдлагууд хүртэл иймэрхүү хандлагатай байдаг. Бид хэдэн мянган МВт-аас үйлдвэрлэж буй цахилгааныг Монголд байгаа 250МВт-аас үйлдвэрлэж буй цахилгаантай харьцуулаад байна. 100 хос гутал бөөнөөр зарах үнэ, 1 хосыг зарах үнээс мэдээж хямд л байж таарна.

Ер нь цаашид Монголд сэргээгдэх эрчим хүч хямдарна. Жишээ нь, Чойр орчимд баригдах батарейтай салхин станцын төсөл өмнөх ашиглалтанд орсон төслүүдээс 10 хувиар хямд үнээр цахилгаан нийлүүлэх боломжтой гэдгээ санал болгоод байгаа. Батарейгүй байсан бол үүнээс ч хямд байхаар байна. Цаашид нарны төслүүд ч шинээр орвол хямдарна. Тэгэхээр шинэ орох төслүүд өмнөх төслүүдээс хямдхан байх боломж бүрдээд байна гэсэн үг.

Бид Саудын Арабын нэгэн туршлагыг судалсан юм. Тус улс одоогоос 4 орчим жилийн өмнө 600-700 МВт-ын хүчин чадалтай нарны станц ашиглалтад оруулсан юм билээ. Энэ станцыг барихад улсаас нь байж болох бүх татвараас чөлөөлж, газрыг нь үнэгүй олгосон. Харин тухайн компани зөвхөн тоног төхөөрөмж, үйл ажиллагааныхаа зардлыг л гаргасан. Ингэснээр тариф нь 2цент болсон. Ямар ч татвар тэнд байхгүй. Яагаад энэ төслийг ингэж дэмжсэн шалтгаан нь тэнд маш их цахилгааныг өдрийн цагаар хөргөлтийн системд зарцуулдаг. Тэрхүү цахилгааны нефть бүтээгдэхүүнээс нийлүүлдэг. Өдрийн цагийн цахилгааныг нарны эрчим хүчээр нийлүүлснээр тухайн цагуудад нефть бүтээгдэхүүнийг хэмнэж, экспортод гаргаснаар 1 жилд 40 гаруй сая ам.долларын цэвэр ашиг олсон. Үүнээс харвал төсөл бүрийн ард өөр өөрийн онцлог байгааг бид ойлгодоггүй. Үүнийг нь улс төрчид мэдэмхийрч, сайн хүний дүрд тоглодог. Эцсийн эцэст Монгол улс л хохирно.

-Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний тарифаа багасгах ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Урт хугацааны тогтвортой бодлого сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд гол хөшүүрэг болж, олон эх үүсвэр ашиглалтанд орох тусам өрсөлдөөн бий болж, үнэ буурч байна.

Дэлхийн зах зээл дээрх сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт, өртөг буурахад нөлөөлсөн хүчин зүйл нь нэгдүгээрт, БНХАУ-ын урт хугацааны бодлого нилээн чухал үүрэг гүйцэтгэх шиг боллоо. Тус улсад 2000-аад оны дунд үеэс сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийг байгуулах, хэрэглээг дэлгэрүүлэх урт хугацааны тогтвортой бодлогыг төрөөс хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд өнөөдөр дэлхий даяар хамгийн өндөр борлуулалттай 15 нарны дэлгэц үйлдвэрлэгчийн 10 нь БНХАУ-ын үйлдвэрүүд байх жишээтэй. Ер нь дан ганц нар гэлтгүй бүхий л төрөлд манлайлж байна. Эдгээр компаниуд бүгд 2005-2010 оны хооронд байгуулагдсан байдаг. Хятад улсад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг ихээр үйлдвэрлэж, тэр хэмжээгээр үнэ буурсан. Зах зээл тэлэхэд үйлдвэрлэл нэмэгддэг нь зах зээлийн хууль. Үүнийг дагаад өрсөлдөөн дунд илүү сайн чанартай, хямд бүтээгдэхүүнүүд бий болж байна. Бас нэг сонирхолтой зүйл нь одоогоос 10 гаруй жилийн өмнө Герман, Солонгос, Япон технологи хамгийн сайн гэгддэг байсан бол одоо БНХАУ-д дэлхийд тэргүүлэгч технологиуд үйлдвэрлэгдэж байна. Үүний нөлөөгөөр хэрэглэгч дээрх ирэх үнэ, өртөг буурсан сайн талтай.

Хоёрдугаарт, Том зах зээлтэй улс орнууд сэргээгдэх эрчим хүчний станцыг том хүчин чадлаар байгуулж байна. Ингэхээр нэгжийн зардал багасаж, хэрэглэгчид ирэх үнэ тарифын хэмжээ буурна. Эдгээр улсууд нар, салхины хэдэн зуун МВт, зарим тохиолдолд 1000 МВт-аас дээш хүчин чадалтай станцууд байгуулдаг. Харин манайд ихэвчлэн 10-50 МВт-ын хүчин чадалтайг барьдаг. Үндсэндээ маш жижигхэн гэсэн үг юм. Монголд байгуулагдаж буй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн 50 орчим хувийг технологийн зардал эзэлдэг. Учир нь бид тээврээс хамааралтай. Мөн нэмэлтээр дэд бүтцийн зардал ихтэй байдаг. Ихэвчлэн бага чадлын станц байгуулагддаг учир хэрэглэгч дээр очих үнэ гадныхтай ижил хямд байж чадахгүй байна. Бид 500 МВт-ын салхин паркийн мэдээ уншчихаад, Монголд байгаа 50 МВт-ын салхин парктай харьцуулж болохгүй. Түүнээс гадна, улс төрийн тогтворгүй бодлого, зээлжих зэрэглэл зэргээс хамаарч, хөрөнгө оруулагчдын тавигдах шаардлага, зээлийн хүү зэрэг нь бусад оронтой харьцуулахад өндөр байдаг нь ч нөлөөлж байна.

ӨНГӨРСӨН ОНД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАЖ 700 МЯНГАН ТОНН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛЖЭЭ

-Сэргээгдэх эрчим хүчний давуу талууд?
-Сүүлийн 10 орчим жилийн дотор бид салхины 9 төслийг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, өнөөгийн эрчим хүчний хангамжийн 11 орчим хувийг нийлүүлж байна. Энэ төслүүд нийгэм, эдийн засгийн хувьд асар их үр өгөөжтэй гэдгийг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, манай улс өнгөрсөн онд гэхэд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 11 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангасан байна. Өөрөөр хэлбэл, 2021 онд нар, салхины эрчим хүчнээс 700 гаруй сая МВт эрчим хүчийг үйлдвэрлэжээ.

Зөвхөн эдгээр 9 төслийн үр нөлөөгөөр Монгол улсад 500 сая ам.долларыг татаж, 10 мянга гаруй ажлын байрыг бий болгож, жилдээ 700 мянга орчим тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан байна. Тэгэхээр 1 мод жилд 25 кг хүлэмжийн хий шингээдэг гэж үзвэл нар, салхины төслүүд жилд 28 сая модны шингээх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байна гэсэн үг. Тэгэхээр бид нэг талаас сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, хүлэмжийн хийн ялгарал бууруулж байна. Нөгөө талаас “Тэрбум мод” хөдөлгөөний нэг хэсэг гэж үзэж ч болохоор. Бид сэргээгдэх эрчим хүчнээс жил бүр 28 сая мод тарьсантай тэнцэхүйц хүлэмжийн хийг бууруулж байна шүү дээ.

Үүнээс гадна, түүхий нүүрсний хэмнэлт, эрчим хүчний үйлдвэрлэлд зарцуулах цэвэр усыг хэмнэх гээд ач холбогдол тоочвол их. Харин Монголд энэ бүгдэд огт ач холбогдол өгдөггүйгээрээ бусад орноос ялгарах байх.

Эцэст нь хэлэхэд хэрвээ төр засаг эрчим хүчний салбарын үнэ тарифыг хүчээр барьж, үнэгүйдүүлэхгүй бол 10 жилийн дараа гэхэд бид нүүрснээс ч хямд цахилгааныг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэх боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдлуудын тойм
ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдлуудын тойм
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.