/2022.05.19/ УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Энэ хуулийн төслийг дэмжмээргүй байна. Сангийн яамнаас нэг зүйл хүсмээр байна. 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэгдээд, өргөн баригдах байх. Гэхдээ ирэх жил ядаж төсвийн алдагдалгүй төсөв оруулж ирээч. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд түүхэндээ ганц ч удаа алдагдалгүй төсөв баталж байгаагүй юм билээ. Жил бүрийн алдагдлаа зээлээр төлж ирсэн. Аймаг, сум, дүүргийн жалга довны үзлээсээ татгалзаад, нэг удаа үргүй зардлуудаа тэвчиж, ард түмэндээ үнэнээ хэлэх хэрэгтэй. Улс орноо бодох хэрэгтэй байна. Тиймээс нэг удаа төсвийн зардлаа танаж, эдийн засгийн хямралтай үед хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг барихгүй тэвчиж, үүнийг улс орны эрх ашгийн төлөө хийж байгаа гэдгээ ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй.
Солонгосын ард иргэд зүүж байсан ээмэг, бөгжөө хүртэл хандивлаж эдийн засгийн хямралаас гарч байсан юм байна лээ. Манайх алт, зэс, нүүрстэй байгаа тулдаа хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд яваад байна. Гэхдээ энэ чинь хэзээ нэг өдөр дуусна.
Нэг удаа үнэнтэй нүүр тулж, ард түмнээсээ уучлал гуйгаад нэг, хоёр жил хэрэггүй зардлаа тэвчиж болдоггүй юм уу. Ашигтай төсөв оруулж ирээч ээ. Мөнгө байхгүй биш, байгаа. Үүнийг ашигтай зарцуулахыг ард түмэн хүсээд байна. Түүнээс биш биднээс цэцэрлэг, сургууль юм уу хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, байрны дээвэр нэхээгүй шүү. Тиймээс энэ жилийн төсвийг би дэмжмээргүй байна. Ирэх жил ашигтай, алдагдалгүй төсөв оруулж ирэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.