/2022.05.19/: Талибаны өндөр албан тушаалтан охидыг ахлах сургуульд эргүүлэн оруулах тухай тус бүлэглэлийн биелүүлээгүй амлалтаа дахин ярьж "удалгүй сайн мэдээ ирнэ" гэлээ.
Хэдийгээр тэгж хэлсэн боловч эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж байгааг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийг гэртээ үлдэхийг санал болгов.
Афганистаны Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос хойш Талибан хөдөлгөөний орлогч дарга хийж байгаа Сиражуддин Хаккани Кабул хотод CNN-ийн сурвалжлагчтай нүүр царайгаа ил гаргаж ярсан анхны бөгөөд тун онцгой ярилцлагын үеэр ийм тайлбар хийжээ.
Талибуудын эрхшээлд байх үедээ айдастай, эрх чөлөөгүй амьдарч буй олон мянган эмэгтэйчүүдийн талаар асуухад Хаккани инээж "Бид дэггүй эмэгтэйчүүдийг гэртээ байлгадаг" гэв.
Сэтгүүлч Аманпураас энэхүү тайлбараа тодруулахыг шаардсаны дараа тэрээр "Дэггүй эмэгтэйчүүд гэж хэлсэн нь одоогийн засгийн газарт итгэх итгэлийг бууруулж, бусдад муугаар харуулахын тулд гадны болон дотоод дайснуудын талд ажилладаг эмэгтэйчүүдийг төлөөлүүлж хэлсэн наргиа байсан юм" гэжээ.
Хаккани мөн Исламын хууль болон "үндэсний соёл, уламжлал, дагаж ирсэн зарчмууд"-ыг Талибанчууд баримталж эмэгтэйчүүдийн зарим нэг эрх ашгийг хөндөхөөс өөр аргагүй байдаг гэлээ.
"Ямар нэгэн уламжлал болон дээр дурьдсан бүхнийг зөрчилгүй өөрийнхөө хүрээнд ажиллахыг бид зөвшөөрдөг" гэж Аманпурт мөн хэлсэн юм.
Тэрээр анх удаа нүүрээ ил гарган ярилцлага өгч байгаа бөгөөд энэ нь түүний хувьд маш том эрсдэлтэй алхам юм. Учир нь Талибын өндөр албан тушаалтныг Холбооны мөрдөх товчоо эрэн сурвалжилж байгаа бөгөөд АНУ-ын Төрийн департаментаас "Дэлхийн тусгайлан тогтоосон террорист" гэж ангилжээ. Түүний толгой 10 сая долларын шагналтай ажээ.
Эх сурвалж: CNN