Хятад дуунаас хурдан зэвсгээ хиймэл оюун ухаан ашиглан бүтээж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад дуунаас хурдан зэвсгээ хиймэл оюун ухаан ашиглан бүтээж байна

/2022.05.12/:

БНХАУ-ын эрдэмтэд бие даан дуунаас хурдан зэвсэг хөгжүүлэх чадвартай хиймэл оюун ухааны систем бүтээж байгаагаа энэ оны гуравдугаар сард мэдэгдсэн.

Хэрэв энэ мэдээлэл нь баталгаажвал тус улс энэ төрлийн пуужингийн хөгжүүлэлтээр АНУ-ыг ардаа орхиж байгаа явдал болох юм.

Сычуань мужид судалгаа хийдэг эрдэмтдийн багийн бүтээсэн хиймэл оюун ухааны систем нь дуунаас хурдан агаарын урсгалын хонгилд хийсэн туршилтын явцад үүссэн агаарын эсэргүүцлийн долгион бүрийг тодорхойлох чадамжтай. Ингэснээр хүний оролцоогүйгээр дуунаас хурдан пуужингийн хөдөлгүүр бүтээх, цаашилбал энэ төрлийн онгоцны хөдөлгүүр бүтээхэд хангалттай мэдлэгийг хуримтлуулж чадсан ажээ.

Дуунаас хурдан агаарын урсгал бүхий хонгилд туршилт явуулах үеэр нэг секундэд л хэдэн мянган ширхэг зураг авч, дараа нь зураг бүрийг пиксель пикселиэр нь задлан шинжилж, онолын таамаглал болоод инженерийн тооцооны асуудлуудыг харьцуулан судалдаг байна. Тиймээс энэ чиглэлийн туршилт нь маш их хүч хөдөлмөр шаардсан, өндөр зардалтай, цаг хугацаа их ордог гэдгээрээ онцлог юм.

Сычуань мужийн Мяньянг хотод байрлах БНХАУ-ын Аэродинамикийн Судалгаа Хөгжүүлэлтийн төвийн профессор Льө Жиалингийн удирдлага доор ажилладаг судалгааны багийнхан Journal of Propulsion Technology сэтгүүлд гуравдугаар сарын 16-нд судалгааны өгүүллээ хэвлүүлжээ.

Хятадын эрдэмтдийн хөгжүүлсэн гэгдэж байгаа AI(Artificial intelligence) систем нь “unsupervised segmentation”буюу цуглуулсан зурган өгөгдөлд хүний оролцоогүйгээр өөрөө дүн шинжилгээ хийж, туршилтын үр дүнгүүдээс шинээр өөрөө мэдээлэл олж авч, тасралтгүй суралцан, улмаар агаарын эсэргүүцлийн долгионыг бие даан тодорхойлох чадвартай болсон ажээ.

ДУУНЫ ХУРДНААС 8 ДАХИН ХУРДТАЙ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗЭВСГҮҮД
БҮТЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО

Энэхүү AI системийн тодорхойлсон агаарын эсэргүүцлийн долгионыг дан судлаачдаас бүрдсэн багийн судалгаатай харьцуулахад үр дүн нь 85 хувьтай тохирч байгаа гэнэ. Мөн энэ төрлийн судалгаанд ашигладаг программ хангамжаас даруй 4 дахин өндөр нарийвчлалтай тодорхойлж байгаа нь яах аргагүй онцлог юм.

Мөн уламжлалт программ хангамжууд нь их хэмжээний зураг дүрслэлд шинжилгээ хийхийн тулд хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай компьютерийн график карт ашигладаг бол хиймэл оюун ухааны энэ систем нь 3 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн, хямд график карттай байсан ч дээрх байдлаар нарийн тооцоолол хийх чадвартай ажээ.

Дээрх дэвшлүүдийг өөртөө агуулсан хиймэл оюун ухааны систем нь агаарын урсгалыг хамгийн үр ашигтай ашиглах тооцооллыг хийж чадсанаараа Mach 8 буюу дууны хурднаас 8 дахин өндөр хурдтай сүүлийн үеийн зэвсэг бүтээх боломжийг бий болгоно. Ташрамд дурдахад, одоогоор бүтээгдээд байгаа hypersonic пуужингууд нь Mach 5 хурдаар л нисэх боломжтой байгаа билээ.

Хятад улс нь хиймэл оюун ухаан ашиглан, дуунаас хурдан пуужингийнхаа тусгалын нарийвчлалыг мөн сайжруулж авчээ. Өнгөрсөн жил тус улсын судлаачид нислэгийн явц дунд хиймэл оюун ухаан ашиглан, дуунаас хурдан пуужинг чиглүүлэх технологийг танилцуулж байв. Одоогийн хэрэглэж буй уламжлалт технологийн дагуу бол пуужингийн чиглүүлгийн системийг үйлдвэрээс гарахад нь л тохируулж байгаа юм. Тиймээс пуужинг тээвэрлэх, багцлах, хадгалах явцад ямар нэгэн санаандгүй доргилт гэмтэл учруулснаар түүний мэдрэгчийн чадварууд өөрчлөгдөх, гажиг үүсэх зэрэг таамаглаагүй алдаа үүсэх боломж байсаар байна.

Харин нислэгийн явц дунд чиглэлийг тохируулах ажилд AI ашиглах нь дээрх асуудлыг шийдэж, тусгалын нарийвчлалыг 10 дахин сайжруулж, дуунаас хурдан пуужин байнаасаа 10 метрээс илүү зөрөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгч байна.

Үүгээр ч зогсохгүй, Хятад улс дуунаас хурдан пуужингийн хөдөлгүүрийн удирдлага, харилцаа холбоо гэх зэрэг бусад эд ангийн дизайн дээр ч AI ашиглаж, railgun буюу хамгийн сүүлийн үеийн цахилгаан соронзон их буу зхоион бүтээхдээ ч хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа юм.

УСАН ОНГОЦОН ДЭЭР ЦАХИЛГААН СОРОНЗОН ТИЙРЭЛТЭТ ИХ БУУ СУУРИЛУУЛСАН
АНХНЫ УЛС ХЯТАД БОЛНО

Саяхан Хятад улс AI-н тусламжтайгаар ухаалаг railgun бууны сум зохион бүтээх, турших байгууламж ашиглалтанд оруулсан. Судалгааны ажлын үр дүнд сум нь хэт өндөр даралт болон цахилгаан соронзон орны хүчтэй таталцлыг давах чадвартай, тусгалын хүрээн дэх ашигтай ажиллагааны түвшин өндөр болох учиртай ажээ. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Хятад улс усан онгоцон дээр цахилгаан соронзон тийрэлтэт их буу суурилуулах боломжтой болно. Ингэснээр энэ төрлийн зэвсгийг эзэмшигч анхны улс болох юм.

Хиймэл оюун ухааныг ашиглан хөгжлийг нь түргэтгэж байгаа батлан хамгаалах чиглэлийн дараагийн салбар бол 5-р үеийн сөнөөгч онгоцны хөдөлгүүр, лазер энергийн зэвсэг болон богино долгионы зэвсэглэлийн салбарууд юм.

Хиймэл оюун ухааны системүүд эдгээр зэвсэглэлийг виртуаль орчинд зохион бүтээж, туршилтын симуляци явуулах зэргээр бодит үйлдвэрлэлд нэвтрүүлэхээс өмнөх бүх л туршилтын үе шатуудыг явуулах боломжтой гэжээ. Энэ нь тус улс дараагийн үеийн зэвсэглэлүүдээ бүтээх цаг болон зардлаа хэмнэж, үйлдвэрлэлд түргэн шилжүүлэх боломжтой болно гэсэн үг.

Мөн сүүлийн үед зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар 2035 он гэхэд Хятад улс дэлхийн аль ч өнцөг булан руу зорчигчдыг 1-2 цагийн дотор тээвэрлэн хүргэх чадалтай дуунаас хурдан онгоц үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ерөнхийдөө, Хятад улс хиймэл оюун ухааны технологийг олон улсын тавцан дахь өрсөлдөөний гол хэрэгсэл гэж үзэж байгаа нь илэрхий болж байгаа ба хөгжингүй орнууд энэ технологийг эрчимтэй хөгжүүлснээр улс үндэстний хувьд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, үндэсний ауюлгүй байдлаа сахин хамгаалахад чухал стратегийн ач холбогдолтой салбар гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.

Мөн үүний зэрэгцээ Хятад улс сүүлийн үед гадаадын шинэ технологи импортлон ашиглахаас аль болох зайлсхийж, өөрсдийн дэвшилтэт орчин үеийн технологийг гадны оролцоогүйгээр хурдтай хөгжүүлж байгаагийн нэг нь яах аргагүй хиймэл оюун ухааны салбар болжээ.

Хэдийгээр Хятад улс өөрөө хиймэл оюун ухааныг батлан хамгаалахын технологид өргөнөөр ашиглаж байгаа ч тус улсын албаны хүмүүс AI цэрэг дайны чиглэлээр хөгжүүлэх нь дайн тулаан гарах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж мэдэгдсэн нь сонирхол татсан асуудал юм. Тэдний үзэж байгаагаар AI нь хэрхэн программчлагдсанаасаа хамаараад, энгийн иргэдийн хохирол, болон бусад дагавар нөхцөл байдлуудыг шийдвэр гаргахдаа тооцож үзэхгүй байх эрсдэлтэй гэжээ.

БНХАУ нь одоогийн байдлаар олон нийтийн хяналт, тандалтын чиглэлээр хиймэл оюун ухааныг хамгийн эрчимтэй хөгжүүлж, мөн экспортолж байгаа бөгөөд автомат жолоодлоготой байлдааны техникийн технологийг ч экспортолж эхлээд байна. Тус улс энэ эрчээрээ үндэсний батлан хамгаалахын бүх л салбартаа хиймэл оюун ухааны технологи нэвтрүүлэх нь дамжиггүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: asiatimes.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг, байршил
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.