Сүүлийн үед БЗДХ болох тэмбүү өвчний тохиолдол нэмэгдэж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж, сэрэмжлүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн их эмч, НЭМ-ийн магистр С.Отгонсүхтэй ярилцлаа.
-Манайд БЗДХ дотроос тэмбүү хэдэн хувийг эзэлж байгаа вэ?
-2013-2020 онд бэлгийн замаар дамжих халдварын 38,2-46 хувийг тэмбүү өвчний тохиолдол эзэлж байна гэсэн тооцоо гарсан. Энэ бол маш сэтгэл эмзэглүүлсэн тоо юм.
Тэмбүү нь ихэвчлэн бэлгийн идэвхтэй амьдралтай залуучуудын дунд илэрч байгаа ч сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд болон ахмад настай хүмүүсээс илрэх тохиолдол бүртгэгдэж байгаа. Тухайлбал, настай хүмүүс тэмбүүгийн халдварт өртөөд далд хэлбэртэй, шинж тэмдэггүй удаан явсан тохиолдол гардаг.
-Тэмбүүг эмчлүүлэхгүй удаан явах нь ямар хор уршигтай вэ?
-Энэ халдварын хүндрэл нь халдварын нян цусанд нэвтрэн орж, эмчлэхгүй тохиолдолд олон арван жил цусанд байсаар бүх эрхтэн системийг гэмтээдэг. Удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд мэдрэлийн тэмбүү хүртэл үүснэ.
Тухайлбал,толгой өвдөх, эргэх, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, чих шуугих, гэрэлд цочрох, нойргүйдэх, хий юм үзэгдэх зовууртай. Өвчний ид үедээ дүлийрэх, уналт, таталт өгөх, цус харвалт, саа саажилт илэрнэ. Цаашилбал, ой санамж алдагдах, оюун ухаан муудах, хараа муудаж сохрох, нугасны хатингаршил зэрэгт хүргэдэг аюултай. Мөн дээр хэлсэнчлэн бүх эрхтэн системд өөрчлөлт оруулж дотор эрхтний (уушги, зүрх судас, бөөрний), тулгуур эрхтний, төрөлхийн тэмбүүг үүсгэдэг.
Зарим хүмүүс бөөр, зүрх өвдлөө гээд эмнэлэгт үзүүлээд яваад байдаг. Гэтэл эдгээр өвчний шалтгаан нь тэмбүү байх магадлалтай.
Ерөнхийдөө үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт, дутуу төрөх, зулбах зэргийн шалтгаан нь ихэнхдээ БЗДХ байдаг. Хүмүүс бэлгийн замын халдварт өвчний хорт уршгийг мэддэггүй, судалдаггүй.
-Энэ өвчин эхээс урагт дамжих тохиолдол байдаг гэж та хэллээ. Сүүлийн жилүүдэд ийм тохиолдол хэр их бүртгэгдсэн бэ?
-2020 оны тоон мэдээг авч үзвэл тэмбүү өвчин эхээс урагт дамжсан 37 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 20 нь нийслэлд, бусад нь хөдөө орон нутагт байна.
-Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь ямар эрсдэлийг бий болгодог вэ?
-Тэмбүүгийн халдвартай ургийн тавилан янз бүр. Тухайлбал, огт эмчлүүлээгүй, дутуу эмчлүүлсэн эхээс 25 хувьд ураг эхийн хэвлийд эндэх, 25-30 хувьд төрсний дараа нас барах, 40 хувьд төрөлхийн тэмбүүгийн шинж тэмдэг илэрнэ.
Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрнө гэдэг нь тухайн эх жирэмсний хяналтдаа хамрагдаагүй эсвэл хяналтад хамрагдсаныхаа дараа халдвар авснаас үүдэлтэй. Тиймээс ээжүүд маань хяналтдаа сайн хамрагдаж халдвараас урьдчилан сэргийлдэг байх нь чухал гэдгийг хэлмээр байна.
Нөгөө талаар тэмбүүтэй хүүхэд төрүүлнэ гэдэг зөвхөн тухайн эхийн буруу гэсэн үг биш юм. Тархвар судлалын ихэнх тохиолдолд жирэмсэн эхэд нөхөр юм уу хамтран амьдрагч нь халдвар дамжуулсан байдаг. Үүнээс харахад хосууд бие биедээ үнэнч байх асуудал нэлээд дутмаг байна гэж хэлж болохоор байна.
-Халдвар авсан гэдгээ мэдэхгүй олон жил болсон, хүндэрсэн тохиолдолтой та таарч байсан уу? Сургамж болохоор жишээ дурдаж болох уу?
-10,20 жил тэмбүүтэй гэдгээ мэдэхгүй хүндэрсэн нэг тохиолдол дээхэн үед сонсож юм. Албаны ахмад эмч нарын практикт тохиолдсон байсан. Тухайн иргэн хөдөө орон нутагт, алслагдсан сумын эмнэлэгт ажилладаг хүн байсан. Халдвартай гэдгээ мэдээгүй шалтгаан нь эрүүл мэндийн дэвтрээ “арын хаалгаар” бөглүүлчихдэг байсан юм байна. Тиймээс үзлэг шинжилгээнд орохгүй яваад байдаг байсан. Ерөнхийдөө манай иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг хүн цөөхөн байдаг шүү дээ. Тиймээс хэзээ хойно нь тохиолдлоор шинжилгээ өгч БЗДХ-тэй гэдгээ мэдэх тохиолдол багагүй байдаг.
-Тэмбүүгийн шинжилгээг хэрхэн хийдэг вэ?
-Тэмбүүг заавал тэмбүүгийн халдвар илрүүлэх цусны шинжилгээ өгч байж л тодорхойлох боломжтой. Тухайн хүнээс цус авч түргэвчилсэн оношлуур болон лабораторийн нарийвчилсан шинжилгээгээр оношилдог.
-Эмчилгээний тухайд ямар байдаг вэ? Хэр удаан хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай вэ?
-Тэмбүүгийн халдварыг заавал хостой нь болон хамтрагч нартай нь хамт эмчилдэг. Тэгэхгүй бол эмчилгээ ямар ч үр дүнд хүрэхгүй. Тухайн хүнийг эмчилсэн ч нөхөр, эхнэр, хос нь эмчлүүлээгүй байж байгаад эргээд бэлгийн харьцаанд орвол дахиад л халдвар авна. Зарим өвчнөөр өвчилсний дараа хүнд дархлаа тогтдог бол тэмбүүгийн хувьд дархлаа тогтоно гэсэн ойлголт байхгүй. Хэдэн ч удаа халдварт өртөж болно.
Хугацааны хувьд тэмбүү өвчний үе шатаас шалтгаалж 7-21 хоногийн хугацаанд эмчилгээ хийдэг. Тэмбүү бол 100 хувь эдгэрэх боломжтой өвчин юм. Мөн энэ өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг ойлгох нь чухал.
-Таны зүгээс иргэдэд хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Эцэг эх, багш нар болон залуустаа хандаж хэдэн зүйлийг хэлмээр байна.
Нэгдүгээрт, эцэг эхчүүд маань үр хүүхдэдээ багаас нь бэлгийн боловсрол олгодог байх нь чухал байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн хичээл ордог багш, сурган хүмүүжүүлэгчид өсвөр насны хүүхэд, залуучуудад бэлгийн боловсролын хичээлийг хөтөлбөрийн дагуу орж, үүнд хяналт тавьдаг байх хэрэгтэй. Гуравдугаарт, өсвөр насны хүүхдүүд маань энэ талаар судалж, мэдэж, бэлгийн замын өвчин гэж яг юу байдаг, хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалж болох талаар мэдлэг, мэдээлэлтэй байгаарай. Энэ өвчин нь хүнээс хүнд дамждаг учраас хамгаалж болдог тул өөрийгөө болон хайртай хүнээ БЗДХ-өөс хамгаалах аргад суралцах нь чухал.
Ингэхийн тулд бэлгийн хавьтлын бүх хэлбэрт бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй. Сүүлийн үед залуучууд үтрээ, шулуун гэдэс, амаар бэлгийн харьцаанд ордог болчихсон. Энэ болгонд бэлгэвч хэрэглэхгүй бол амаар хүртэл халдвар авах боломжтой байдаг.
Нэмж хэлэхэд хэрэв та хамгаалалтгүйгээр эрсдэлтэй бэлгийн хавьталд орсон гэж үзвэл заавал БЗДХ илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагддаг байгаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.