/2022.05.05/: Эрүүл мэндийн мэргэжилтнүүд Европын орнуудад гараад буй элэгний нууцлаг өвчнийг Ковид-19-тэй холбоотой байж болзошгүй хэмээн судалж байна.
Энэхүү өвчний анхны тохиолдол Японд бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар 170 гаруй хүүхэд энэхүү өвчнөөр өвчлөөд байна. Тэдгээрийн дийлэнх нь Их Британид бүртгэгджээ.
Японы Эрүүл мэндийн яам мягмар гарагт хүүхэд бага насны цочмог гепатит буюу элэгний үрэвслээр эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлсэн бөгөөд энэ нь Азид бүртгэгдсэн анхны тохиолдол гэж тооцогдлоо.
Дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар, дэлхийн 11 улсад энэ өвчний 169 тохиолдол бүртгэгдсэн гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Тэдний дийлэнх нь Их Британи (114), дараа нь Испани (13), Израиль (12), АНУ (9) улсуудад байна. Япон улс нэмэгдсэн нь тохиолдлыг илрүүлсэн 12 дахь улс болж байна.
Халдвар авсан хүмүүсээс нэг хүүхэд нас барж, 17 хүүхэд нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ.
ДЭМБ "Шалтгааныг олж тогтоохоос өмнө илүү олон тохиолдол илрэх магадлалтай байна" гэж мэдэгдэв.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд Ковидтой холбоотой эсэхийг судалж байна:
Одоогоор таваас доош насны хүүхдүүд энэ өвчнөөр хамгийн их өртөж байгаа ч нэг сараас 16 хүртэлх насны хүүхдүүд мөн өвчилж байна.
Энэхүү өвчнөөр өвдсөн хүмүүст ходоод гэдэсний үрэвсэл, суулгалт, дотор муухайрах зэрэг нийтлэг шинж тэмдгүүд болон арьс, нүд шарлах зэрэг шинж тэмдгүүдтэй хослон илэрч байна.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд 2022 оны нэгдүгээр сард тус өвчнийг Их Британид анх олж бүртгэсэн бөгөөд дэгдэлтийн магадлал, шалтгааныг коронавирустай холбоотой эсэхийг судалж байна.
Эсвэл гепатитын удамшлын бүтцэд мутацид орсон байж болох бөгөөд энэ нь элэгний үрэвслийг илүү хялбар өдөөхөд хүргэдэг байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү нууцлаг өвчин нь Ковид-19 вакцинтай ямар нэгэн холбоогүй байна.
Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр F41 хэмээх аденовирүсийн омгоос үүссэн байх магадлал хамгийн өндөр байгаа аж.
“Бидний судалгаанаас олж авсан мэдээллээс харахад хүүхдийн гэнэтийн гепатитын өсөлт нь аденовирүсийн халдвартай холбоотой болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч бид бусад боломжит шалтгааныг сайтар судалж байна" гэж UKHSA-ийн эмнэлзүйн болон шинээр гарч ирж буй халдварын асуудал хариуцсан захирал Мира Чанд хэлэв.
Их Британид батлагдсан 53 тохиолдлын 40-д нь Аденовирус илэрсэн буюу энэхүү вирус нь хамгийн түгээмэл эмгэг төрөгч байсан байна.
Харин Японд гарсан шинэ тохиолдол нь аденовирүс болон коронавирусын шинжилгээгээр сөрөг гарчээ.
Ямар шинж тэмдэг илрэх болон бид хэрхэн сэргийлэх вэ?
Ихэвчлэн хүүхдүүд бага наснаасаа аденовирус болон бусад түгээмэл өвчинд өртөж, дархлаатай болдог.
Халуурах, хоолой өвдөх зэрэг ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэг аденовирусууд нь ерөнхийдөө хөнгөн байдаг. Гэсэн хэдий ч зарим омгууд нь элэгний тропизм буюу элэгний эдийг илүү өвчлүүлдэг бөгөөд энэ нь элэгний гэмтэл зэрэг илүү ноцтой үр дагаварт хүргэдэг байна.
Сүүлийн үеийн дэгдэлт хэр ноцтой болох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь ирэх саруудад хэр тархахаас ихээхэн шалтгаална гэж Кейс Вестерн Нөөцийн Анагаах Ухааны Сургуулийн хүүхдийн эмчийн туслах профессор, доктор Эми Эдвардс хэлэв.
Эх сурвалж: CNBC