Р.Лхагвабаяр: Эрдэнэт үйлдвэр цагаан тоосны асуудлыг нууцалж, 12 мянган иргэний эрүүл мэндийг хохироож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Р.Лхагвабаяр: Эрдэнэт үйлдвэр цагаан тоосны асуудлыг нууцалж, 12 мянган иргэний эрүүл мэндийг хохироож байна

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын цагаан тоосны асуудлаар “Цагаан шорооны хор хөнөөлөөс ирээдүйгээ аврах хөдөлгөөн” ТББ-ын хуулийн зөвлөх, "Богд" хууль зүйн судалгааны хүрээлэнгийн судлаач Р.Лхагвабаяртай ярилцлаа.

-Стратегийн өмгөөллийн “Эрдэнэтийн цагаан тоос” төслийнхөө талаар товч танилцуулахгүй юу? Мөн үйл ажиллагааны чинь гол зорилго юу вэ?

-Стратегийн өмгөөллийн “Эрдэнэтийн цагаан тоос” төсөл маань 2019 онд албан ёсоор эхэлсэн. Төслийн товч танилцуулга үндэслэлийн талаар дурдахад Эрдэнэт үйлдвэр бол 1973 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 100 хувь төрийн өмчийн байгууллага. Мөн улсын төсвийн 30 хувийг бүрдүүлэгч маш том бүтээн байгуулалтын нэг. Гэхдээ яг бодит байдал дээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хог хаягдал маш олон иргэний эрүүл мэндийг хохироож байна. Уг үйлдвэр хогоо хаядаг тогтсон нэг газартай. Энэ нь 50,60 жил хуримтлагдаад одоо маш их болчихсон. Үүнээс болж ойр орчмын нутаг дэвсгэрт химийн найрлагатай цагаан өнгийн тоос хийсдэг. Нутгийн иргэд энэ асуудлыг анхнаас нь эсэргүүцсээр ирсэн. Гэсэн хэдий ч байнга дуу хоолойгоо хүргэх боломж, бололцоо хомс учир дорвитой үр дүнд хүрч чадаагүй.

Мөн хамгийн гол зүйл нь асуудлаа нийтлэг журмаар хүргэж, хуулийн хүрээнд тэмцэж чадаагүй байсан юм билээ. Үүнийг бид олж хараад Улаанбаатар болон Орхон аймагт байдаг хуульчид нэгдэж төслөө эхлүүлсэн. Төсөл маань нээлттэй нийгмийн форумаас санхүүжилт аваад одоо гурав дахь жилдээ үргэлжилж байна.

Бидний зорилго бол маш тодорхой. Нэгдүгээрт, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ цагаан тоосны асуудлыг шийдвэрлэж байгаа ажлаа дэлгэрэнгүй танилцуулж, ямар хөрөнгө мөнгө зарцуулж буйгаа тайлагнах хэрэгтэй. Хоёрдугаарт, иргэдэд нөхөн төлбөр олгох. Гуравдугаарт, Иргэдийг эмнэлгийн үзлэг шинжилгээнд тогтмол хамруулах гэсэн үндсэн гурван чиглэлтэй. Гэвч тус үйлдвэр болон холбогдох байгууллагууд болох БОАЖЯ, ЭМЯ энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй явсаар өнөөдрийг хүрлээ.

Тиймээс бид цагаан тоосны асуудлыг шийдвэрлэх нь чухал гэж үзэн гурван жилийн өмнө Төрийн бус байгууллага байгуулаад төслөө үргэлжлүүлж байна. Нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэн хамгаалахын тулд ТББ-тай байх ёстой байдаг. Мөн байгууллага маань 3 жил тогтмол үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг тавьдаг юм.

Яг 14 хоногийн өмнө манай байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Тиймээс цаашид илүү бодитой үйл ажиллагаа явуулж, өргөн хүрээнд уулзалтууд зохион байгуулж, шүүхэд хандана гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Тухайн газар яг ямар зөрчил үүсээд байгаа вэ? Иргэдийн ямар эрх ашиг хөндөгдөж байна вэ?

-Цахим сүлжээнээс "Эрдэнэтийн цагаан тоос" гээд хайвал яг ямар асуудал үүсээд байгаа, одоогийн нөхцөл байдлыг үнэн бодитоор нь харж болно. Хамгийн аймшигтай нь энэ үйл явдал 7 хоног бүр 3-4 өдөр тогтмол үргэлжилдэг.

Гэтэл Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, мэдээлэл авах эрхүүд бодитоор зөрчигдөж байна. Тимээс Үндсэн хуульд заасан эрхийн зөрчлүүдийг таслан зогсоох, цаашид сэрэмжлүүлэх, бүр боломжтой бол тухайн айл өрхөд нөхөн төлбөр гаргуулж өгөх зорилготой ажиллаж байна.

-"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн хог хаягдал өнөөдрийн байдлаар хэдэн га талбай газрыг эзэлж байна вэ?

-Дээр дурдсанчлан 1970 оноос хуримтлагдсан маш том хиймэл нуур маягийн зүйл тэнд байгаа. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ зэсийн баяжмал гаргаж авсныхаа дараа ухаж гаргасан шороогоо хоолойгоор дамжуулж, далан руу зөөдөг. Энэ үйл ажиллагаа байнга явагддаг.

Харин "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ уг сувгийг 2 цаг зогсооход 200 сая төгрөгийн алдагдалд орно гэдгийг тооцоолоод гаргаад ирсэн. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд нэлээд хүндрэлтэй байна.

Гол нь хийсээд байгаа шорооны найрлагыг шинжлүүлж, энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх, мөн байгаль орчин, мал амьтанд хэрхэн нөлөөлж буйг өнөөдрийг хүртэл тогтоогоогүй байгаа. Тогтоосон байж болох ч үйлдвэр энэ асуудлыг байгууллагын нууц гэсэн нэрийдлээр нууцалчхаад олон нийтэд мэдээлэхгүй байгаа юм.

-Тус газрын ойролцоо хэчнээн хүн амьдардаг вэ, тэнд хэдэн хүний эрх зөрчигдөж байгаа вэ?

-Анх төсөл эхэлж байхад Орхон аймгийн Жаргалант сум, Говил баг, Вокзал орчмын иргэд цагаан тоосны нөлөөлөлд автсан байсан. Тухайн үед 12 мянга орчим иргэн амьдардаг гэсэн тооцоолол гарч байсан юм. Одоо бол энэ тоо өссөн.

-Үүнээс хэд нь хүүхэд байна вэ?

-Уг нь олон нийтэд ШУ-ны үндэслэлтэй, баримт нотолгоотой мэдээллүүдийг хүргэмээр байгаа ч Орхон аймгийн эрүүл мэндийн газар манайд өгөхгүй байгаа. Холбогдох байгууллагууд нь шаардлагатай тоо баримтыг гаргаж өгөхгүй байгаа учир яг хэчнээн хүүхэд байгааг мэдээлэх боломжгүй байна. Товчхондоо цагаан тоостой холбоотой бүх мэдээлэл нууцлалтай байдаг.

-Энэ мэдээллийг яаж ил гаргаж, олон нийтэд мэдээлэх боломжтой вэ? Энэ тал дээр та нарт тулгамдаж байгаа ямар асуудал байгаа вэ?

-Манай байгууллагад ил болгох боломж, механизмууд нь байгаа. 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж иргэн байгалийн баялаг ашиглаж буй үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг мэдэх эрхтэй болсон. Мөн нийтийн мэдээллийн тухай хууль сая батлагдлаа. Эдгээр хуулийн зохицуулалтын хүрээнд дээрх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Орхон аймгийн удирдлагууд энэ мэдээллийг нууцалж байна. Үүнийг ил тод болгохыг даалгаж өгнө үү гэж шүүхэд хандаж болно.

-Танайх ЭМЯ болон БОАЖЯ-ыг шүүхэд өгсөн гэсэн. Энэ асуудлыг одоог хүртэл шийдвэрлэхгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ? Үүнд ямар нэг ашиг сонирхлын зөрчил байна уу?

-ЭМЯ-ны хувьд бидний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо хамтран ажиллаж байгаа. БОАЖЯ-ны тухайд хоёр удаагийн шүүхийн маргаан үүсгэсэн. Нэг нь манай талд шийдвэрлэгдэж тодорхой асуудлуудыг шийдээд явж байна. Гэхдээ маш удаашралтай байгаа. Харин хоёр дахь асуудалтай холбоотой шүүхийн маргаан одоо эхэлчихсэн явж байгаа.

Ашиг сонирхлын зөрчил гэхээс илүүтэй "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ бол 6 мянган ажилтантай өөрөө маш том үйлдвэр. Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд маш том механизм, хөшүүрэг хэрэгтэй.

"Манай байр, хашааны газар" гээд шүүхэд ханддагтай ижилхэн биш. Үүнийг шийдэхэд олон мянган хүний ажлын байр, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх яригдаж байгаа учир хугацаа их орж байна. Төрийн байгууллагууд энэ асуудлыг огт шийдвэрлэхгүй байна гэсэн үг биш. Ажиллаж байгаа. Гэхдээ маш удаашралтай байна. Тиймээс үүнийг идэвхжүүлж, ажлыг нь тухай бүрт нь хийлгэх хэрэгтэй байгаа юм.

-Энэ асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн зүгээс тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа зүйл байна уу?

-Мэдээж гол оролцогч нь яах аргагүй иргэд. Иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдэж, энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж шахаж шаардаж чадвал уг хэрэг маш хурдан шийдвэрлэгдэх боломжтой. Гэсэн хэдий ч нуулгүй хэлхэд иргэд өнөөдрийг хүртэл төдийлөн тууштай, сайн тэмцэж чадахгүй байгаа. Манай ТББ хэдий мянга орчим гишүүнтэй боловч идэвхтэй оролцдог нь 100 орчим хүн л байна. Бүр сайн яривал өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог 10 хүн л байна. Тиймээс иргэдийг идэвхжүүлэх тал дээр маш сайн анхаарах шаардлагатай байгаа юм.

Иргэд маань өөрсдөө нийтийн эрх ашиг, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар суурь ойлголт байхгүй, амьдарч буй орчноо хамгаалж чадна гэдгээ мэдэхгүй байгаа учраас идэвхтэй оролцохгүй байна. Тиймээс энэ талын мэдээллийг сайн өгчихвөл тэднийг татан оролцуулах боломжтой гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.

БНСУ-ын иргэд манай улсад 90 хоног визгүй зорчино
БНСУ-ын иргэд манай улсад 90 хоног визгүй зорчино
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.