/2022.5.4/ МИК болон арилжааны банкны удирдлагуудыг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төлөөллүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
Голомт банкны Гүйцэтгэх захирал Д.Бадрал: Орон сууцны үнэ өссөн нь зээлийн
хүсэлтэд өөрчлөлт бий болгосон
-Манай банк 483 тэрбум төгрөгийн 6 хувийн зээл гаргасан. Үүнээс 230-ийн 130 тэрбумыг нь Монголбанкны эх үүсвэрээр, манай банкны эх үүсвэрээр 100 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 100 сая төгрөг хүртэлх зээл хүсэж байгаа хүсэлт бусад хүсэлтээс 3 дахин их байдаг. Харин 100-аас дээш 160 сая төгрөг буюу банкны өөрийн эх үүсвэрийн зээлийн хүсэлт 7 дахин их. 100 сая төгрөгийн зээл хүссэн хүн бол 150 орчим сая төгрөгийн байр авна, 160 сая төгрөгийн зээл авсан хүн 200+ сая төгрөгийн үнэтэй байр авах болчихоод байгаа юм. Эндээс орон сууцны үнэ өсчихөөд байгаатай холбоотой холбож ойлгож болно. 80м/кв байр 2 сая төгрөгөөс дээш үнэтэй болчихсон.
Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч:
-Өнгөрөгч 2021 онд манай банк 315 тэрбум төгрөгийн зээлийг 3679 харилцагчид олгосон. Энэ нь системийн 19,1 хувийг эзэлж байна. Зээл олголт хэвийн байна. Он гарснаас хойш гурван сарын 30-ны байдлаар 22 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Өнөөдрийн байдлаар манай банканд МИК-д борлуулаагүй 380 тэрбум төгрөгийн багц байна. Энэ зээлийн 40 хувийг нь банк өөрийн эх үүсвэрээс гаргасан гэж үзвэл 152 тэрбум төгрөгийг банк гаргажээ.
Капитрон банкны Гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар:
-Монголбанкны эх үүсвэрийг хэвийн олгоод явж байна. Он гарснаас хойшх гурван сарын хугацаанд 8,5 тэрбум төгрөгийн зээл олгосон. Эх үүсвэр нь 40% нь банк өөрийн эх үүсвэрээс, 60% нь Монголбанкны эх үүсвэрээс. Банкуудын хувьд 6 хувийн зээл нь судалгаа хийхэд харьцангуй бага хугацаа шаарддаг зээл. Гол асуудал нь эх үүсвэр хүртээмж багатай байгаад л иргэд гомдоллодог байх. ургаан хувийн зээлийн төлөлтийг хоёр жил хойшлуулсан. Үүнийг энгийнээр үзвэл сард нэг сая төгрөгийн зээл олгодог 100 хүн байлаа гэж бодоход цуглах 100 сая төгрөгөөр нэг хүний зургаан хувийн зээлийн эх үүсвэр бүрддэг. Тиймээс зээлийн эргэн төлөлт хойшилсноос эх үүсвэрийн хэмжээ багассан гэж ойлгож байна.
Хаан банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар: Зээлийн эх үүсвэрээс дутагдсанаас зээлийн хүсэлтийн дараалал нэмэгдсэн
-Хаан банк 2021 онд хамгийн их ипотекийн зээл олгосон. Монголбанкнаас 116,8 тэрбум төгрөгийг, өөрсдийн эх үүсвэрээс 76,1 тэрбумыг гаргаж нийт 192,9 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ үед эх үүсвэр сайн байсан тул оочер дараалал буурч эхэлсэн. Хоёр сар судлаад олгох хэмжээний хугацаа л болж эхэлсэн. Харин он гараад зээлийн эх үүсвэр буурч, Монголбанк 20 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргасан. Бид 13,4 тэрбум төгрөгийг нэмж нийт 33,4 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Одоогоор дараалал нэмэгдэж, найман сарын хугацаанд судалж байж олгох хэмжээнд очсон.
Богд банкны Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол:
-Манай банк ипотекийн зээлийг банкуудтай адил олгож байна. Өнгөрсөн жил бид 157 гаруй зээлдэгчийн 10,7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Одоо 168 зээлдэгчийн 10,9 тэрбум төгрөгийн зээлийн багцыг МИК-т худалдан борлуулахаар бэлтгээд байна. Мөн адил өөрийн эх үүсвэр нь 40 хувь байна. Зээл олголт хэвийн байна. Улаанбаатарт болон орон нутагт зээл олголт адил явж байна.
Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр:
-Өнөөдрийн байдлаар 2552 зээлдэгчийн 85,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл байна. Эх үүсвэр нь 60% нь Монголбанк, 40% нь банкны өөрийн эх үүсвэр. Өнгөрсөн жил 150 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон. Зээлийн материал ирсэн тохиолдолд 20-21 хоног судлаад шаардлага хангасан тохиолдолд шийдвэрлэж байна. Монголбанкнаас олгосон эх үүсвэр дээр хязгаарлагдаж олгогдож байгаа.
Хас банкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав:
-Манай банк зах зээлийн 9 хувийг эзэлдэг. Үүнийхээ дагуу Засгийн газрын 6 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагддаг. Энэ онд бид 4,5 тэрбум төгрөгийн олголт хийгдэж байна. Монголбанк, Хас банкны эх үүсвэр нийлээд. МИК рүү шилжүүлэх 105 тэрбум төгрөгийн зээлийн багц банканд байна. МИК рүү шилжсэн 272 тэрбум төгрөг байна. Судалгааны хувьд цаг хугацаа харьцангуй бага байдаг ч эх үүсвэр хүлээгээд олголт хүлээгдэх тохиолдол байна. Хугацааны хувьд 3 сарын хүлээлттэй байна.
Барилга, Хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо:
-Барилгын салбарын бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь нь ипотекийн зээлэнд зориулж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, 80 мкв-аас доош хэмжээтэй орон сууцны барилга барьдаг. Энэ жил өнгөрсөн жилтэй харьцуулвал хамаагүй буурсан. Өнгөрсөн жил 1 их наядыг гаргасан бол энэ жил 700 тэрбумыг гаргахаар төсөвлөсөн. Энэ нь ойролцоогоор 10 мянган айлын орон сууцны асуудал юм. Гэтэл жилийн хагас болж байхад өнөөдрийн байдлаар 2 мянга орчим л зээлдэгчийн асуудлыг шийдсэн байна. Төлөвлөгөө ёсоор бол 4 мянган зээлдэгчийн асуудлыг шийдсэн байх ёстой. Удаашралтай яваад байгаа нь эх үүсвэр байхгүйтэй холбоотой. Монголбанк 700 тэрбум төгрөгийг энэ жил ипотекийн зээлд зориулж гаргасан байх ёстой. Одоогоор 200 орчим тэрбум төгрөгийг гаргах ёстойгоос 90 орчим тэрбум төгрөгийг гаргасан байна. Банкныхан цугласан байгаа тул нэг зүйлийг асууя. Та бүхэн Монголбанкны 60 хувийн эх үүсвэр дээр тулгуурлаж зээл гаргаж байна уу, эсвэл өөрсдөө гаргачхаад дараа нь Монголбанкнаас 60 хувиа авч байна уу?
Монголбанкны газрын захирал А.Энхжин: Барилгын салбарын нийт бараа бүтээгдэхүүний
60 хувь нь импортоор хангагддаг
-2021 оны хувьд Монголбанк арилжааны банкны эх үүсвэрээр нийтдээ нэг их наяд төгрөгийн ипотекийн 6 хувийн зээлийг 13 мянган харилцагчид олгосон. Зээлдэгчийн тоо, олгосон зээлийн хэмжээгээрээ 2021 он нь хамгийн өндөр үзүүлэлт. Он гарснаас хойш 30 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж байна. Үүн дээр банкууд өөрсдийн 40 хувийн эх үүсвэрээ нэмээд зээлээ олгоод явах ёстой. Он гарснаас хойш нийтдээ 170 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үүний 60 хувь нь Монголбанкны эх үүсвэр.
Энэ жил 700 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгохоор төлөвлөсөн. Энэ жилийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Бид барилгын салбар руу эх үүсвэрээ гаргах тусам энэ хэмжээгээрээ импортын хэмжээ нэмэгдэж, ханшин дээр ирэх дарамт нэмэгддэг. Барилгын салбарын нийт бараа бүтээгдэхүүний 60 орчим хувь нь импортоор хангагддаг. Тиймээс энэ дээр болгоомжтой хандах шаардлага байна.