/2021.08.10/: Монгол улсын гадаад харилцаандаа өгч буй ач холбогдлын тухай diplomat.com-д гарсан нийтлэлийг хүргэж байна.
Ердөө 5 хоногийн хугацаанд Монгол Улс БНХАУ, Япон, БНСУ болон АНУ-тай дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ хийв
Монгол Улсын дипломат үйл ажиллагаа анхаарлын төвд байна. Ердөө 5 хоногийн хугацаанд Монгол Улс БНХАУ, Япон, БНСУ болон АНУ-тай дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ хийв. Монгол Улс нь АНУ, БНХАУ хоорондын өрсөлдөөнд аль нэг талтай талцахаас зайлсхийж буй бүс нутгийн орнуудын нэг байхын зэрэгцээ талуудаас ирэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийг эрэлхийлэн ажиллаж байна.
Дипломат ажиллагааны энэхүү үе шат АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерманы 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийсэн айлчлалаар эхлэсэн. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр Хатагтай Шерман “Америк, Монголын Стратегийн түншлэлийн ач холбогдлыг онцолж, Монгол Улс дахь ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, тусгаар тогтнолыг бататгах, эдийн засгийг төрөлжүүлэх арга замын талаар ярилцав” гэжээ. Тэрбээр Монгол дахь ЛГБТ төвд, зочилсноороо хүний эрхийн асуудалд өгдөг АНУ-ын ач холбогдлыг онцлон харуулж, мөн Чойжин ламын сүм музейгээр зочилж, “шашны түүхэн, дурсгалт газрууд болон уламжлалт монгол бичгээр дамжуулан Монгол өв соёлыг хадгалан хамгаалах хүчин чармайлттай” нь танилцсан юм. Энэ нь хил залгаа Өвөр Монголд хэл, соёлыг хязгаарлаж буй асуудалд буруутгагдаад байгаа хятадын талыг хатгах гярхай үйлдэл болсон. Харин Хятадын ундууцал, бухимдлыг өдөөсөн АНУ-ын үг хэллэгийг дэмжихээс Монгол Улс болгоомжилсон нь харагдаж байна.
Гэхдээ энэ нь Улаанбаатар Вашингтонтой тогтоосон түншлэлээ тэмдэглэхдээ хэт даруухан байсан гэсэн үг биш юм. “Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш улс болох АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчийн айлчлал нь Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бататгах, хоёр улсын хооронд тогтсон харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг Монгол Улсын Гадаад харилцааны яам онцолсон байна. Гэсэн хэдий ч энэхүү харилцааны урт хугацааны тэргүүлэх чиглэл нь Монгол Улсын хувьд стратегийн бус эдийн засгийн чиглэл гэдэг нь харагдаж байна. Монголын талын хувьд уулзалтаас гарсан гол үр дүн нь “талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэдгээ илэрхийлсэн” нь юм.
Гэсэн хэдий ч эдийн засаг болон стратегийн түншлэлийн хоорондох ялгаа нь тодорхой бус байдаг. Монгол Улс, АНУ “Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хоёр дахь Компакт гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар” тохирч, энэ хүрээнд АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламж хүлээн авах юм. Балба /Непал/, Шри Ланка зэрэг хэд хэдэн улсад АНУ-аас МСК-аар дамжуулан авсан буцалтгүй тусламж нь Хятадыг өдөөн хатгах оролдлого гэх багагүй хэл ам дагуулсан. Харин Монгол Улс ямар нэгэн эргэлзээгүйгээр хоёр дахь Компакт гэрээнд гарын үсэг зурж, хэрэгжүүлэхээр болоод байна.
АНУ-ын ТНБД-ын орлогч У.Шерманыг Улаанбаатарт айлчилж байх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Япон Улсад 7 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Токиогийн Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцохтой уялдуулан ажлын айлчлал хийж байв. Тус цомхон наадмын арга хэмжээнд оролцсон цөөн хэдэн гадаадын төр засгийн тэргүүн нарын нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байв. Монголын үндэсний МОНЦАМЭ мэдээллийн агентлагаас хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд сүүлийн хоёр жилд хийж буй анхны уулзалт болж байгаа талаар мэдээлжээ. МОНЦАМЭ агентлагийн мэдээлснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай хийсэн уулзалтын үеэр "Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улстай стратегийн түншлэл, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа" нотолжээ.
Монгол Улс энд ч мөн ялгаагүй, эдийн засаг болон цар тахлын үеийн менежментийн асуудалд илүүтэйгээр анхаарлаа хандуулж буйн илрэл нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн уулзалтуудаас харж болох бөгөөд үүнд Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, Номхон далайн орнуудын түншлэл хариуцсан сайд Нишимура Ясүтоши, Японы Үндэсний халдварт өвчин судлалын хүрээлэнгийн захирал Вакита Такажи нартай хийсэн уулзалтууд багтаж байна. Уулзалтын үеэр талууд “эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дараачийн шат руу ахиулах шаардлагатай гэдэгт санал нэгдэж”, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүд, үүнд Монгол Улсын Олон улсын шинэ нисэх буудал, Улаанбаатар хот орчмын хурдны зам, Богд хааны төмөр зам болон бусад төслүүдийн талаар ярилцжээ.
Гэхдээ Япон Улс, Монгол Улсыг бодвол стратегийн асуудалд илүү анхаарал хандуулж байв. Японы “Киодо Ньюс”-ээс “Ерөнхий сайд Ё.Сүга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар уулзалтын үеэр Япон, Монгол улсууд нь чөлөөтэй, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг бий болгох чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ 1970, 1980-аад онд Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон” гэж мэдээлжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад айлчласны дараагаар БНСУ-ыг зорьсон бөгөөд тус улсын Ерөнхий сайд Ким Бү Гём, Солонгосын ЭКСИМ банкны удирдлагууд болон “дэд бүтцийн хөрөнгө оруулалтын компаниудын төлөөлөлтэй” тус тус уулзжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ким Бү Гём нар “Зүүн хойд Азийн бүс нутаг дахь энх тайван, аюулгүй байдал”-ын төлөөх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар ярилцсан нь Хойд Солонгосын асуудлаар зуучлагчийн үүргийг өөртөө хүлээгээд буй Монголын талыг дэмжиж буйн дохио юм.
Энэ хооронд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг 7 дугаар сарын 27-ны өдөр - АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шерманыг хэдхэн хоногийн өмнө угтаж яриа хэлэлцээ зохион байгуулсан хот болох БНХАУ-ын Тяньжин хотноо айлчилжээ. Б.Батцэцэг сайд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итай хийсэн уулзалтын үеэр хятадын тал “Хятад, Монголын харилцааг хөрш орнуудтай харилцах харилцааны чухал байр сууринд тавьдаг бөгөөд монголын тал БНХАУ-тай харилцах харилцааг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн үздэгийг сайшаав”.
Гадаад хэргийн сайд Ван И “Хятадын тал өөрийн чадлын хэрээр Монгол Улсын хөгжлийг түргэтгэхэд туслах бөгөөд монголын талтай уул уурхай, эрчим хүч, санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн” хэмээн амлажээ. Талууд хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлэн, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд “чухал төслүүд”-ийг Монгол Улсад эхлүүлэхэд “тэргүүлэх ач холбогдол” өгч ажиллахаар тогтсон байна. Түүнчлэн “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улсын “Талын зам” санаачилгатай харилцан уялдуулах ажлыг түргэвчлүүлэхээр тохирчээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн 6 дугаар сард БНХАУ-ын “Бүс ба Зам: Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний хуралд оролцож, Монгол Улс “Бүс ба Зам” санаачилгатай хамтран ажиллахад бэлэн байгааг дахин илэрхийлсэн.
Дахин хэлэхэд, харилцааны агуулгыг стратегийн талаас онцолсон нь Монгол Улс байсангүй. Хоёр улс “бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх, бие биенийхээ язгуур эрх ашиг сонирхол, чухалчлан анхаардаг асуудлуудыг хүндэтгэхийн төлөө байх болно” гэж Хятадын хэвлэлд онцлон тэмдэглэжээ. Хятадын өнцгөөс энэ нь хүний эрхийг зөрчих, мөн Өмнөд Хятадын тэнгис болон Тайванийн хоолойд хийж буй Хятадын үйлдлийг шүүмжилдэг АНУ тэргүүтэй бүлэг орнуудтай нэгдэхгүй гэсэн Монголын амлалттай адил юм.
Үүний зэрэгцээ, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад айлчилж, Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяртай “хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, мөн харилцан сонирхсон бусад асуудлаар ярилцсан”. Батлан хамгаалахын сайд нар “КОВИД-19 цар тахал намжмагц бүх түвшний айлчлал, солилцоо, батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалт, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн”.
Улаанбаатарт хийсэн Вэйгийн айлчлал нь Монгол Улс АНУ, Япон, Өмнөд Солонгостой хийсэн уулзалтуудын үеэр эдийн засаг, хөрөнгө оруулалт, цар тахлын үеийн менежментэд анхаарал хандуулж байгаа энэ үед онцгой анхаарал татаж байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Лойд Остин бүс нутгийн өөр хэсэгт айлчилж байх зуур Хятад сүр хүчээ харуулахыг оролдож байж магадгүй юм.
Гэхдээ үүнийг Монгол Улс ямар нэг байдлаар Хятадын талыг баримталж байгаагийн нотолгоо гэж бүү ойлгоорой. Улаанбаатар нь эдийн засгаа өсгөхийг хүсэж байгаа бөгөөд энэ нь байршлын хувьд Хятад (“Бүс ба Зам” санаачилга)-тай ойр оршдогийн давуу талыг ашиглахаас шууд хамаарна. Гэсэн хэдий ч Монгол Улс том хөршөөсөө хэт хамааралтай болохоос болгоомжилж, ардчилал, бүрэн эрхт байдлаа хамгаалахыг хүсэж байгаа. АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг “гуравдагч хөрш” орнууд руу идэвхтэй хүрч ажиллаж байгаа нь Монгол Улс бүх найдвараа хятадын талд тавих хүсэлгүй байгаагийн нотолгоо юм.
Монголын өнцгөөс харвал, цар тахлын ид үед вакцины ухаалаг худалдан авалт хийсэн шигээ олон тулгуурт гадаад бодлогоо дээд зэргээр ашиглахыг зорьж байна. Олон түншээс вакцин олж авч чадсаны ачаар хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулсан тус улс нь хөгжиж буй орнуудын дунд эерэг үзүүлэлт юм. Монгол Улс хөрш орнууд болох Хятад, Оросоос вакцин худалдаж авснаас гадна барууны АстраЗенека, Файзер вакциныг хандиваар, мөн АНУ-аас санхүүжилтийн нэмэлт дэмжлэг авсан. Монголын албан тушаалтнууд КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэхэд нь тусламж үзүүлсэн АНУ, Япон, Өмнөд Солонгос, Хятад Улсад талархал илэрхийлж чадсан нь анхаарал татаж байна.
Эх сурвалж: thediplomat.com