/2022.04.21/ НҮБ-ын Дэд суурин төлөөлөгч Аяако Яамаура Кайногоор ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна.
НҮБ-ын төлөөлөл ирсэн гол зорилго нь Ковидын эсрэг вакцины дархлаажуулалт Булган аймагт хэрхэн явагдаж, өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь ирж танилцах юм.
НҮБ болон Эрүүл мэндийн яам хамтран вакцины дархлаажуулалтыг эрчимжүүлэх нэг сарын аян зарласан билээ. Орон даяар 3-р тунгийн вакцинжуулалт хамрагдалтын байдлаар орон нутгийг эрэмбэлэхэд Булган аймаг улсдаа тэргүүлж өнөөдрийн байдлаар 67% -тай байгаа нь сайн хэрэг гэж дэд суурин төлөөлөгч Аяако Яамаура Кайно уулзалтын үеэр онцлов. Мөн НҮБ -ын хүүхдийн сангийн зүгээс ирэх таван жилийн төлөвлөгөөнд хамтран ажиллах боломж бий гэлээ.
Түүнчлэн аймгийн Засаг дарга болон нийгмийн бодлогын хэлтсийн зүгээс хүүхэд хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар урьдчилан ярилцжээ. Булган аймгийн хувьд 22,000 орчим хүүхэд багачуудтай, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 400 гаруй хүүхэд байгаа нь нийт хүн амын үзүүлэлттэй харьцуулбал өндөр тоо гэдгийг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг хэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор хамтран ажиллах саналаа нэгтгэн НҮБ-ын ирэх 5 жилийн төлөвлөгөөнд оруулахаар болсон байна.
Эх сурвалж: ЭМЯ