/2022.04.15/: Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) 2020 оны тайланг танилцууллаа.
2020 оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зөвхөн нүүрс, зэс, алтны 60 компанид тулгуурлаж тайланг боловсруулсан байна. Манай улс уг санаачлагад нэгдсэнээс хойш ийнхүү 15 дахь удаагийн тайланг бэлтгэн гаргаж байгаа бөгөөд уг тайлангийн Хараат бус хянагч-нэгтгэгчээр “Грант Торнтон аудит” ХХК томилогдож ажиллажээ. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдээс 2020 онд Засгийн газарт төлсөн материаллаг төлбөр хийгээд Засгийн газрын хүлээн авсан материаллаг орлогын урсгалыг нэгтгэх гэрээт ажлыг ОҮИТБС-ын 2020 оны стандартын дагуу 2021 оны наймдугаар сарын 6-наас 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны хооронд хийж гүйцэтгэжээ.
Уул уурхай, газрын тосны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2020 оны байдлаар 872 тусгай зөвшөөрөл эзэмшигч эцсийн өмчлөгчийн мэдээллээ ил тод болгоод байна.
Ашиг хүртэгч жинхэнэ эзний мэдээллийг ОҮИТБС-д нэгдсэн компаниуд хувь хүнээр болон аж ахуйн нэгжээр гэсэн хоёр янзаар жил бүр ил тод болгодог. Хувь хүнээр тайлагнасныг харвал 687 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цаад ашиг хүртэгч эзэн нь 916 хувь хүн байна. Эдгээр нь дэлхийн 21 улсад харьяалалтай байгаагийн 82.4% нь Монголд бүртгэлтэй компаниуд юм. Харин аж ахуйн нэгжээр тайлагнасан мэдээлэлд нийт 185 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиг хүртэгч эцсийн өмчлөгчдийн тоо 199 байна. Эдгээрийн 68.6% нь Монголд, 10 орчим хувь нь оффшорын арлын орнуудад бүртгэлтэй байна.
Монгол Улс ОҮИТБС-ын хүрээнд анх 2013 онд эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил болгож эхэлсэн түүхтэй. Тухайн үед сайн дурын үндсэн дээр ил тод болгосон анхны тайлагналаар 214 хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч шилэн болж байсан нь 2020 оны тайланд уг үзүүлэлт 3.2 дахин өсчээ. Гэвч энэ нь хангалттай үзүүлэлт биш юм.
Ашиг хүртэгч жинхэнэ эздээ ил тод болгосон компаниуд улсад төвлөрүүлсэн орлогын урсгалын ердөө 21% буюу 881.4 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, олборлох салбараас улс, орон нутгийн төсөвт дийлэнх хувийг бүрдүүлэгч компаниудын эцсийн өмчлөгчөө ил тод болгох ажил хүлээгдсэн хэвээр байна.
Монгол улс уг санаачлагын хүрээнд 2020-2022 онд бүхий л компанийн ашиг хүртэгч эздийг ил тод болгох зорилт тавьсан ч хараахан биелээгүй байна. Уг зорилтыг цаашид хэрэгжүүлэх гол суурь нөхцөл нь Эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах бие даасан хууль батлуулах явдал гэж Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ажлын алба үзэж байна. Уг нь УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг өргөн барьж хэлэлцүүлэх хүлээлт үүсээд байсан юм.
Үүний зэрэгцээ компаниуд болон төрийн байгууллагуудын ОҮИТБС-ын тайланг тушааж хэвшүүлэх, тушаасан тайлангийн үнэн зөв байдлыг хангуулах талаар жил бүрийн нэгтгэлийн тайланд зөвлөмж өгдөг боловч мэдэгдэхүйц ахиц харагдахгүй байгаа нь Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийг баталж мөрдүүлэх нь чухал болохыг харуулж байна.
2020 онд Засгийн газрын тайлагнаснаар олборлох салбараас 3.2 их наяд төгрөг хүлээн авсан байна. Тодруулбал, Монгол улсад 2020 оны эцсийн байдлаар нийт 2,642 тусгай зөвшөөрөл 2,363 компанийн эзэмшилд байна. Эдгээр 2,363 компаниас Засгийн газар 3.2 их наяд төгрөг хүлээн авсан бол нэгтгэлд хамрагдсан алт, зэс, нүүрсний 60 компаниас 2.7 их наяд төгрөгийг (2696 тэрбум төг) хүлээн авчээ. Энэ нь салбарын төсөвт оруулсан нийт орлого төвлөрүүлэлтийн 83.6%-тай тэнцжээ. Харин нэгтгэлд хамрагдаагүй компаниуд үндсэндээ 527.4 орчим тэрбум төгрөгийн орлогыг Засгийн газарт оруулсан гэсэн дүн мэдээ гарчээ.
Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 247 тэрбум төгрөг буюу 8.4%-иар буурсан гэж Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдсан. Олборлох үйлдвэрлэлийн 2020 оны нэгтгэл тайланд баталгаажуулсан олборлох салбарын орлого нь ҮСХ-ны мэдээллээс 600 орчим тэрбум төгрөгөөр их байгаа нь төсвөөс гадуурх хэд хэдэн төлбөр, орлогыг хамруулсантай холбоотой юм.
Компаниудын тайлагнасан төлбөрийн мэдээг Засгийн газрын тайлагнасан орлогын дүнтэй тохируулсны дараа шинжилж үзэхэд 2020 онд олборлох үйлдвэрлэлийн нийт компанийн төлбөрийн 78% ( уг үзүүлэлт 2019 онд 85% байв)-ийг топ 10 компаниас төлсөн байна. Харин топ 20 компанийн төлсөн төлбөрийн дүн нь олборлох үйлдвэрлэлийн компаниудаас Засгийн газрын хүлээж авсан нийт орлогын 82% (2019 онд 93%)-ийг бүрдүүлжээ. Өмнөх жилийн үзүүлэлттэй харьцуулахад топ татвар төлөгчдийн үзүүлэлт буурсан нь энэ удаад илүү уян хатан тайлангийн хүрээнд зөвхөн алт, зэс, нүүрсний үйл ажиллагаа эрхлэгч компаниудаас түүвэрлэсэн. Нөгөөтэйгүүр цар тахлын улмаас 2020 оны эхний хагаст эрдсийн ханш огцом буурсан нь голлон нөлөөлжээ.
МОҮИТБС-ын нэгтгэлд хамруулахаар Олон талт оролцогчдын ажлын хэсгийн баталсан алт, зэс, нүүрсний 60 компани (5 ТӨААН-ийг оруулаад)-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн төлбөрийг түүнийг хүлээн авсан Засгийн газрын 43 байгууллагын (28 орон нутгийн байгууллагыг оруулаад) хүлээн авсан орлоготой харьцуулж, тохируулсан байна.
Төлбөр, орлогын анхны нэгтгэлээр 27,929 сая төгрөгийн цэвэр зөрүү, 465,110 сая төгрөгийн нийт зөрүү үүсчээ. Уг тайлагийн хараат бус хянагч-нэгтгэгчээр ажилласан “Грант Торнтон аудит” ХХК нь Засгийн газрын тайланд 373,681 сая төгрөгийн нэмэгдэх тохируулга, компанийн дүнд 346,279 сая төгрөгийн нэмэгдэх тохируулгыг хийснээр цэвэр зөрүүг 527 сая төгрөг хүртэл бууруулж чадсан байна. Нэгтгэлийн явцад тохируулгын хүсэлтэд “Илт Гоулд” ХХК, “Рэдвулкан” ХХК, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нар нь хариу ирүүлээгүйгээс 545 сая төгрөгийн зөрүү шийдэгдээгүй үлдсэн байна. Энэ зөрүүг эс тооцвол нийт 18 сая төгрөг буюу Засгийн газрын тайлагнасан орлогын 0.001%-тай тэнцэх зөрүү тайлбарлагдаагүй үлджээ.
ОҮИТБС-ын тайланг тушааж буй Засгийн газрын байгууллагуудын тайланг Үндэсний аудитын газар баталгаажуулах ёстой байдаг. Аудитын газраас баталсан Санхүүгийн тайланд аудит хийх журмын 15.4.2-д “Олборлох үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төсөвт төвлөрүүлсэн төлбөрийг ОҮИТБС-ын Ажлын алба болон орлого хүлээн авсан Засгийн газрын байгууллагуудтай тулган баталгаажуулж, дүгнэлт гаргах” гэж заасан байдаг. Энэ баталгаажуулах ажил одоог хүртэл хийгдэлгүй ирсэн нь дараагийн сайжруулах алхам болж байна.
Цахим тайлангийн системд Засгийн газар 2,543 компаниас хүлээн авсан орлогыг тайлагнасан нь 180 компани илүү, давхардуулан тайлагнасан болохыг Хараат бус хянагч-нэгтгэгч тогтоожээ. Иймд цаашид компанийн нэрсийг давхардуулалгүй оруулж тайлагнах, үүнд чиглэсэн арга хэмжээ авах нь чухал асуудал болоод байна.
2020 оны хэмжээнд ОНХНС болон улсын төсвөөс аймаг, нийслэлийн ОНХС-д хийгдэх шилжүүлгийн хэмжээ нийт 172.6 тэрбум төгрөг байхаар тооцсоноос 165.7 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийгдсэн гүйцэтгэлтэй гарчээ.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг дотоодын НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг.
Тохируулгын дараах байдлаар нэгтгэлд хамрагдсан компаниудаас 2020 онд “Их Ундрага” ХХК нь “Заамар нутгийн хөгжлийг дэмжих сан”-д 50 сая төгрөг, “МоЭнКо” ХХК нь “Ховд хөшөөт хөгжил сан”-д 1,545 сая төгрөг, “Оюутолгой” ХХК нь “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д 14,867 сая төгрөг тус тус хандивласан байна. Ингэснээр нийт хандив дэмжлэгийн 75.8%-ийг Оюутолгойн эх үүсвэр бүрдүүлжээ.
2020 онд Засгийн газрын нийт нэгтгэлд сонгогдсон 60 компаниас ус ашигласны төлбөрт 32.9 орчим тэрбум төгрөг хүлээн авсан бол доорх 10 компани 31.8 тэрбум төгрөг буюу 97%-ийг бүрдүүлж байна. Монголын ОҮИТБС-ын 2020 оны тайланд дурдсанаар мөн онд нийт 85.9 сая метр куб ус ашиглахаар компаниуд гэрээ хийснээс 53.2 сая метр куб буюу гэрээлсэн усны 62%-ийг ашигласан байна.
Олборлох үйлдвэрлэл нь Монгол улсын эдийн засгийн голлох салбар бөгөөд эдийн засгийн өсөлтийн гол эх сурвалж болсоор ирсэн. 2020 онд олборлох салбар ДНБ-ий 21.6%-ийг эзэлж, уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүнээс 6.6 тэрбум ам.долларын орлого экспортоос олсон байна. Уул уурхайн салбар мөн онд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 56.5%-ийг эзэлжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөг болж, 2019 оноос 1,638.4 тэрбум төгрөг буюу 13.6%-иар буурсан байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.67 их наяд төгрөг болж, өнгөрсөн оноос 246.6 тэрбум төгрөг буюу 8.4%-иар буурчээ.
Ашигт малтмалын салбарын 2020 онд төсөвт төвлөрүүлсэн орлогыг нарийвчилж үзвэл:
• Уул уурхайн салбараас 2,522.9 тэрбум төгрөг буюу нийт төсвийн 24.3%,
• Газрын тосны салбараас 102.8 тэрбум төгрөг буюу нийт төсвийн 1.0%,
• Тусгай зөвшөөрлийн төлбөр 32.7 тэрбум төгрөг буюу нийт төсвийн 0.3%,
• Бусад орлого 14.9 тэрбум төгрөг буюу нийт төсвийн 0.1%.
Эрдэс баялгийн салбар нь 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 25.7%-ийг бүрдүүлсэн байна.
2020 онд 141 хайгуулын ажлын үр дүнгийн тайлан ирүүлснээс 132 тайланг хэлэлцэж хүлээн авсан байна. Тайлант 2020 онд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид геологи, хайгуулын ажилд 86.03 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд энэ нь 2019 оны ажлын зарцуулалтаас 39.2%-иар буурсан дүн болохыг тайланд өгүүлжээ.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага нь газрын тос, байгалийн хий, олборлох салбарт ил тод байдал, тайлагналыг сайжруулахад зориулсан глобал стандарт юм. Монгол улсын Засгийн газар ОҮИТБС-ыг хүлээн авснаа 2006 онд зарласан.
2016 оны хоёрдугаар сарын 24-25-нд Перу улсын нийслэл Лима хотод хуралдсан ОҮИТБС-ын олон улсын хуралдаанаар баталсан ОҮИТБС-ын стандартыг баталсан. Энэ стандарт нь олборлох үйл ажиллагааг эзэмшиж, ашиг хүртэж байгаа хувь хүмүүсийн тухай мэдээллийг ил болгох шаардлагыг хамруулснаараа онцлогтой. Ингэснээр олборлох төслүүдийн тендерт оролцож, ажиллаж, хөрөнгө оруулж байгаа компаниуд өөрсдийн бенефициар өмчлөгчид буюу ашиг хүртэгч эзэд нь хэн бэ гэдгийг мэдээлдэг байхыг бүх улс орон баталгаажуулах шаардлагатай болсон юм.
ОҮИТБС-ын 2019 онд шинэчлэн баталсан стандартаар өнөөдөр дэлхийн хэмжээний асуудал болоод буй байгаль орчин, нийгэм, жендерийн тэгш байдлын үр нөлөөг хамруулсан байна. Түүнчлэн өмнө ил тод болоогүй ашигт малтмалын борлуулалт, төслийн тайлагнал болон 2021 оноос хойш байгуулагдах бүх гэрээг ил тод болгохыг санаачилгад нэгдсэн орнуудад үүрэг болгожээ.