/2022.4.5/ Элон Маск өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа “Би сошиал медиа салбарыг доргиох болно” гэж ярьж байв.
Харин энэ долоо хоногт Элон Маск Twitter компанийн хувьцааны 9,2 хувийг худалдан авснаар тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч боллоо.
Энэ мэдээний дараа тус компанийн хувьцааны ханш 27 хувиар өсчээ. Энэ нь 2013 онд Twitter компани IPO хийснээс хойш нэг өдрийн дотор тохиолдсон хамгийн өндөр өсөлт юм. Баасан гарагт хөрөнгийн зах зээл хаах үеийн ханшаар тооцож үзвэл Элон Маскийн худалдан авалтын дүн нь 2,89 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Энэ жил 50 настай Маск өнгөрсөн 7 хоногт Twitter дэх 80 сая дагагчдынхаа дунд санал асуулга явуулж, Twitter компани иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангалттай хангаж чаддаг эсэхийг асуусан юм. Саналаа өгсөн хүмүүсийн 70 хувь нь “үгүй” гэж хариулсны дараа тэрээр эрх чөлөөний дуу хоолойг хааж боодоггүй шинэ платформ үүсгэх хэрэг байгаа эсэхийг ч мөн асуужээ.
Free speech is essential to a functioning democracy.
— Elon Musk (@elonmusk) March 25, 2022
Do you believe Twitter rigorously adheres to this principle?
DA Davidson & Co компанийн шинжээч Том Форте:
"Элон урьд нь өөрийн гэсэн сошиал медиа компанитай болох талаар ярьдаг байсан. Гэтэл тэр Twitter-ийн хамгийн том хувьцаа эзэшигч болчихлоо. Удахгүй энэ хувь хэмжээгээ нэмэгдүүлсээр компанийн хяналтын багцыг ч худалдан авах бололцоотой юм” гэжээ.
Элон Маск Twitter орчин дахь хамгийн нөлөө бүхий олны танил байсаар ирсэн төдийгүй Twitter-ээс болж удаа дараалан асуудалд орж байв. Tesla Inc-ийн захирлын жиргээтэй холбоотойгоор 2018 онд компанийн хувьцаа эзэмшигч нар гомдол гаргаж, Элон Маск АНУ-ын Үнэт цаасны арилжааны хороотой тохиролцоо хийхээс өөр аргагүй болсон бөгөөд, Tesla компанийн тухай жиргэх бүртээ хянуулж байхаар тохироо хийсэн. Харин тэрээр энэ тохиролцоог хэрхэн цуцлуулах талаар арга чарга хайсаар байгаа юм.
Элон Маскийн энэхүү худалдан авалт нь өнгөрсөн оны 11-р сард гэнэт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарласан Жек Дорсигийн дараа компанийн захирлаар томилогдсон Параг Агравалын хувьд нэг том сорилт болох нь дамжиггүй.
П.Агравал ажлаа хүлээн аваад, хариуцлагыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалтыг түргэтгэх, бүтээгдэхүүний гүйцэтгэлийг сайжруулах амлалтууд өгснөөс гадна тус компани 2023 оны эцэс гэхэд өдөр тутам идэвхитэй хэрэглэдэг 315 сая хэрэглэгчтэй болж, жилийн орлогоо 7,5 тэрбум ам.долларт хүргэх томоохон зорилт дэвшүүлсэн юм.
П.Агравалыг ажилдаа томилогдсоны дараахан Элон Маск түүнийг Йосиф Сталинтай зүйрлэсэн meme нийтэлж байжээ. Уг жиргээнд Жек Дорсиг ЗХУ-ын Аюулаас хамгаалах албаны дарга Ежовын оронд дүрсэлж, Сталин түүнийг хэрхэн зурган дээрээс алга болгож байгааг харуулсан байдаг.
Wedbush хөрөнгө оруулалтын компанийн шинжээч Дэн Айвс судалгааны тайландаа “Элон Маск Twitter-ийг овоо хараандаа бат онилжээ. Яваандаа тэр түрэмгий эзний дүрд шилжих байх” гэсэн байна.
Google, Facebook, Amazon болон Snap компанид үүсгэн байгуулагчид нь хувьцааны саналын онцгой эрхтэй байдаг бол Twitter компанид үүсгэн байгуулагч нарт онцгой эрх олгогдоогүй байдаг нь тус компанийн хувьцааг хэн нэгэн их мөнгөөр худалдан аваад, гаднаас нөлөөлөхөд амархан болгожээ. Элон Маскаас өмнө томоохон хувьцаа эзэмшиж байсан Elliott Management компани л гэхэд 2020 онд Жек Дорсийг шахсаар байгаад, дараагийн захирлыг томилуулах төлөвлөгөө гаргуулж авсан байдаг.
Одоогоор Элон Маск худалдан авсан хувьцааны багцаа юунд ашиглах нь тодорхойгүй байна. АНУ-ын Үнэт цаасны арилжааны хорооны мэдээллээр энэхүү худалдан авалт нь гуравдугаар сарын 14-нд хийгдсэн гэсэн байх бөгөөд одоогоор компанид хяналтаа тогтоох буюу нөлөөлөх ямар нэг зорилго агуулаагүй шинжтэй харагдаж байна.
Дашрамд сонирхуулахад, Элон Маск нь Блүүмбэргийн тэрбумтнуудын жагсаалтаар дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байгаа юм.
Элон Маскийн хувьд тус компанийг саяхнаас хэрэглэгчдийн профайл зургийг NFT-тэй холбон хөгжүүлэх санаачлага гаргасныг хурцаар шүүмжилж, анхаарлаа өөр зүйлд хандуулах хэрэгтэйг сануулж байсан билээ.
Эх сурвалж: Блүүмберг.ком