/2022.04.01/ Хятадын засгийн газар иргэдийнхээ генийн өгөгдлийг улс үндэстэний стратегийн нөөц хэмээн зарлаж, генийн мэдээллийн сангуудад тавих төрийн хяналтыг нэмэгдүүлжээ.
Генийн мэдээллийг цуглуулах, ашиглах явдал нь ёс зүйн олон асуудал дагуулдаг бөгөөд эдгээрээс дурдвал, зарим тохиолдолд хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр генийн мэдээллийг нь авах, хувийн нууцыг нь задруулах, эмзэг бүлгийн иргэдийн генийн мэдээллийг зүй бусаар цуглуулж, ашиглах, үндэстэн дамнасан генийн мэдээллийн тандалт судалгаа зэрэг юм.
Бельгийн Leuven их сургуулийн генетикч Ив Моро энэ талаар Axios-т мэдээлэл өгөхдөө “Хятадын эрх баригчид иргэдийнхээ генийн мэдээлэлд хандах, ашиглах эрхийг зөвхөн төрд үлдээж, бусад төрийн байгууллагуудыг хязгаарлаж байна” гэжээ.
Хятадын Шинжлэх ухаан технологийн яамнаас өргөн барьсан удирдамжийн төсөлд дурдсанаар Хятад иргэдийн генийн мэдээллийг хилийн чанадад илгээхийг 5 жилийн турш хориглож байгаа бөгөөд хориглосон үйл ажиллагааны чиглэл дунд хүн төрөлхтөний генийн мэдээллийн каталог үүсгэх болон судалгааны хүрээлэнгүүдийн генийн судалгааны ажлууд ч мөн багтсан аж.
Тус улсад 2019 онд хэсэг эрдэмтэд хүний генийн мэдээллийг засварласан асуудал дэгдсэнтэй холбоотойгоор Хятадын төрийн зөвлөлөөс баталсан генийн мэдээллийг удирдан зохицуулах журам гарсан бөгөөд дээр өгүүлсэн удирдамж нь энэхүү журмын заалтуудын хэрэгжилтийг тодорхой детальчлан тайлбарласан агуулгатай юм байна.
Энэ удирдамжид нэг анхаарал татсан заалт орсон нь Шинжаан Уйгурын бүс нутагт генийн чиглэлийн судалгаа явуулах эрхийг Xinjiang Production and Construction Corps хэмээх зэвсэгт хүчний чиг үүрэг бүхий байгууллагад өгсөн явдал юм. Тус байгууллага нь АНУ-ын засгийн газрын хоригт орсон байгууллага бөгөөд Уйгур иргэдийг бөөнөөр хорих лагерь болон албадан хөдөлмөр эрхлүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлдэг гэж АНУ үздэг.
Бусад орнуудын жишээнээс дурдахад, АНУ болон Их Британи улсууд олон зуун мянган хүнийг оролцуулан, генийн болон эрүүл мэндийн судалгааны томоохон сангууд байгуулсан тохиолдол байдаг ч БНХАУ-ын дээрх шийдвэр нь энэ салбарт төрийн зохицуулалт хяналт нэвтэрч буй анхны жишээ юм.
“Аль нэг улс өөрийн иргэдийн генийн мэдээллийг стратегийн ач холбогдолтой гэж зарлах нь гайхаад байх зүйл биш. Гэхдээ Хятадын засгийн газар генийн мэдээллийг дотоодод ч, гадаадад ч хэрхэн хэрэглэх ашиглах талаар шийдвэр гаргах эцсийн субьект нь байна гэж хууль журамд тусгаж байгаа нь хэрээс хэтэрсэн үйл явдал гэж бодож байна. Өгөгдөл бол орчин үеийн газрын тос гэж үздэгтэй адилаар Хятад улс генийн нөөцөө ийнхүү стратегийн нөөц гэж үзэж байгаагаа олон нийтэд зарлалаа” хэмээн генетикч Моро хэлжээ.
Судлаачдын хувьд анхаарал татаж буй хамгийн гол асуудал нь Хятад иргэдийн генийн мэдээллийг хувь хүмүүс, компаниуд зүй бусаар ашиглахаас сэргийлэх зорилготой гэж мэдэгдэж байгаа ч төр энэ төрлийн мэдээлэл өгөгдөлд онцгой давуу эрхтэйгээр хяналт тогтоож байгаа нь юм.
Сүүлийн жилүүдэд тус улсын засгийн газар болон хувийн компаниуд хүмүүсийн генийн мэдээллийн дотооддоо ч, гадаадад ч идэвхитэй цуглуулж байгаа билээ.
Хятадын нийт эрчүүдийн генийн зураглал гаргах зорилгоор эрх баригчид Хятад даяар эрэгтэйчүүдээс цусны дээж авч, үүнийг New York Times сонин “генетикийн шинжлэх ухааныг ашиглан ард иргэдээ хянах зорилготой ажиллагаа” гэж мэдэгдэж байсан удаатай. Тухайлбал, тус улсын баруун хойд хэсэг болох Шиньжаанд уугуул иргэдийг хоморголон хэлмэгдүүлэх ажил явуулахын сацуу тэднээс хүчээр биологийн сорьц цуглуулж авсан ажээ. Мөн Хятадын генетикийн салбарын томоохон компани болох BGI компани л гэхэд жирэмсний тестийг нь ашигласан ашигласан эмэгтэйчүүдийн генийн мэдээллийг дэлхий даяар цуглуулсан байх жишээтэй.
Питтсбургийн их сургуулийн Биологийн ёс зүй, Эрүүл мэндийн эрх зүйн судалгааны төвийн доктор Лиза Паркерын үзэж байгаагаар Хятадын төр засгаас хийж буй эрх зүйн энэ зохицуулалт нь иргэдийн хувийн мэдээлэл найдваргүй этгээдийн гарт орох, зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглагдахаас сэргийлэх шинэ стандарт бий болгож байгаа ач холбогдолтой ч, нөгөө талаас зөвшөөрөлтэйгээр ашиглах үндэслэлүүд нь бүрхэг, тодорхойгүй байгаагаас болоод иргэд генийн мэдээллээ өгөхөөс татгалзах, улмаар өгөгдлийн санд хангалттай мэдээлэл хуримтлагдахгүй байх эрсдэл үүсгэж байгаа ажээ. Хятад улсын хувьд иргэдийн хувийн мэдээллийг хамгаална гэдэг нь уг мэдээлэлд хандах хувийн компаниудын эрхийг хязгаарлахыг хэлж байгаа болохоос биш төр өөрөө хэнбугайн ч хувийн мэдээлэлд давуу эрхтэй хандаж, ашиглахыг хориглосон зүйл огт биш юм.
Ив Моро судлаачийн хэлж байгаагаар цаашид Хятад иргэдийн генийн мэдээлэл дээр судалгаа хийж байгаа эрдэмтэд, судлаачид хэрэв төр засгийн зүгээс дээрх хуулиар түрий барин тэдний судалгааны ажил, генийн өгөгдөл рүү хандах гэвэл эсэргүүцэх ямар нэг боломжийг хуулиар хааж өгч байгаа нь анхаарал татсан асуудал мөн ажээ.