/2022.03.30/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Өнөөдрийг хүртэл МУ-ын төсвөөс эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдлыг нөхөх зорилгоор татаас огт өгч байгаагүй. ЗГ өөрийн гаргасан хөнгөлөлтүүдтэйгээ холбоотой татаасыг л олгож байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Одоо байгаа хэрэглэгчийн цахилгаан дулаан, эрчим хүчний үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Цахилгааны үнийг нэмэхгүй байх нь зөвхөн эрчим хүчний салбарын асуудал биш юм. Энэ бол хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах эсэх асуудал юм. Цахилгааны үнийг нэмэхгүй бол эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Сүүлийн 10 жилд эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байна. Энэ хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. 2020 онд 92 тэрбум. 2019 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Цаашид хэрэглэгчийн үнийг нэмэхгүй бол алдагдлын хэмжээ нэмэгдсээр байна. Энэ нь нөгөө талаар шаардлагатай засвар үйлчилгээгээ цаг тухайд нь хийж чадахгүй байна гэсэн үг юм.