/2022.03.30/: Саяхан Украинаас дүрвэсэн 30 настай Нигерийн оюутан Десмонд Чайназа Муоквудо Европт боловсрол эзэмшихийн тулд 11 жил мөнгөө хуримтлуулжээ.
Нэгэн цагт Анамбра мужид гагнуурчин байсан тэрээр олон улсын харилцааны чиглэлээр суралцахыг мөрөөддөг байжээ. Эцэг эх нь өөрсдөд байгаа жижиг газраа зарсны дараа тэрээр өөрийн мөрөөдлөө биелүүлэхэд хангалттай мөнгөтэй болж чаджээ.
Тэрээр өнгөрсөн жил Украины их сургуульд элсэн орсон бөгөөд Орос түрэмгийллээ эхлүүлэх үед тэрээр Украинд ердөө гуравхан сарыг өнгөрүүлсэн байжээ.
Тэрээр Германы Берлин хотод түр байрлаж байхдаа "Аав ээжид минь юу ч үлдээгүй, тэд одоо намайг дэмжиж чадахгүй. Манай засгийн газар намайг гэртээ харь гэж хэлсэн ч Нигерт намайг хүлээж байгаа зүйл алга" гэжээ.
Муоквудо бол Украинд амьдарч байсан Африкийн 16,000 оюутны нэг бөгөөд одоо үргэлжлүүлэн суралцахаар хичээж байна.
Хилийн боомт дээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах гэмт хэрэг гарсан тухай мэдээлснээс болж олон хүн зугтаж, сэтгэл санааны дарамттай байх болжээ.
Хэдэн зуун хүн буцах нислэгээр гэртээ харьсан ч яг тоо нь тодорхойгүй байгаа бөгөөд Муоквудо шиг олон мянган хүн Европт байх магадлалтай байна.
Ноён Муоквудо "Би энд ирэхийн тулд хэтэрхий их золиос гаргасан. Би Европт үлдэж, боловсрол эзэмших ёстой."
Дэлхийн их дээд сургуулиуд Украйнаас дүрвэж буй оюутнуудад баталгаатай газар, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, визний шаардлагыг хөнгөвчлөх зэргээр тусламжийн гараа сунгаж байна.
Африкийн албан тушаалтнууд оюутнууддаа баталгаа гаргахын тулд дипломат хүчин чармайлтаа нэмэгдүүлж, гадаад хэргийн сайд нар Европын түншүүдтэйгээ хэлэлцээр хийхээр уулзаж байна.
Гана улсын анагаахын оюутнуудад Унгарын Анагаах ухааны их сургуульд 250 орчим, Гренада дахь Гэгээн Жоржийн Анагаах ухааны их сургуульд 200 орчим орон тоо санал болгожээ.
Унгарын Семмелвейс их сургууль нь анагаахын оюутнуудад дайн дуустал үнэ төлбөргүй суралцах боломжийг олгож байгаа бөгөөд хэдхэн долоо хоногийн дотор голдуу Африкчуудаас 2000 гаруй өргөдөл хүлээн авсан гэж мэдэгдэв.
Ноён Муоквудо зарим их дээд сургуулиуд Украины бус хүмүүсийг авахгүй гэж гомдолложээ.
"Бид зөвхөн Украйны иргэдийг л авдаг" гэж надад хэлсэн" гэж Эстони дахь Таллины их сургуулийг дурджээ.
Эх сурвалж: ВВС