/2022.3.16/ Шинэ нисэх онгоцны буудлыг Хөшигийн хөндийд байгуулсан. Нисэх онгоцны буудлыг тойрон шинээр хот байгуулах бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зэхэж байгаа юм.
Тэгвэл энэ нисэх буудлын ойролцоо Д.Хишигжаргал 500 га газрыг 40 гаруй нэр дээр бүртгүүлэн хувьдаа аваад байгаа ажээ. Энэ талаар байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Шинэ нисэх онгоцны буудал барихаар улс зэхэнгүүт мэдээлэлд ойр байдлаа ашиглан Дамбын Хишигээ гэж хүн 500 га газар авсан байна. Нэг хүн 41 байгууллагын нэрэн дээр ингэж авчээ. Монгол Улсын иргэнд газар олдохгүй байгаа биз дээ? Газрын албанд өргөдөл өгөөд авахгүй шд. Гэтэл нэг хүн яаж ингэж авсан байх вэ? Энэ чинь албан тушаал, авлигын гэмт хэрэг. Улс мөнгө өгч газраа авна гэж байхгүй. Энийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Газраа авмаар байна. Эдийн засгийн чөлөөт бүс болонгуут улсад өөрийнхөө газрыг шахах гэж байгаа гэж ойлгоод байна. Улс энэ нөхөрт мөнгө өгч газрыг нь авах юм уу гэж Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхоролоос асуухад Д.Оюунхорол:
-Эдийн засгийн чөлөөт бүс дээр байгаа 31 мянган га газарт Дамбын Хишгээгийн 500 га газар байгаа. 41 хэсэг дээр газар олголт хийгдсэн бөгөөд гурван шатны шүүхийн шийдвэрээр энэ газар нь тухайн байгууллагынх гэж гарсан. Өөрсдөө засгийн газраас гаргасан шинэ хот байгуулах ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж ажиллах боломжтой гэсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Хэний шийдвэрээр газар аваад байдаг юм бэ. Монгол Улсын бүтээн байгуулалт ярьж байхад, аймаг, сумын засаг даргын шийдвэрээр газар авчихаад, эргээд улсын газрыг улсад нь зарах гээд суугаад байдаг. Хэдэн төгрөг нэхээд байгаа юм бэ? Д.Оюунхорол:
-Засгийн газар бодлогоороо хот төлөвлөлтөө хийнэ гэвэл бүтэн авч болно гэдэг санал тавьсан байна лээ. Тийм үнээр гэж үнэ ярьсныг би сонсоогүй, Барилга хот байгуулалтын сайдтай ярьсан эсэхийг мэдэхгүй байна гэв.