Боловсролын тэгш бус байдлын талаар mpress.mn сайт бэлтгэн хүргэж байна. Энэ удаад бид улсын болон хувийн ЕБС-иудын ахлах ангийнхны англи хэлний хичээл, багш нарын ялгааг харьцуулан гаргалаа.
ХУУЛИАР ОЛГОСОН ТЭГШ БУС БАЙДАЛ
Монгол хэлний тухай хуулийн 6.3-т "Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг болон гадаад хэл заах тусгай зөвшөөрөл бүхий ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн зааж болно" хэмээн заасан байдаг.
Ийнхүү улсын сургуулиудыг 5-р ангиас нь, хувийн сургуулиудыг нэгдүгээр ангиас нь гадаад хэл зааж болох тэгш бус байдлыг хуулиар олгосон байдаг.
Тэгш бус заалттай хуулийн үр дүнд улсын сургуулийн сурагчид 12-р ангиа төгсөөд өрсөлдөх чадвар нь хувийн сургуулийн төгсөгчдөөс хамаагүй доогуур болж байна. Мөн сургуулиа төгсөөд гадаадын их дээд сургуульд тэтгэлэг авахын тулд улсын сургуулийн төгсөгчид заавал курс, дугуйланд мөнгө төлөн хамрагдаж байж хоцрогдлоо нөхөх шаардлага тулгардаг аж.
Аргагүй шүү дээ, хувийн сургуулийн тавдугаар ангийнхан англиар "ус цас" лугаа ярьж байхад, улсын сургуулийн тавдугаар ангийнхан А, В, С-ээ дөнгөж эхэлж үзнэ гээд бодоод үзвэл үнэхээр ТЭГШ БУС.
Улсын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзаж бид англи хэлний сургалтын чанар, ялгааны талаар ярилцлаа.
ДУНД СУРГУУЛИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАР САЙНТАЙ, МУУТАЙ
Нийслэлийн 45-р сургуулийн 11-р ангийн сурагчид:
Бидний хувьд ядахдаа гуравдугаар анги хүртлээ монгол хэл сайн үзэж байгаад англи хэлний хичээл ордог болвол их зүгээр санагддаг. Мэдээж 12 дугаар ангиа төгсөөд гадаадад тэтгэлэгээр сурах хүсэлтэй. Гэхдээ одоогийн бүрэн дунд сургуульд заадаг англи хэлний мэдлэгээр тэтгэлэг авч чадахгүй. Тиймээс төгсөөд англи хэлний сургалтын төвд явна гэсэн бодолтой байгаа.
Ер нь ЕБС-ийн англи хэлний багш нарын чадвар сул байдаг юм шиг санагддаг. Гэхдээ ямар багш гэдгээсээ шалгаална. Манай англи хэлний багш сайн заадаггүй ч сонгоны багш бол сайн.
Нийслэлийн 47-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч:
Монгол хэлээ ч бүрэн эзэмшээгүй байхдаа нэгдүгээр ангиасаа англи хэл үзнэ гэхээр их ачаалалтай байх болов уу. Тиймээс 3 юм уу, 5 дугаар ангиас англи хэлний хичээл орж эхэлвэл илүү тохиромжтой байх. Хувийн сургуулийн хүүхдүүд бол төгсөөд шууд тэтгэлэг аваад явахад асуудалгүй байж магадгүй. Харин улсын сургуулийнхан бол төгсөөд заавал сургалтын төвд хамрагдах хэрэгтэй болдог. Яг үнэндээ бидний англи хэлний түвшин бараг дундаас доогуур байдаг. Тиймээс хичээлээсээ гадна англи хэлний сургалтын төвд явдаг хүүхдүүд олон.
Сайн англи хэлний багш нар байдаг ч нэг их уддаггүй. Хувийн сургуулиудаас өндөр цалин амлаад аваад явчихдаг.
Нийслэлийн ...-р сургуулийн 11-р ангийн сурагч:
Эх хэлээ сайн мэдэхгүй байж дөнгөж уншиж, бичиж сурч байхдаа давхар англи хэл үзнэ гэдэг хэцүү. Манай ангид одоог хүртэл алдаатай ярьж, бичдэг хүүхдүүд байдаг. Тиймээс 6 дугаар ангиас англи хэл үзсэн нь дээр гэж бодож байна.
Багш нарын хувьд ур чадвар, заах арга барил нь өөр өөр байдаг. Хичээлээ маш сайн ойлгомжтой заадаг багш байхад огт хичээл заадаггүй багш нар ч байдаг. Манай сургуулийн англи хэлний багш нарын зарим нь өөрсдөө зааж байгаа хичээлээ мэддэг юм уу гэмээр л байдаг. Ер нь л ЕБС-ийн багш нарын ихэнх нь хичээл заадаггүй.
Нийслэлийн ЕБС-ийн 11-р ангийн сурагч:
Манай нэг найз хувийн сургуульд сурдаг. Англи хэл дээр хичээлээ үздэг болохоор англиар чөлөөтэй ярьдаг. Багаасаа англи, герман хэл үзсэн. Сургуулийнх нь төлбөр ч гэсэн их өндөр байдаг юм билээ.
Заримдаа би арван жилдээ ингэж сурах нь цаг алдаж байгаа юм шиг санагддаг. Жишээ нь, миний хувьд англи хэлний анхан шатны ч мэдлэг байхгүйтэй ижил гэж хэлж болно. Манай ангийнхан ихэнх нь сургуулиа төгсөөд гадаад руу тэтгэлэг авч сурах зорилготой учраас хичээлээсээ гадуур давхар англи хэлний сургалтын төвд явдаг нэлээд хүүхэд байдаг. Миний хувьд ч гэсэн ялгаагүй төгсөөд сургалтын төвд сурна гэсэн бодолтой байгаа.
Ийнхүү ахлах ангийнхнаас англи хэлний хичээлийн багш нарын заах арга барил, чадавхийн талаар асууж дотруулахад дээрх байдлаар хариулт өгч байлаа.
Мөн бид Wizard англи хэлний сургалтын төвд очиж холбогдох хүнээс яриа авахад тус сургалтын төвд суралцагсдын ихэнх нь улсын сургуулийн ЕБС-ийн сурагчид байгааг хэлж байсан юм. Энэхүү төв IELTS, TOEFL-ийн шалгалтад бэлтгэдэг бөгөөд дээрх хүүхдүүдийн ихэнх нь эдгээр ангиудад элсэн суралцдаг аж.
СУРАХ БИЧИГ
Улсын сургууль болон хувийн сургуулийн англи хэлний 11-р ангийн сурах бичгийн эхний хичээл болон агуулгыг харьцуулан харцгаая.
ЭЦЭГ ЭХЧҮҮД: Яахаараа улсын сургуулийн
хүүхдүүд гадаад хэл үзэж болдоггүй юм бэ?
Улсын сургуульд суралцдаг 6 дугаар ангийн хүүхэдтэй эцэг эх:
6 дугаар ангиас англи хэл үзнэ гэхээр дэндүү оройтож байна. Хувийн сургуулиудын хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь англи хэл зааж болоод байхад улсын сургуулийн хүүхдүүд яагаад болдоггүй юм бэ.
Улсын сургуулиудад сонгоны анги гэж байдаг. Энэ ангид 5 дугаар ангиа төгсөж буй хүүхдүүд шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд ордог. Гэхдээ таньдаг талаараа яриулж орох тохиолдол их байдаг. Манай хүүхэд л гэхэд өнгөрсөн намар шалгалт өгөөд орох гэсэн ч чадаагүй. Хожуу сонсоход манай хүүхдээс муу хүүхдүүд орчихсон явж байна лээ. Тиймээс хүүхдээ энэ намраас хувийн сургуульд оруулах бодолтой байгаа. Ер нь хувийн сургуулийн хүүхдүүдийн 1 дүгээр ангидаа олж авсан мэдлэгийг улсын сургуулийн сурагчид 6 дугаар ангиасаа үзэж байна гэхээр үүнд маш их ялгаа гарч ирж байна гэсэн үг шүү дээ.
Улсын сургуульд суралцдаг 11 дүгээр ангийн хүүхэдтэй эцэг эх:
Ядаж 3 дугаар ангиас нь англи хэл заадаг бол зүгээр. Охин маань дараа жил ЕБС-ээ төгсөнө. Төгсөөд гадаадад тэтгэлгээр сурах сонирхолтой. Тиймээс одоо сургууль дээр нь үзэж буй англи хэлнийх нь хичээлийн агуулга тэтгэлэг авахад хангалтгүй байгаа учир охин маань өөрөө эртнээс сургалтын төвүүдээ судалж, дугуйланд явж эхэлсэн.
Ерөнхийдөө өнгөрсөн жилээс эхлэн хичээлийнхээ хажуугаар болон амралтаараа англи хэлний сургалтад хамрагдаж байна.