Менингококкийн халдварын талаар ХӨСҮТ-ийн Халдвар өвчин тандалт судалгааны албаны тархвар судлаач эмч Ч.Уртнасантай ярилцлаа.
-Сүүлийн үед Монгол Улсад менингококкийн халдвар хэр байгаа вэ?
-Менингококкт халдвар бол манайд жил бүр бүртгэгддэг. Он гарсаар тус халдварын 2 тохиолдол гарч, нэг нас баралт бүртгэгдсэн.
Харин цар тахлын үед менингококкт халдвар бүртгэгдээгүй. Шалтгаан нь ковидын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болох хүн хоорондын зай барьж, амны хаалт тогтмол зүүж байгаатай холбоотой.
Гэхдээ сүүлийн үед хүмүүсийн халдвар хамгааллын дэглэм суларч байгаа учир бүртгэгдээгүй байсан халдварт өвчнүүд дахин гарч ирэх магадлалтай байна. Мөн халдварт өвчинд өртөх магадлалтай насныхан өсөх хандлагатай байна.
Тухайлбал, менингетийг 4 хүртэлх насны хүүхэд илүү хүнд тусдаг байсан бол одоо 8 хүртэлх насны дархлаа султай хүүхэд илүү хүндрэх магадлалтай болоод байна.
-Халдварын шинж тэмдэг юу вэ?
-Менингококкийн халдварын онцлог нь 39 хэм хүртэл маш өндөр халуурдаг. Халууны хэм нь бага зэрэг буурч байснаа дахиад огцом нэмэгддэг. Мөн цусархаг тууралт гардаг. Тууралт доод үе мөчнөөс эхэлж туурдаг. Хэрэв тууралт нь хүнд анзаарагдахаар биеийн дээд хэсэгт гарч эхэлсэн байвал нэлээд хүндэрсэн байна гэсэн үг. Зарим эцэг эхчүүд тууралтыг нь анзаарахгүйгээр өндөр халуурсан л ханиад томуу гэж андуурч, цаг алдах тохиолдол байдаг.
Хэрэв цаг хугацаанд нь зөв оношлоод зөв эмчилгээ хийхгүй бол энэ нь 50 хувийн нас баралтаар төгсөх хүндрэлтэй өвчин юм. Тиймээс бидний зүгээс нэг тохиолдол бүртгэгдсэн ч иргэдэд сэрэмжлүүлэг өгч байгаа.
-Манайд энэ халдварын эсрэг вакцин хийдэг үү?
-ХӨСҮТ-д ажлын өдөр менегит өвчний эсрэг 4 цэнт вакцин хийж байгаа. А, B, С, Y, W135 вакциныг тархвар судлалын заалтаар халдварын голомттой үед юм уу, сайн дурын үндсэн дээр хийдэг.
-Бүх насныхан хийлгэх боломжтой юу? Насны хязгаарлалт байдаг уу?
-2-оос дээш насныхан хийлгэх боломжтой. Гэхдээ нийт өвчлөлийн дийлэнх хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Яагаад бага насны хүүхдүүд энэ халдварыг хамгийн их тусаж байна гэхээр насанд хүрэгчид хүүхдэдээ аваачиж халдварлуулаад байдаг. Менингококкт халдварын нян нь залгиурын хоолойн дээр тогтчихдог. Насанд хүрэгчдэд ямар нэг хүндрэл байхгүй. Харин хүүхдүүдэд халдварлачихвал хүндрэх эрсдэлтэй.
Цар тахлын дараа хоёр жил гэртээ байсан хүүхдүүдийн дархлаа уначихсан байгаа. Гэтэл гэртээ оронгуутаа хүүхдүүдээ үнсэж нян халдаагаад байдаг.
-Энэ халдварын вакциныг товлолт вакцин болгох боломжтой юу?
-Товлолт вакцин болгоход томоохон хэмжээний судалгаа хийх хэрэгтэй. Түүнчлэн ОУ болон ДЭМБ-аас тус халдварын вакциныг товлолт вакцин болгохыг зөвлөөгүй байна.
-Одоо хийж байгаа вакцины үнийн хувьд?
-22 мянган төгрөг.
-Хүмүүс хэр их вакцин хйлгэж байна вэ?
-Менингококкт халдвар бүртгэгдлээ гэсэн мэдээлэл гарснаас хойш энэ халдварын эсрэг вакциныг хийлгэх идэвх нэмэгдсэн.
-Цахилгаан менингет нь хэдээс хэдэн сарын хооронд хамгийн идэвхтэй байдаг вэ?
-Энэ халдвар нь хаврын улиралд хамгийн идэвхтэй байдаг. Ерөнхийдөө 3-5 дугаар сарын хоорондох хугацаанд халдвар гарах эрсдэлтэй. Гэхдээ энэ нь тийм ч айдаст автуулах өвчин биш. Эрт илрүүлээд, түргэн шуурхай эмнэлэгт хандаж, арга хэмжээ авч чадвар бүрэн эмчлэгдэх боломжтой.
-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нэн шаардлагагүй бол бага насны хүүхдээ гадагшаа дагуулж гарахгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөмөөр байна. Түүнчлэн хүүхдүүдийн амны ойр орчинд үнсэхгүй байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд тань өндөр халуурч, бие дээр нь тууралт гарч, бөөлжиж байвал нэн яаралтай хамгийн ойр байгаа эмнэлэгт хандаж эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Өөрсдийн дураар эмчилгээ хийж болохгүй.
Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүд хоолойгоо зайлаад сурчихсан байдаг учир давс, содын уусмалаар хоолойг нь зайлуулж байх нь их чухал. Ингэвэл хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Яг одоо томуу, томуу төст өвчний идэвхтэй үе явагдаж байгаа учир цэг эхчүүд маань менингококкийн халдварыг ханиадтай андуурах эрсдэлтэй байдаг. Тиймээс илрэх шинж тэмдгүүдийг сайн ажиглах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд маань гэртээ оронгуутаа хоолой амаа зайлаад, гараа угаасны дараа бага насны хүүхэдтэйгээ харьцах юм бол менингет, томуу зэрэг бүх төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой.