Хаврын улирал эхэлж буйтай холбогдуулан харшлаас сэргийлэх арга хэмжээ, эрт илрүүлэг болон эмчилгээний талаар "Мон Шинжикү Скин мед" арьс, харшлын эмнэлгийн их эмч, клиникийн профессор Г.Доржхандтай ярилцлаа.
-Одоо гуравдугаар сар бараг дундаа орох гэж байна. Яг энэ үед харшилтай хүмүүс юун дээр анхаарч, ямар арга хэмжээ авах үе вэ?
-Яг одоо улирлын зааг үе явагдаж байна. Ялангуяа арьсны өвчтэй хүмүүсийн хувьд арьс хуурайшдаг. Тиймээс нар салхинаас маш сайн хамгаалж, чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй.
Мөн зун болох гэж буйтай холбоотойгоор ургамлын харшил эхлэх гэж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас ургамлын тоосжилт эхэлдэг. Энэ үед хүмүүс урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдвал зохимжтой.
-Урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж юу вэ?
-Хамгийн түрүүнд та сорил тавиулах ёстой. Хэрэв сорилтоор зөвхөн шарилжны харшилтай гэж гарсан бол өдийд шарилжны тоосноос урьдчилан сэргийлэх, амьсгалын замын цацлага эмчилгээнд явж болно. Энэ эмчилгээ дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж хийгддэг. Энэ эмчилгээг байгууллагынхаа харьяа эмнэлэг юм уу хувийн хэвшлийн эмнэлгүүдэд очин, харшлын эмчид хандаад хийлгэж болно.
Хэрэв модлог ургамал, улиас, үр тариа, тоос гээд олон зүйлээс харшилтай бол урьдчилаад эмчилгээнд хамрагдах боломжтой. Жишээ нь манай эмнэлэг дээр энэ төрлийн цусны сийвэнгийн эмчилгээг хийдэг.
-Энэ эмчилгээг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу? Тухайлбал, хэдэн настай хүүхэд сийвэнгийн эмчилгээ хийлгэж болох вэ?
-Аутоплазм эмчилгээ буюу тухайн хүний өөрийнх нь цусны сийвэнгээр өдөр бүр вакцин хэлбэрээр тарьж эмчилдэг. Тодруулбал, тухайн хүнээс бага хэмжээний цус авч сийвэнг нь ялгаж аваад бага тунгаар өдөр бүр тарьдаг. Энэ нь хүний дархлааг зүгшрүүлдэг эмчилгээ юм.
Ямар өвчнөөсөө хамаарч хэр удаан хугацаанд эмчилгээ хийх нь хамаардаг.
Ерөнхийдөө 7 наснаас дээш хүүхдүүдээс шинжилгээ авч, хийх боломжтой.
-Танай эмнэлэгт хэдэн төрлийн харшил тодорхойлох сорил тавьдаг вэ?
-Тухайн хүн өөрийн харшуулж байгаа зүйлээ мэдчихвэл энэ нь нэг талдаа оношилгоо нөгөө талдаа эмчилгээ болдог. Ямар нэг эм уугаад юм уу хоол идэхэд тухайн зүйл таны биед харшилж байвал тэр зүйлээсээ хөндийрөх хэрэгтэй. Эмчид очиж амжаагүй байсан ч хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол энэ юм.
Сорил гэдэг нь харшлын өвчний оношилгооны хамгийн чухал зүйл. Энэ нь дотроо олон төрөл. Тухайлбал, арьс хатгах, бэгнэх, арьсан дор тарих гэх мэт аргаар харшлыг тодорхойлж болно. Үүнээс манай эмнэлгийн хувьд арьс хатгах оношилгоог тавьдаг. Хүнсний болоод амьсгалын замын оношлуураар 15 минут болоод хариу нь гардаг сорил тавьдаг.
-Арьс цайрах өвчтэй хүнд сорил тавьдаггүй гэж сонсож байсан. Танай хувьд харшлаас гадна арьсны эмнэлэг юм байна. Тэгэхээр яг ямар хүнд сорил тавихыг хориглодог вэ? Сорил тавиулах гэж байгаа хүн ямар бэлтгэлтэй ирэх ёстой вэ?
-Сорилыг заавал ийм өвчтэй хүнд тавина гэсэн заалт байхгүй. Ер нь тухайн хүн өөрөө "би ямар нэг зүйлээс мэдрэг, харшилдаг байх вий" гэсэн үүднээс ирээд сорил тавиулж болно. Орчин үед чинь бид маш олон харшил өгөх зүйл дунд амьдарч байна шүү дээ.
Хэрэв яалт ч үгүй харшилтай гэдэг нь илэрхий хүн байвал яг өдийд цусны сийвэн эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Биеийн дархлаа засах эмчилгээг харшил эхлэхээс урьтаад хийлгэж байх ёстой. Гэхдээ урьдчилан сэргийлэх эмчилгээг нэг жил хийлгээд цаашид ямар нэг зүйлээс харшлахгүй гэж хэлэх боломжгүй байдаг. Дор хаяж 3-5 жил эмчийн хяналт дор тасралтгүй хийж байж үр дүнд хүрнэ.
-Сүүлийн жилүүдэд манайд арьс цайрах өвчтэй хүмүүсийн тоо хэр их нэмэгдэж байгаа вэ? Нарны гэрэл хурц тусдаг болж байгаа энэ үед тэдгээр хүмүүс юун дээр анхаарах вэ?
-Арьс цайрах өвчин дэлхийн аль ч улсын хүн амд байна. Дэлхийн нийт хүн амын 1-2 хувийг арьс цайрах өвчтэй хүмүүс эзэлдэг гэсэн судалгаа байдаг. Миний туршлагаас харахад сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчин нэмэгдэж байна. Залуу эмч байхад бага насны хүүхэд хэр баргийн ирж үзүүлдэггүй байсан. Харин одоо бол эцэг эхчүүд өлгийтэй хүүхдээ хүртэл тэврээд ирдэг болсон байна. Ер нь арьс алаглах өвчин ихсэж байгааг дэлхийн эрдэмтэд ч хэлж байна. Энэ нь бидний хүрээлэн буй орчин, идэж буй хоол хүнс, амьсгалж буй агаар гэх мэт зүйлтэй холбоотой.
-Харшлын тоо нэмэгдэх тохиолдол байдаг уу? Тухайлбал өнгөрсөн жил ургамлын харшилтай байж байгаад энэ жил нэмэгдээд тоосны харшилтай болох гэдэг ч юм уу?
-Тийм тохиолдол байдаг. Ер нь бол ургамал, тоосны харшил жилээс жилд нэмэгдэнэ үү гэхээс аяндаа алга болно гэсэн зүйл байдаггүй.
-Танайх бол арьс цайрах өвчний эсрэг хамгийн сайн эмчилгээ хийдэг Япон улсын жишгийг нэвтрүүлсэн эмнэлэг. Саяхан бас арьс харшлын эмчилгээний чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн гэж байна. Тэгэхээр магадлан итгэмжлэгдэнэ гэдэг нь ямар давуу талтай гэсэн үг вэ?
-Тухайн чиглэлээр олон улсын стандартын дагуу баталгаатай эмчилгээ хийнэ гэсэн үг. Товчхондоо чанарын баталгаа гэж ойлгож болно. Манай эмнэлэг 2018 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх арьс цайрах өвчнийг эмчлэх эмчилгээ хийдэг байсан бол одоо илүү төрөлжиж өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчтэй болж байна.