Г.Ёндон: Нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орох төлөвлөгөө гарсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: Нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орох төлөвлөгөө гарсан

/2022.02.24/

Эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт арга хэмжээ болж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр:

- Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн салбарын төсөвт оруулсан орлого анх удаагаа 4.1 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн орлогын 29.6%-ийг бүрдүүлжээ. Эрдсийн ханшийн өсөлт тохиосон нь төсвийн орлогыг дээд хэмжээнд хүрч нэмэгдэхэд гол түлхэц болжээ.

2021 оныг уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл талаас сайн ажилласан жил болсон гэж сайд дүгнэж байна. Өнгөрсөн онд манай улсын нүүрсний экспорт 56%-ийн биелэлт гарсан боловч бусад эрдсийн хувьд 80-90%-иар төлөвлөгөө биелжээ. Арванэгдүгээр сарын эцсээс төмөр замын задгай тээвэр зогссон улмаас сар гаруйн хугацаанд зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспорт тасалдсан ч экспортын төлөвлөгөө ерөнхийдөө биелсэн байна.

Одоогийн байдлаар 6 сая тонн нүүрсний овоолго Цагаанхад дээр байна. Монголын нүүрсний 95% нь гардаг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын нэвтрэлт буурсны улмаас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн уурхайн олборлолт зогссон тухай сайд тэмдэглэлээ. Гэсэн ч Засгийн газар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх орон зай багагүй бий гэж тооцоолж байна.

- Шинэ сэргэлтийн бодлогод эрдэс баялагийн бодлогыг хэрхэн тусгасан бэ? Өнөөдрийн байдлаар манай улс уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ямар байдалтай байна вэ?

- Шинэ сэргэлтийн бодлогыг үндсэн 6 чиглэлээр боловсруулсан. Үүний гуравдугаарт, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого гэж байгаа.

Нүүрсний экспорт жил бүрийн нэг, хоёрдугаар сард тааруухан байдаг. Харин энэ жилийн хувьд, өмнөх жилүүдээс харьцангуй бага байна. Энэ нь цар тахлын нөхцөл байдал, БНХАУ-д халдварын тохиолдол нэмэгдэж байгаа байдал зэрэг нөлөөлж байгаа юм. Бид өнөөдрийн байдлаар ойролцоогоор 300 машин нүүрс гаргаж байна. Гашуунсухайтын боомтоор 100-110 машин нүүрс гарч байна. Энэ байдал дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх байх гэж харж байна.

Зэсийн баяжмалын хувьд, арваннэгдүгээр сарын 29-нөөс хойш үргэлжилсэн Эрээн дээрх саад хүндрэл өөрчлөгдсөн. Чингэлгээр гаргах болсон.

- Боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ? Ямар шатандаа явж байгаа вэ?

Боловсруулах үйлдвэр маш чухал. Бид олон жил түүхий эдээ гаргадаг байсан бол өнөөдөр нэмүү өртөг шингээж, ажлын байр бий болгож, татвар төлөх нөхцлийг бүрдүүлэх давуу талтай. Боловсруулах үйлдвэр баригдсанаар ЖДҮ, кластер хөгжих нөхцөл бүрдэнэ. Жишээ нь: Эрдэнэтэд Эрдмин гэдэг үйлдвэр анх 1997 онд ашиглалтад орсон цагаас хойш Монголчуудын өдөр тутмын амьдрал зэсэн бүтээгдэхүүн өргөнөөр орж ирсэн. Зэс аяга, халбага, сэрээ, гүц гэх мэт.

- Нүүрс баяжуулах үйлдвэрийг хэзээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа вэ?

- 2024 оны нэгдүгээр улиралд дуусгах төлөвлөгөө гарсан. Эхний 10 сая тонн нүүрс боловсруулах модуль нь тэр хугацаанд бэлэн болохоор байгаа гэсэн үг.

- Дэлхий дахинд хүнд нөхцөл байдал үүсч байна. Орос, Украин гэх мэт. Үүнтэй холбогдуулан уул уурхайн бүтээгдэхүүний үнэд ямар нэг өөрчлөлт орох уу?

- Дэлхий дахинд бүх төрлийн түүхий эдийн үнэ өсөж байна. Орос, Украины нөхцөл байдалтай уялдуулбал, манай улс ОХУ-ын Роснефть компанийн Ангарскаас газрын тосны бүтээгдэхүүнээ авдаг. Үүн дээр бид яриа хэлэлцээр хийж байна. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаан дээр энэ асуудалтай уялдуулаад газрын тос чиглэлийн асуудлаар ОХУ-д ажиллах томилолтыг өгсөн. Гол нь нөөцийн тогтвортой байдлыг хангахад орших юм.

Шатахууны үнэ хөндлөнгийн оролцоогүйгээр автомат үнийн тооцооллоор бага багаар өсөж байгаа. Цаашид ч шатахууны үнэ өсөх байх. Гэхдээ тийм ихээр өсөхгүй. Ерөнхий сайд огцом өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авахыг даалгасан.

- Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор ямар нөлөө гарах вэ?

- Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор гадаад зах зээлээс авдаг үнээс 15 хувиар хямд байх тооцоо бий.

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XIV уулзалт боллоо
Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын XIV уулзалт боллоо
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.