/2022.02.16/: Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байгаа, Украинтай холбоотой геополитикийн хурцадмал байдал зэрэг нь зарим улс орныг түүхий эдийн шинэ түнш хайхад хүргэж байна хэмээн Bloomberg бичжээ. Энэ байдал ОХУ-тай нягт уялдаж байгаа юм.
Учир нь, Украины эргэн тойронд хурцадмал байдал үүссэн нь олон улсын зүгээс ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч болзошгүй байдал үүсгээд байгаа билээ. Хэрвээ ийм эрсдэлтэй байдал үүсч, худалдааны хязгаарлалт хийгдвэл түүхий эдийн хувьд ОХУ-аас хамааралтай Азийн нөлөө бүхий хэрэглэгчид хэрхэхээ тооцоолж эхэлсэн ажээ. Одоогоор Азийн цөөнгүй улс газрын тос, мазутын хувьд ОХУ-аас хамааралтай байна.
Хэдийгээр дайн болж, ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах магадлал бага ч "газрын тосонд шунасан" Азийнхан ирэх дөрөвдүгээр сард худалдан авах төлөвлөгөөгөө эргэн харж, Оросын газрын тосыг орлох бүтээгдэхүүний түнш хайж эхэлж байна гэж Bloomberg онцолжээ. Харин ямар улс орнууд ийм үйл ажиллагаа хийж байгааг хэрэглэгчийн эрх ашгийг хүндэтгэх үүднээс тус агентлаг мэдээлээгүй байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, хэрвээ Азийн орнууд Оросын газрын тосны бүтээгдэхүүнээс татгалзвал АНЭУ, Саудын Арабт давуу байдал бий болж, их ашиг хүртэх боломж гарах аж. Гэхдээ энэ нь хэрэглэгчдэд давуу байдал үүсгэхгүй, учир нь, тээвэр ложистикийн асуудал гарах нь тодорхой. Тиймээс Азийн хэрэглэгчид энэ асуудалд ихэд болгоомжтой хандаж байна. Нөгөө талаар Оросын эсрэг тавих магадлалтай аливаа хориг арга хэмжээ, худалдааны хязгаарлалт нь газрын тосны үнийг улам өсгөнө гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Эрэлт ихэсч бензин, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүний үнэ он гарсаар 20 хувиар өсчээ.