2021 онд резидент эмч нарын цалинд 20 тэрбум төгрөг зарцуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2021 онд резидент эмч нарын цалинд 20 тэрбум төгрөг зарцуулжээ

/2022.02.16/: Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн шинэчлэлийн эхлүүлж, резидент эмчийг цалинтай болгов. Мөн резидент эмч бэлтгэх сургалтын нэгдсэн хөтөлбөртэй боллоо.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр тайлбар өглөө. Тэрээр:

-Эрүүл мэндийн яамнаас төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог шинэчлэх ажлын хүрээнд хэд хэдэн ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Резидент эмчийн сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаах ухааны үндэсний их сургуульд түшиглэн явуулж байна. Тус хоёр газар явагдаж байгаа сургалтууд хоёр өөр хөтөлбөрөөр бэлтгэгдэж гардаг. Энэ шинэчлэлтийн хүрээнд резидентийн сургалтын хөтөлбөрийг нэгдсэн нэг хөтөлбөртэй болгохоор ажиллаж байна.

Сургалтын хөтөлбөрийг бид Боловсрол, шинжлэх ухааны яам, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль, сургалт эрхлэх байгууллагуудтай хамтран агуулга, арга зүй, үнэлгээ нь нэгдсэн нэг байхаар төлөвлөн хийж байна. Мөн өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ, эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжийн шинээр нэвтэрч байгаа байдал, эмнэлзүйн удирдамж, зааврууд шинэчлэгдэж байгаатай холбоотой үндсэн мэргэжлийн 8 чиглэл, төрөлжсөн мэргэжлийн 30 чиглэл, сувилахуй, эх барихын 8 чиглэл нэмэгдэж сургалтын хөтөлбөр боловсруулагдана.

Шинэчлэлтийн дараагийн том ажил бол тухайн жилд элсүүлэн суралцуулах эмнэлгийн мэргэжилтний тоог Эрүүл мэндийн сайдын тушаалаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Эрүүл мэндийн хөгжлийн төв, түүний харъяа сургалт эрхлэх байгууллагууддад элсүүлэх суралцагчдыг тусад нь баталдаг байсан бол энэ жилээс хүний нөөцийн төлөвлөлт, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын байдал, хүн амын өвчлөл, хүний нөөцийн дутагдал зэрэгтэй уялдуулан нэгдсэн байдлаар төлөвлөн ажиллаж байна.

Резидентийн сургалт эрхэлдэг байгууллагуудыг өргөжүүлэх чиглэлээр Монгол-Японы эмнэлэг дээр резидентийн сургалтын 13 чиглэл, АШУҮИС-ийн нүүр ам судлалын сургуульд 7 чиглэлээр, хувийн хэвшлийн 2 эрүүл мэндийн байгууллагад резидентийн сургалт эрхлэх эрхийг олголоо. Мөн резидент эмч нарыг хөдөө орон нутагт суралцах боломжийг хангах үүднээс Дорнод аймгийн БОЭТ, Орхон аймгийн БОЭТөвүүдэд резидентийн сургалт эрхлэх эрхийг олголоо. Түүнчлэн Орхон аймгийн БОЭТ-д сувилахуйн мэргэжүүлэх сургалт эрхлэх эрхийг олголоо.

Ингэснээр эрүүл мэндийн ажилтан, сувилагч, резидент эмч нар өөрт ойр байгаа газраа мэргэшүүлэх сургалтад хамрагдах боломж бүрдлээ.

2021 онд Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас гаргасан бодлогын чухал шийдвэр бол резидент эмчийг цалинтай болгох тухай шийдвэр байлаа. Резидент эмч нар цалинтай болсноор ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үйл ажиллагаагаа суралцангаа ажиллах боломж бүрдлээ.

Ингэснээр резидент эмч нар ая тухтай суралцах, цаашлаад сайн мэргэжлийн эмч нар бэлтгэгдэх боломж бүрдлээ. 2021 онд резидентийн сургалтанд сууж байгаа 2200 орчим эмч нарын цалинд 20 орчим тэрбум төгрөг, НД-ийн шимтгэлд 200 орчим сая төгрөг зарцуулсан байна.

МОНГОЛБАНК: Ус, дулааны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийг мэдээллийн санд бүртгэх шийдвэр ГАРААГҮЙ
МОНГОЛБАНК: Ус, дулааны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийг мэдээллийн санд бүртгэх шийдвэр ГАРААГҮЙ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.