/2022.02.02/: Твиттер компани Инстаграмын ‘Close Friends’-тэй төстэй Flock хэмээх шинэ үйлдэл хөгжүүлж байна
Инстаграм орчин дахь Close Friends буюу цөөн тооны хязгаарлагдмал найзуудын хүрээнд Story оруулах үйлдлийн талаар бид бүгд мэднэ. Харин энэ үйлдэлтэй тун төстэй Flock хэмээх шинэ функцийг Твиттер компани хөгжүүлж байгаа бөгөөд үүнийг ашиглан, хэрэглэгч өөрийн гаргасан дагагчдын жагсаалт буюу хязгаарлагдмал хүрээнд тодорхой жиргээнүүдээ нийтэлж болох ажээ. Энэ тухай өнгөрсөн оны 7-р сард Твиттер компани цухасхан дурдсан бөгөөд тэр үеэр мөн бусдын жиргээнд “downvote” хариу үйлдэл үзүүлэх буюу “dislike” дарах үйлдэл нэвтрүүлэх тухай ч яригдсан юм.
Программ хангамжийн мэргэжилтэн Alessandro Paluzzi хэмээх эрхэм Твиттер аппликэйшний эх кодыг задлан шинжлээд, Flock үйлдэл нь хөгжүүлэлт хийгдсэн хэвээр байгаа талаар мэдэгдсэн байна. Эхэндээ ‘Trusted Friends’ нэртэй байсан тус функцийг Flock нэртэйгээр хөгжүүлж байгаагаас гадна одоогоор Flock-т ашиглагдах дагагчдын тоо нь хамгийн ихдээ 150 хүн байхаар хязгаарлаж байгааг ч мөн тэрээр олж мэджээ.
Гэхдээ Твиттер компани 2021 оны 7-р сард цухас дурдаад өнгөрснөөс хойш энэ талаар албан ёсны мэдээлэл огт өгөөгүй байгаа юм. Тухайн үед нь бид Flock үйлдлийн график интерфэйс ямаршуухан дүр төрхтэй байх талаар анхны төсөөлөл авсан бөгөөд хэрэглэгч жиргээ нийтлэхдээ “Бүх хүнд”, эсвэл “Дотны найзууд” гэсэн сонголтоос сонгох боломжтой байхаар харагдаж байв. Мөн хэрэглэгчийн таймлайнд дотны найзуудын жиргээ хамгийн эхэнд харагдаж байх сонголтыг ч мөн оруулж байгааг зураг дээрээс харж болно.
Alessandro Paluzzi-ийн хамгийн сүүлд оруулсан мэдээллээс харвал, хамгийн ихдээ 150 хүн багтаах листнээс та хасагдсан бол танд ямар нэгэн мэдэгдэл ирэхгүй бөгөөд, эсрэгээрээ хэн нэгний Flock-т та нэмэгдсэн бол танд мэдэгдэл ирэх ажээ. Гэхдээ мэдэгдэл нь ямар өнгө төрхтэй байх талаар мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Close Friends шиг ийм үйлдэл нэвтрүүлэх нь Твиттерийн хувьд тун ч оновчтой байж мэдэх юм. Учир нь зарим хүмүүс тодорхой нэг жиргээгээ бусдад харуулахгүйн тулд хаягаа түгжиж, private байдлаар ашиглах, зарим тохиолдолд өөр хаяг нэмж нээх зэрэг шаардлага үүсдэг. Мөн Твиттер компани өөрийн жиргээнүүдээс гадна таймлайнаа ч илүү хувийн шинж чанартай байлгахыг хүссэн хүмүүст зориулж, The Communities хэмээх үйлдэл ч хөгжүүлж байгаа аж.
Гэхдээ энд нэг асуулт гарч ирж байгаа нь хэрэглэгчид Инстаграмын Close Friends ашиглан нүцгэн зургаа хязгаарлагдмал хүрээнд түгээдэг шиг зүйл хэр тохиолдох бол? Инстаграмтай харьцуулахад Твиттер платформ +18 зураг, бичлэгт харьцангуй “энэрэнгүй” ханддаг тул дээрх боломжийг ашиглах магадлал тун ч өндөр юм. Мөн нэг эрсдэл байгаа нь Твиттер хэрэглэгчид бусдын жиргээг скрийншот хийж аваад, хадгалсан скрийншотоо тохиромжтой үед нь гаргаж нийтэлдэгээрээ алдартай. Тиймээс дотны найзууд дундаа оруулсан жиргээ тань зураг болон хадгалагдаад, хожим нь цахим гадуурхал буюу Bully-дүүлэх эрсдэлтэй гэдгийг сануулах нь илүүц биз ээ.
Эх сурвалж: inputmag