/2022.01.17/: "Мөнгөн мод" оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслол энэ сарын 23-нд 13 дахь жилдээ улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
2008 оноос хойш тайз дэлгэцийн шилдгүүдийг тодруулж ирсэн наадамд Засгийн газрын тогтоолоор энэ жил таван шинэ төрөл нэмэгдэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 салбарыг бүрэн багтаасан юм.
Ингэснээр ковидын үед зогсонги байсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамаарах бүтээн туурвигч, соёлын ажилтнуудын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах боломжтой болж байна. Ялангуяа, тайз дэлгэцийн зохиолч, продюсер, удирдаач зэрэг төрөл нэмэгдсэн нь энэ салбарт гарч буй шинэ бүтээл, уран бүтээлчдийг олон нийтэд танилцуулж, цаашид дэмжих нөхцөл бий болж байгаа юм.
“Мөнгөн мод” наадмын өдөр нийтдээ шилдэг тайз дэлгэцийн 12 бүтээл, 12 уран бүтээлч шалгарах бөгөөд тус бүрд нь “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм.
Шилдэг бүтээл, уран бүтээлд нэр дэвшигчдийг маргааш хүртэл цахимаар бүртгэх юм байна.
Эх сурвалж: Соёлын яам