/2022/ "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс тус хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр хоригдож буй Э.Бат-Үүлийн гэр хорооллынхонд хандан уриалга гаргасныг "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс хүргэлээ.
"2002 онд Д.Сүхбаатарын талбайд трактортай цуглаан зохион байгуулж, гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан тэмцсэн. Үр дүнд нь УБ хотын гэр хорооллын иргэдийн хашаа "газарт оролгүй" хамгаалагдаж үлдсэн.
2012 онд Улаанбаатар хотын засаг дарга болж гэр хорооллын дахин төлөвлөлтийг 17 байршилд эхлүүлж, хотоос тогтоосон захиргааны үнийг чөлөөлсөн. Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсны үр дүнд хашааны газрын үнэ огцом өссөн. Мөн хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон. Энэ бол дахин төлөвлөлтийн ажлын эхний алхам байсан. Дараагийн шатыг сайн хашаа хөтөлбөрөөр үргэлжлүүлэхээр зарлаж байлаа. Энэ нь гэр хорооллын айлууд хашааны газраа нийлүүлж, газар дээрээ бүтээн байгуулалт явуулахыг нийслэлээс дэмжих зорилготой төсөл байсан юм.
Харамсалтай нь 2016 оны нийслэлийн сонгуулиар АН ялагдаж МАН нийслэлийг эргэн удирдах болсон. Олигархууд буцаж ирээд гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүх ажлыг зогсоосон. Энэ ажлыг зориглон хийж эхэлсэн компаниудын санхүүжилтийг гацааж тэднийг өрөнд оруулсан. Тэдний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж бүх бурууг нэгэн аав хүү хоёрт тохож, иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлгаж, хашааны газрыг үнэгүйдүүлэн, эздээс нь дээрэмдэн авч ашиг олох шунал юм. Үүнийг нь шүүх хурлын үеэр "дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны чинь төлөө таныг яллаж байна" гэж хэлсэн прокурорын үг нотолж байна.
Олигархууд гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон олон их наядаар тоглож, хөлжлөө. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирлээ. Үүнийг өнөөдрийн гамшиг болсон утаа, ядуурсан гэр хороолол хоёр гэрчилнэ. Гэр хорооллын иргэдээ та нар минь битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай. Олигархуудад бүү хууртаарай. Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах, шинэ Улаанбаатар босох ёстой. Та бүгдийн төлөө тэмцсэн миний 20 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй. Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна. Үүний төлөө ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна. Намайг зүгээр ч нэг гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү. Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна" гэсэн уриалгыг гэр хорооллынхонд хандаж илгээжээ.