/2021.07.30/: МАН, МАХН-тай ахин нэгдсэнээр намын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлтүүд орж үндсэндээ дуусаад байна. Харин Засгийн газрын бүрэлдэхүүнд хэнийг оруулах вэ гэдэг сонголт ид явагдаж байна. Хавраас эхэлсэн яриа тохиролцоо үргэлжилсээр байгаа бөгөөд МАН-ын зүгээс Сайд асан З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нарыг дэмжихгүй гэдэг байр сууриа хатуу илэрхийлжээ.
Эхний тохиролцоогоор Засгийн газарт МАХН хоёр сайд томилуулах байсан ч Монгол Ардын Намаас БОАЖЯ-ыг сул өгөх боломжгүй болсон. Улмаар энэ албан тушаалд яригдаж байсан Б.Тулга МАН-ын удирдах бүрэлдэхүүнд орж намын нарийн бичгийн даргаар ажиллаж буй юм.
Цор ганц яам оногдсон МАХН-ынхан энэ суудалдаа намын дарга асан Н.Энхбаярын тун ойрын хүн гэгдэх Б.Хэрлэн гэх эмэгтэй дээр тогтжээ.
Б.Хэрлэн нь Удирдлагын академийн багшаар ажиллаж байсан бөгөөд Эрчим хүчний яамны сайдаар томилуулахаар эхний тохироо хийгдсэнийг ойрын эх сурвалжууд мэдээлж байна.