/2021.07.30/: Малала Юсуфзай "Дэлхий дахинд охидын боловсролын асуудалд хямрал нүүрлээд байна. Дэлхий даяар 130 сая гаруй охид сургууль завсардаад байна" гэж анхааруулсан ба боловсролын төлөө тэмцэгч тэрээр Лондон хотод болж буй дэлхийн боловсролын дээд хэмжээний уулзалтын үеэр "охидын ирээдүйн төлөө тэмцэх нь зүйтэй юм" гэж мэдэгджээ.
Тэрээр, цар тахал ангижирсны дараа боловсрол эзэмших эрх шударга хүртээмжтэй байх ёстой гэв. Боловсролын төлөөх дэлхийн түншлэлийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн хамгийн ядуу орнуудын боловсролыг дэмжих зорилгоор 5 тэрбум доллар босгохыг хүсч байгаа ажээ. Энэ ажиллагаа нь Их Британи, Кени улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд дараагийн таван жилийн хугацаанд нэмэлт хөрөнгө босгож, 88 сая сурагчийн суудлыг шинээр бий болгож, 175 сая хүүхдийн сурахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
Цар тахал нь ядуу орнуудын сургуулиудад тулгараад байсан асуудлуудыг улам хурцатгаж, коронавирусын улмаас сургуулиасаа хөөгдсөн хүүхдүүд сургуульдаа ахин хамрагдаж чадахгүй байж болзошгүйг анхааруулав. Дайн байлдаантай байгаа Сирийн охидын боловсролд зориулж Их Британи 430 сая фунт стерлинг өгөхөө амласан бол бусад хандивлагч орнууд боловсролын хамгийн том хөрөнгө босгох арга хэмжээний үеэр цуглах нийт мөнгөн дүнгээс 4 тэрбум орчим долларыг хандивлах төлөвтэй байна.
Австралийн Ерөнхий сайд асан, Боловсролын төлөөх дэлхийн түншлэлийн тэргүүн Жулиа Гиллард хандивлагч орнуудын санхүүжилтээр 5 тэрбум долларыг босгох итгэлтэй байна. Тэрээр хэлэхдээ, цар тахал нь бүх улс орны боловсрол тогтолцоог доголдуулаад байна. Сургуулиуд хаагдсанаар ядуу буурай орны олон хүүхэдтэй ихэнх өрхүүд тог цахилгаан болон интернетэд холбогдоогүйгээс хичээл ихээр завсардсан гэжээ.
Нобелийн шагналт Малала боловсролын дээд хэмжээний уулзалтын төлөөлөгч нарт хандан эмэгтэйчүүдэд боловсрол олгох талаар анхаарч, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх нь чухал болохыг анхааруулан, ялангуяа "хүйсийн ялгааны улмаас" сургуульд хамрагдаж чадаагүй олон мянган охид байгааг сануулав. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "Дэлхий даяар маш олон хүүхэд, ялангуяа охид, цар тахал гархаас өмнө сургуульд хамрагдаж чадаагүй байсан. Тэдэнд сурч, чадавхиа бүрэн дүүрэн нээх боломжийг олгосноор энэхүү хямралаас гарах юм" гэж хэлээд Олон улсын хамтын нийгэмлэгт санхүүжилт хийхийг уриалсан байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/education