/2022.01.10/: ОХУ ням гарагт АНУ-ын дарамт шахалтад буулт хийхгүй гэдгээ мэдэгдэн, Украины хямралын талаарх энэ долоо хоногийн яриа хэлэлцээ эрт дуусгавар болж магадгүйг анхааруулсан байна.
Москвагийн хатуу байр суурь нь хүйтэн дайн дууссанаас хойш 30 жилийн дараа АНУ-ОХУ-ын харилцааны хамгийн хурцадмал үе болоод байна. Оросууд Украин руу шинэ халдлага хийх аюулаас сэргийлнэ гэж Вашингтоны найдаж буй хэлэлцээрийн хэтийн төлөв эмзэг байгааг онцоллоо.
Даваа гарагт Женевт яриа хэлэлцээ эхлэх ба дараа нь Брюссель, Венад хийх төлөвлөгөөтэй байгаа хэдий ч төрийн өмчит РИА агентлаг Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябковын “нэг дэх уулзалтын дараа дипломат харилцаа дуусгавар болох бүрэн боломжтой” хэмээн хэлснийг иш татан мэдээлжээ.
"Би юуг ч үгүйсгэхгүй, энэ бол бүрэн боломжтой хувилбар бөгөөд америкчууд энэ талаар төөрөгдөлд орох ёсгүй" гэж тэрээр хэлжээ.
"Бид мэдээж дарамт шахалт дор буулт хийхгүй" хэмээн Женев дэх Оросын төлөөлөгчдийг ахлах Рябков мэдэгдэв.
Интерфакс агентлаг Рябковын хэлснийг иш татан Москва яриа хэлэлцээнд өөдрөг биш байна хэмээн мэдэгдсэн бол АНУ таамаглал ч мөн өөдрөг бус байна.
"Ирэх долоо хоногт бид ямар нэгэн ахиц дэвшил гарна гэж би бодохгүй байна" хэмээн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен CNN-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Барууны орнуудын аюулгүй байдлын баталгааг хангах тухай Оросын шаардлагын хариуд АНУ болон холбоотнууд бүс нутагт цэргийн сургуулилт хийх, пуужин байрлуулахыг тал бүрээр хязгаарлах боломжийг хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Блинкен ABC News телевизэд өгсөн ярилцлагадаа " Орос Улс хилийнхээ ойролцоо 100,000 цэргийг Украйны толгой руу буу тулгаж буй мэт байрлуулсныг харахад бодит ахиц дэвшил гаргана гэж хэлэхэд хэцүү байна" гэжээ.
ОХУ-ын хэдэн арван мянган цэрэг Украйны хилийн орчимд цуглараад байгаа нь Оросууд Крымын хойгийг Украинаас булаан авснаас хойш найман жилийн дараа дахин довтолж магадгүй хэмээн Вашингтон болон Киев үзэж байна.
Нөхцөл байдлыг дэлхий цөмийн дайны ирмэг дээр байсан 1962 оны Кубын пуужингийн хямралтай харьцуулсан Рябковын тайлбар нь Оросын хэдэн долоо хоногийн турш дохио өгч буй эвлэршгүй шугамтай нийцэж байна.
Орос улс түрэмгийлэх төлөвлөгөөг үгүйсгэж, НАТО-гийн цэргийн эвсэл болон барууны зүг чиглэн НАТО-д элсэхийг эрмэлзэж буй Украины түрэмгий, өдөөн хатгасан үйлдэлд хариу үйлдэл үзүүлж байна хэмээжээ.
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан газрын тос олборлогч бүгд найрамдах улс эмх замбараагүй байдлын давалгаанд өртсөний дараа өнгөрсөн долоо хоногт Орос Улс хөрш Казахстан руу цэргээ илгээсэн нь байдлыг улам хүндрүүлсэн юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн бямба гарагт Блинкений "Оросууд танай гэрт орсны дараа тэднийг тэндээс гаргахад заримдаа маш хэцүү байх болно" гэсэн үгэнд ихэд дургүйцжээ.
Улаан шугамууд
Өнгөрсөн сард Орос Улс НАТО-г цаашид өргөжүүлэхийг хориглох, 1997 оноос хойш нэгдсэн төв болон зүүн Европын орнуудад эвслийн үйл ажиллагаанд оролцохыг зогсоох зэрэг өргөн хүрээтэй шаардлагуудыг тавьсан.
АНУ болон НАТО Оросын саналын ихэнх хэсгийг боломжгүй хэмээн үзжээ.
АНУ зүүн Европоос цэргээ гаргах эсвэл НАТО-г Украйныг оролцуулан өргөжүүлэх талаар хэлэлцээр хийхийг хүсэхгүй байна гэж Блинкен хэлэв.
НАТО-гийн өргөтгөлийн дараалсан давалгааны дараа Орос Улс "улаан шугам"-аа мөрдөж, эвсэлд Украинд оруулахгүй байх, Оросыг онилох зэвсгийн систем байрлуулахгүй байхыг Кремлийн удирдагч мэдэгдэв.
Украйн 2008 онд НАТО-оос хэзээ нэгэн цагт тус байгууллагад нэгдэх зөвшөөрөл олгоно гэсэн амлалт авсан ч ойрын үед ийм зүйл болохгүй гэж дипломатууд үзэж байна.
Сүүлийн таван долоо хоногт хийсэн хоёр яриа хэлэлцээгээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины эсрэг дахин түрэмгийлэл үйлдвэл Орос Улсад урьд өмнө байгаагүй эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж Путинд анхааруулсан.
Харин ийм арга хэмжээ авбал харилцаагаа бүрэн таслахад хүргэсэн асар том алдаа болно гэж Путин сануулав.
Рябков тэргүүтэй багийнхан Женевт очсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Орос мөн лхагва гарагт Брюссельд НАТО-той, пүрэв гарагт Вена дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хэлэлцээ хийх гэж байна.
Эх сурвалж: Ройтэрс