/2022.01.06/: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-аас “Дархан бэр”-ээр өргөмжлөх журам баталсантай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул шаардлага хүргүүлжээ.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны12 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталж, “Цогтцэций сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэх цахим хуудсанд байршуулсантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссоос олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
Дархан бэр хэмээн өргөжилж буй энэхүү шийдвэрийн цаана уг шалгуурыг хангаагүй, мөн эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүдийг дорд үзэх, ялгаатай байдлыг үүсгэх, ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн дарамт, хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагаварыг дагуулж болохыг анхааруулж, цаашид энэ төрлийн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн хүрээнд “Шаардлага”-ыг хүргүүлж байна. Үүнд:
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмаа нэн даруй хүчингүй болгох;
- Нутгийн өөрөө удирдах байгууллагаас аливаа шийдвэр гаргахдаа Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцод нийцүүлэх, тухайн шийдвэрийн үр дагавар, сөрөг нөлөөлийг тооцдог байх, цаашид хүнийг хүйсээр ялгаварласан, жендерийн ялгаварлан гадуурхалт бий болгосон шийдвэр гаргахгүй байхад онцгой анхаарах;
- Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөгчдийн хүний эрхийн болон жендэрийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаарх сургалтыг үе шаттай, үр дүнтэй зохион байгуулах;
- Цаашид орон нутагтаа “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйсэд суурилсан ялгаварлан гадуурхсан аливаа санал, санаачилга, арга хэмжээг уриалах,дэмжих, зохион байгуулахгүй байхад анхаарах;
- Төсвийн хөрөнгийг үрэлгэн байдлаар үр дүнгүй ажилд зарцуулахгүй байхад анхаарч, орон нутагтаа жендэрийн тэгш байдлыг хангах, хүүхэд аюулгүй өсөх, хөгжих орчин нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хүртээмжтэй, чанартай, хүний эрхэд суурилсан төрийн үйл ажиллагааг төлөвлөн ажиллах;
Энэхүү шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнг нотлох баримтын хамт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор ирүүлнэ.
Комиссын зүгээс цаашид орон нутгийн хэмжээнд жендэрийн ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчил үүсгэсэн тогтоол, шийдвэр гаргасан эсэхийг нягтлан шалгах талаар аймгийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: ХЭҮК