/2021.12.30/: НЗДТГ-ын албан хаагчдын 2021 оны тайлангийн хурал өнөөдөр боллоо.
Хурлын эхэнд НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг 2021 оны үйл ажиллагааны тайлан болон 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм.
“Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд ажилтан, албан хаагчид тодорхой хугацаанд цахим горимоор ажиллаж, үүрэгт ажлаа гүйцэтгэсний дээр зургаан дүүргийн хэмжээнд 3820 албан хаагчийг эргүүл жижүүрээр ажиллалаа. Төрийн албаны ерөнхий шалгалтыг өргөн хэмжээнд зохион байгуулж, 10.270 иргэн оролцсон. Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр илүүтэй анхаарч ажиллаж, Сургалт судалгааны төвөөс 311 удаагийн сургалтад 6692 албан хаагчийг хамруулсан” хэмээн тодотгосон.
2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулахад НЗДТГ-ын ажилтан, албан хаагч бүр хичээл зүтгэл гаргаж ажилласныг онцлов. Түүнчлэн Засгийн газраас нийслэл хотын авто замын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд 420 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ.
НЗДТГ-ын нийт ажилтан, албан хаагчдын хувьд шинэ хуулиа амжилттай хэрэгжүүлэхийн дээр нутгийн захиргааны байгууллагын дотоод сүлжээний хэрэглээг сайжруулах, дотоод харилцаа, уялдаа холбоог дээшлүүлэх, өргөдөл гомдлын хариуг чанартай өгөх, иргэдэд хүргэх үйлчилгээг түргэн шуурхай болгоход анхаарч ажиллах юм. 2022 онд нийслэлийн нутгийн захиргааны албан хаагч бүр шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэшсэн байдлаар ажиллаж, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд төр, иргэний гүүр байх зарчмыг баримтална.
Тайлангийн хуралд НЗДТГ-ын хэлтсүүд 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Төрийн албан хаагчдын чадамж болон хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг удаа дараа амжилттай зохион байгуулж ирсэн НЗДТГ-ын Сургалт судалгааны төв нь ISO90012015 чанарын менежментийн тогтолцоо, ISO210012018 боловсролын тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлсэн тул гэрчилгээг гардуулан баталгаажууллаа. Тайлангийн хурлын үеэр 2021 онд ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
Эх сурвалж: НЗДТГ