/2021.12.30/: Хятадын өмнөд хэсгийн цагдаа нар гэмт хэрэг үйлдсэн гэх дөрвөн этгээдийг гудамжаар авч явахад олон нийт тэднийг доромжилж байгаа нь камерын дуранд өртжээ.
Ковидоос болж битүүмжилж хаагаад байгаа Хятадын хилээр хүн хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт дөрвөн хүнийг буруутгаж байгаа ажээ.
Тэднийг Гуанси мужийн Жинши хотын гудамжаар хамгаалалтын хувцас өмсгөн авч явжээ.
Энэхүү доромжлол нь цахим орчинд, тэр дундаа төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон янзын хариу үйлдэл үзүүлэхэд хүргэсэн байна.
Энэхүү дүрс бичлэгт тэд өөрсдийнхөө нэр, гэрэл зургийг харуулсан лоозон барьчихсан байв.
Төрийн мэдлийн Guangxi Daily сонины мэдээлснээр, сахилгын арга хэмжээ нь хилтэй холбоотой гэмт хэргүүдийг таслан зогсоож, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг дагаж мөрдөхийг сануулсан гэжээ.
Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хилийн бүс дэх Ковидийн өнөөгийн байдлыг "хүнд, төвөгтэй" гэж тодорхойлсон байна.
2019 оны сүүлээр Ковид-19-ийг анх илрүүлсэн Хятад Улсад нийт 4,849 хүн нас барж, 114,365 тохиолдол бүртгэгдэж, мягмар гарагт 203 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Ковид-ын эсрэг хатуу стратеги баримталж, дэгдэлтийг зогсоохын тулд олон нийтийг шинжилгээнд хамруулж, хөл хорио тогтоож байгаа бөгөөд вакцинжуулалтын хүчтэй хөтөлбөр хэрэгжүүлснээр одоо хүн амын 86% нь бүрэн вакцинд хамрагдсан байна.
Энэхүү ичгүүртэй парадыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, Weibo сайтад янз бүрээр хүлээн авч, энэ тухай hashtag трэнд болсон сэдэв болжээ.
Зарим хүмүүс энэ нь олон зуун жилийн өмнөх олон нийтээр жигшүүлэх аргыг санагдуулсан хэрэг гэж хэлсэн бол зарим нь хилийн ойролцоох вирусыг хянах арга хэмжээний хүчин чармайлтыг өрөвдөж байна гэжээ.
"Гудамжаар жагсааж авч явахаас илүү аймшигтай зүйл бол энэ хандлагыг дэмжсэн олон сэтгэгдэл юм" гэж нэгэн уншигч бичжээ.
Төрийн өмчит Бээжин Ньюс "Энэ арга хэмжээ нь хууль дээдлэх ёсыг ноцтой зөрчиж байгаа тул дахин давтахыг зөвшөөрөх ёсгүй" гэж мэдэгдэв.
Жинши хотын Олон нийтийн аюулгүй байдлын товчоо болон орон нутгийн засаг захиргаа энэхүү арга хэмжээг "газар дээр ньавч хэрэгжүүлсэн сахилгын сэрэмжлүүлгийн ажиллагаа" гэж хамгаалсан хэдий ч "зохисгүй зүйл" гэж шүүмжилсэн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлийхэнтэй санаа нэг байна гэж мэдэгдэв.
2007 онд Хятадын эрх баригчид цаазаар авах ял авсан хоригдлуудын энэ төрлийн жагсаалыг хориглосон.
Соёлын хувьсгалын үед олон нийтэд жигшүүлж нь түгээмэл байсан бөгөөд одоо маш ховор болсон. 2006 онд 100 орчим биеэ үнэлэгч болон тэдний зарим үйлчлүүлэгчидэд шоронгийн шар өнгийн өмсгөл өмсгөж, гудамжаар жагсааж байжээ.
Эх сурвалж: bbc