/2021.12.24/: Археологичид Их Британи дахь неолитын үеийн оршуулгын газраас олдсон ДНХ-д дүн шинжилгээ хийсний дараа хамгийн эртний ургийн модыг нэгтгэжээ.
МЭӨ 3700-3600 оны хооронд амьдарч байсан гэж үздэг 35 хүний шарилыг Котсволдс дахь Челтенхэмийн ойролцоох Хэзлетоны Норт мужид оршуулсан байдалтай олжээ.
Их Британи, Австри, Испани, АНУ-ын их дээд сургуулиудын олон улсын шинжээчдийн баг яс, шүдний ДНХ-ын шинжилгээ хийхэд тэдний 27 нь дөрвөн эмэгтэйгээс төрсөн байсан бөгөөд бүгд эцэг нэгтэй болох нь тогтоогджээ.
Лхагва гарагт Nature сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаа нь неолитийн үеийн төрөл төрөгсөд болон оршуулгын зан үйлийн талаар шинэ ойлголтыг өгч байна хэмээн судлаачид үзжээ.
Судлаачдын үзэж байгаагаар нэг эцэгтэй 27 хамаатан садан нь нэг том гэр бүлийн таван удамд харьяалагддаг байжээ. Гэхдээ тэдний зарим нь дагавар хүүхдүүд байж магадгүй гэж үзэж байгаа нь холимог гэр бүлүүд нь зөвхөн сүүлийн үед бий болсон үзэгдэл биш байж магадгүй нь баталгаа байж болох юм.
Эрэгтэйчүүдийг ерөнхийдөө эцэг болон ах нарынх нь хамт оршуулдаг байсан бол хожим үеийнхэн нь эрэгтэйн төрөл төрөгсдөөрөө дамжуулан эхтэй холбогдогсдыг хамт оршуулдаг болсон байдаг.
Тус булшинд зөвхөн бага насандаа нас барсан хоёр охиныг эрэгтэй төрөл төрөгсдийнх нь хамт оршуулсан байсан ба насанд хүрсэн охидыг хамтрагчдын хамт өөр газар оршуулсан байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна.
Төрсөн эцэг нь биш, харин эх нь уг бүлд хамааралтай байсан эрэгтэйчүүдийн булшнаас олдсон нь дагавар хөвгүүдийг удамшлын дагуу өргөж авсан болохыг харуулж байна гэж судлаачид хэлэв.
Булшинд байгаа бусад найман хүн гэр бүлийн 27 гишүүнтэй удамшлын хувьд хамааралгүй байсан нь оршуулгад бусад хүчин зүйл нөлөөлсөн байж магадгүй гэж үзэж байна.
Судалгааг удирдан явуулсан Ньюкасл их сургуулийн багш Крис Фаулер хэлэхдээ, "судалгааны үр дүн нь неолитын үеийн ураг төрлийн талаар урьд өмнө хэзээ ч байгаагүй ойлголтыг өгч байна" гэв.
Баскийн их сургууль болон Икербаскийн их сургуульд ажилладаг уг төслийн ахлах генетикч Иниго Олальде энэхүү нээлт нь ДНХ-ийн сайн хадгалалт болон сүүлийн үеийн технологийн үсрэлтээс шалтгаалсан гэж хэлэв.
"Булшны ДНХ-ийн маш сайн хадгалалт, эртний ДНХ-ийн сэргээн босгох, шинжлэхэд хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан нь хамгийн эртний ургийн модыг илрүүлж, эдгээр эртний бүлгүүдийн нийгмийн бүтцийн талаар гүн гүнзгий ойлгохын тулд дүн шинжилгээ хийх боломжийг олгосон" гэж тэр хэлэв.
Энэхүү судалгааг Nature сэтгүүлд нийтэлсэн бөгөөд Төв Ланкашир, Эксетер, Ньюкасл, Йорк зэрэг их сургуулиудын археологичид болон Баскийн улс, Вена, Харвардын их сургуулиудын генетикчид хамтран хийсэн судалгаа юм.
Эх сурвалж: independent