/2021.12.24/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Цар тахлын үед далай, төмөр замын тээвэр маш хүнд нөхцөлд байна. Тиймээс энэ үед агаарын тээвэр маш чухал. Энэ хууль батлагдсанаар карго, тээврийн татварыг чөлөөлж, агаарын тээврийн салбарт маш том дэмжлэг болж өгнө.
"Grand landing service"-г зөвхөн МИАТ компани хийдэг. Жишээлбэл, Ховд аймагт 45 тонны ачаатай онгоц буулгаад, зөвхөн ачилтыг хийхэд МИАТ-д 17 мянган ам.доллар төлдөг. Бараг 50 сая төгрөг гэсэн үг. Үйлчилгээ авч байгаа компани нь өөрсдийнхөө ачигч нараар ачуулдаг. Энэ нь ААН-үүдэд маш их дарамт болдог. Ганцхан монополь компанитай. Үүнийгээ либералчил.
Хэрэв дээрх үйлчилгээг хийх өөр компани байхгүй бол ядаж ачаа тээвэрлэх зардлыг нь бууруулах хэрэгтэй. Энэ компани ачаа тээвэрлээд маш их мөнгө авдаг.
МИАТ 800 гаруй ажилчидтай. Ямар ч хэрэггүй баахан хүн захиргааны хэсэгт нь ажилладаг. Тэр хүмүүсийн төлбөрийг төлөх гэж ААН-үүд мөнгө төлөөд байвал энэ салбар өсөж дэвжихгүй. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхэд Иргэний нисэхийн зүгээс тодорхой ажлууд хийх хэрэгтэй" гэлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүллээ.