“Нүүрсэн яндан авна, зарна”, “Нүүрсэн яндан өндөр үнээр авна. Жич: Хулгайлсан яндан авахгүй” гэсэн зарууд автомашины сэлбэг зарах группүүдэд түгээмэл харагдана.
Түүнчлэн энэ төрлийн тусдаа сошиол бүлгүүд хүртэл аль хэдийнээ бий болжээ. Машины эд ангиуд дундаас хулгайч нарын гарт хамгийн хялбар, бөгөөд хурдан аргаар орж ирдэг мөн хамгийн их мөнгө олох боломжтой нь “нүүрсэн яндан” аж.
Тийм ч учраас иргэд мөнгө хэрэгтэй болсон үедээ хүний өөрийн нүүрсэн янданг тайлж аваачаад тушаадаг байна.
“Prius-20” автомашины нүүрсэн янданг дээд тал нь 1,2 саяар авдаг
Бид “нүүрсэн яндан байнга, өндөр үнээр авна” гэсэн хэд хэдэн дугаар руу холбогдсон юм.
Дуудлага 1.
-2010 оны “Prius-20”-ийн нүүрсэн яндан хэдээр авах вэ? Хаана аваачиж өгөх вэ?
-1,2 сая төгрөгөөр авч байна. Оронд нь өөр яндан тавиад өгнө. Баталгаа өгнө. Хэрвээ авчирч өгөхөөр бол “Да хүрээ” техникийн зах дээр хүрч ирээд залгачих.
Дуудлага 2.
- Зарын дагуу ярьж байна. “Prius-20”-ийн нүүрсэн яндан авна гэсэн үү?
-Тийм. Хэдэн оных вэ?
-2004
-Тийм бол 300 мянгаар авна.
-2010 оных хэд вэ?
-1,2 сая төгрөг. Өгнө гэвэл “Да хүрээ”-гийн “Хаан банк”-ны гадаа ирээд залгаарай. Оронд нь өөр яндан тавиад баталгаа өгөх учир ямар ч асуудалгүй. Машин дотор утаа, угаар орж ирнэ гэсэн зүйл байхгүй. Мөн бензин тос үнэртэхгүй, дуу орохгүй учраас санаа зоволтгүй.
Дуудлага 3.
-2012 оны “Prius-30”-ын нүүрсэн яндан хэдээр авах вэ?
-300 мянгаар авч байна.
-Яагаад ийм хямдхан байгаа юм бэ?
-Угаасаа ийм үнэтэй байдаг юм.
Тээврийн хэрэгслүүд дотроос “Prius” машины нүүрсэн яндан хамгийн их үнэд хүрдэг аж. Харин энэ марк дотроо “Prius-20”-ийн нүүрсэн яндан оноосоо хамаараад 300-1,2 сая төгрөгийн үнэтэй байдаг байна. Учир нь бусад загваруудаа бодвол хамаагүй том яндантай бөгөөд энэ хэмжээгээрээ доторх үнэд хүрэх металлууд нь элбэг байдаг байна.
Улаанбаатарт нүүрсэн яндантай машин байхгүй
Бид нүүрсэн яндан авдаг ченжүүдийн гол газар болох “Да хүрээ” зах дээр очлоо. Тэндхийн автомашин худалдаалдаг нэгэн ченжтэй машин сонирхох нэрийдлээр ярилцахад дараах зүйлийг ярьж байлаа.
Тэрбээр, “Би 10-аад жил машин зарж байна. Одоо нүүрсэн яндантай “Prius-20” машин гэж бараг байхгүй. Нэг, хоёр жилийн өмнө нүүрсэн яндан маш их үнэд орж дээд тал нь 3 сая хүрсэн. Тэр үеэр хүмүүс бүгдээрээ яндангаа тайлж аваачиж зараад, энгийн яндан тавиулчихсан. Хэрэв зориулалтын сайн яндан тавьсан бол тэр нь үзлэг оношилгоонд асуудалгүй тэнцчихдэг. Хүмүүс мэддэггүй учраас машин анх орж ирэхэд нь гааль дээр, эсвэл 22-ын товчоонд машин зардаг хүмүүс янданг нь тайлаад авчихдаг. Одоо бол хөдөө сумд л юу юм гэхээс биш, Улаанбаатарт нүүрсэн яндантай “Prius-20” машин гэж байхгүй” гэсэн юм.
НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ АВТОМАШИН АГААРЫН БОХИРДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХОХИРООДОГ
Тэгвэл нүүрсэн яндан гэдэг нь яг юу вэ? Иргэд яагаад хүний өөрийнгүй машинаа “тонож” үүнийг зараад байна вэ?
Энэ талаар ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Тээврийн салбарын доктор, профессор Ц.Цэвэгжавтай ярилцсан юм.
-Нүүрсэн яндан гэж яг юу вэ?
-Нүүрсэн янданг ихэвчлэн дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд тавихаас гадна энгийн хөдөлгүүртэй автомашинд ч мөн тавьдаг. Энгийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд тавьдаг нүүрсэн янданг катализатор гэдэг.
Дотоод шаталтын хөдөлгүүрээс утаа гарснаар азотын исэл, нүүрс хүчлийн хийг үүсгэдэг. Нүүрс хүчлийн хий нь дотроо хоёр янз байдаг.
Тодруулбал, Түлш агаар хоёр хоорондоо холилдож бүрэн шатсанаар нүүрс хүчлийн давхар ислийг үүсгэдэг. Энэ нь хүрээлэн буй орчин болон хүн амьтанд хоргүй хий юм.
Харин дутуу шаталтаас үүссэн хорт бодисууд нь хүн, байгаль орчинд маш хортой. Энэ дутуу шаталтыг нүүрсэн яндангүй буюу катализаторгүй автомашинууд бий болгодог. Энэ төрлийн автомашин нь 300 гаруй төрлийн хорт бодисыг ялгаруулдаг. Үүнээс хамгийн хортой нь нүүрсхүчлийн хий болон азотын исэл юм.
Гэтэл иргэд тээврийн хэрэгслийн хорт хийн ялгарлыг бууруулах зорилготой тавьдаг энэхүү нүүрсэн янданг хөндийлж, зараад байдаг. Энэ нь өөрсдийгөө хордуулж байгаа хэрэг юм.
-Нүүрсэн яндангүй бол ийм сөрөг нөлөөтэй байх нь. Тэгвэл нүүрсэн яндан тийм их үнэ хүрдэг шалтгаан нь юу юм бэ?
-Катализатор дотор хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металл агуулагддаг. Түргэн хугацаанд азотын ислийн 7 нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай. Тийм ч учраас нэлээд өндөр үнэд хүрдэг.
-Манайд дандаа импортын автомашин орж ирдэг. Тэгвэл тухайн экспортлогч орнуудад нь нүүрсэн янданг нь ингэж салгаж авах хэрэг гардаг болов уу?
-БНСУ, Японд катализатор бүр өөрийн гэсэн бүртгэлтэй. Тухайн машинд катализатор суурилуулсан компани нь энэ ажлыг хариуцдаг. Өөрөөр хэлбэл машин хаана явж байгааг хянахаас гадна нүүрсэн яндангийнх нь чанарыг давхар шалгаж, чанар нь муудсан бол сольж өгдөг. Хэрэв тухайн машиныг хилээр гаргахаар болбол нүүрсэн янданг нь тайлж аваад энгийнийг хийдэг.
Манайд эсрэгээрээ ямар ч бүртгэл байхгүй. Мөнгөгүй болвол нүүрсэн яндангаа зарчихаж болно, хаячхаж ч болдог. Хяналт шалгалтгүй учраас өөрсдийгөө хордуулах зүйл хийгээд яваад байдаг.
-Манайд автомашины катализаторыг бүртгэх боломжтой юу?
-Яагаад болохгүй гэж. Импортоор орж ирэх үед нь нүүрсэн янданд нарийн шалгуур тавьж, хяналт шалгалтыг сайтар хийх нь зүйтэй. Сайн чанартай нүүрсэн яндан харьцангүй өндөр буюу 800-1200 долларын үнэтэй байдаг. Гэхдээ энэ хэрээр байгаль орчинд үзүүлэх хор нөлөөлөл нь буурна гэсэн үг юм.
Үүнийг Монголын хөрсөн дээр буулгая гэвэл хөгжингүй орнуудын туршлагыг судалж ямар нэг компанид хариуцуулж бүртгэлжүүлж болно. Нүүрсэн яндантай холбоотой эвдрэл гэмтлийг хариуцсан компани засдаг байх жишиг рүү орвол дураараа зарж, борлуулдаг байдал багасна.
Манайд автомашины үзлэг, оношилгоогоор тээврийн хэрэгслийн катализаторыг шалгаж болдог. Гэхдээ тээврийн хэрэгслийн утааны чанарыг шалгадаг орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж байхгүй. Хийн багаж хэрэгслээр тоноглогдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл автомашин хортой хий ялгаруулж байгааг тогтоож чадахгүй байгаа учраас шаардлага тавьж чаддаггүй. Азотын ислийг илрүүлэх тоног төхөөрөмж нь 30 мянган долларын үнэтэй байх жишээтэй. Тэгэхээр манай техник оношлогооны газрууд авч чаддаггүй. Үүнд төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
-Нүүрсэн яндангүй бол тээврийн хэрэгсэлд ямар хор хөнөөлтэй вэ?
-Тухайн машинд учруулах хор нөлөө гэж сүртэй зүйл байхгүй. Улс орнууд өөрсдийн оронд явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт тодорхой шаардлагуудыг тавьдаг. Тухайлбал, Евро-2, Евро-3 стандартууд гэсэн үг. Үүнийг ОХУ, Япон, БНСУ-уудад дагаж мөрддөг. Мөн Европын улсууд багтана. Өнөөдөр Монгол Улсад зорчиж байгаа тээврийн хэрэгслийн 70 хувь нь Евро-1 стандарттай байна. Зарим нэг нь Евро-2 стандарт руу дөхөж очно.
Дээрх стандартыг мөрддөг болчихвол түгжрэлийг бууруулах тал дээр нэлээд үр дүн гарна. Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой зохион байгуулалтад оруулж байхаар евро стандартын шаардлага хангасан л бол дуртай өдөр нь зорчуулдаг байх хэрэгтэй. Харин тухайн машин шаардлага хангаагүй бол хот дотор зорчуулахгүй байх нь зөв жишиг.
-Тэгэхээр бараг зорчих машингүй болох юм байна?
-Евро-4 стандарттай автомашины хорт бодис ялгаруулалт Евро-1 стандартаас 150-160 дахин бага байдаг. Манайд ийм стандарттай машин 10 хувийг л эзэлнэ.