/2021.12.16/ Бангладешийн нийслэл Дака хотын шүүхийн шүүгч Абу Зафар Мед Камруззаман Бангладешийн Инженер Технологийн Их Сургуулийн оюутан Абрар Фахадыг хөнөөсөн хэрэгт 20 хүнийг буруутгаж, цаазаар авах ял оноожээ. Мөн таван хүнд бүх насаар нь хорих ял оноолоо.
Ялтнуудын гурав нь хэрэг гарснаас хойш оргон зайлсан бол үлдсэн нь одоо торны цаана байгаа ажээ.
Тус сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Фахад 2019 оны аравдугаар сарын 7-ны үүрээр эрх баригч Бангладеш Авами лигийн намын дэмжлэгтэй оюутны байгууллага болох Бангладеш Чхатра Лигийн (BCL) зарим удирдагч, идэвхтнүүдэд хэрцгийгээр зодуулж нас барсан юм.
Хохирогчийг зодуулж нас барсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа Бангладеш даяар оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байлаа.
Шүүхийн шийдвэрт яллагдагчдад оногдуулсан энэхүү өндөр ял шийтгэл нь цаашид ийм төрлийн хэрэг давтагдахгүй байх зорилготой гэж дурдсан байна.
Эх сурвалж: AsiaPacific