/2021.12.08/ Өнөөдөр авлигын эсрэг үндэсний чуулган боллоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт хүргүүлжээ. Тэрээр:
- "Төрийн өмчит компаниудын олигархи бүлэглэлүүдийн үйл ажиллагаанд авлига их байгааг олон улсын байгууллага тодорхойлсон байна. Тийм учраас төрийн өмчит компанийн хуулийг батлан гаргах шаардлагатай байгаа.
Мөн улс төрийн намууд хамгийн их авлигажсан институт болж хувирсан. Тиймээс хууль эрхзүйн орчны өөрчлөлтийг зайлшгүй хийж, санхүүжилт нь төрөөс гардаг, цомхон бодлогын институт болгон өөрчлөх шаардлагатай байна.
Бид авлигын эсрэг тэмцлийг цаг алдалгүй эрчимжүүлж эс чадваас хууль хүн бүрд тэгш үйлчилдэггүй, нийгмийн баялгаас нэг хэсэг нь хулгайлдаг, ирээдүй хойч үеийнхээ олон боломжийг үгүйсгэх улмаар энэ байдал даамжирвал цаашид эдийн засгийн тусгаар тогтнолоо алдахыг ч үгүйсгэх аргагүй байна. Монгол хүн, Монгол төр, Монгол Улсыг сүйрүүлэх аюул занал авлига мөн гэдгийг бид үргэлж санаж эрс шийдэмгий, системтэй тэмцэх шаардлагатай байна" гэжээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
- "Авлига, хүнд суртал иргэдэд үйлчлэх учиртай төрийн гол чиг үүргийг хөсөрдүүлж, эдийн засгийн цусны эргэлтийг гацааж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг үргээж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна. Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ.
Тиймээс авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчлэх ёстой" гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн онцлох үгс:
- "УИХ-ын гишүүний тангаргын үгэнд “Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” талаар тусгагдсан байдаг. УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар эмхлэн байгуулагдсан шинэ парламентын гишүүд маань тангаргаа сахиж, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлан оролцох эрмэлзэл дүүрэн байгаа.
Авлигын эсрэг бүлэг УИХ-д байгуулагдан ажиллаж байна. Энэхүү бүлэг нь авлигын эсрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн биелэлтэд хяналт тавих, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.
Засаглалаа чадавхижуулаагүй цагт бид ямар ч сайн бодлого, зорилт дэвшүүлээд нэмэргүй. Засаглалыг сайжруулахын тулд төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоох ёстой.
Шүгэл үлээгч буюу мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгосноор аливаа гэмт хэрэг, тэр дундаа хууль бус үйлдэл нь маш далд байдаг авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгахад томоохон ахиц дэвшил гарна гэж бид үзэж байгаа юм.
Авлигын барьцааг ард түмэн ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлдөг гэдгийг мартаж болохгүй" гэлээ.