/2021.12.07/ Ковидын цар тахлын улмаас боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг зайнаас /цахим, теле/ зохион байгуулах болсон өнөө үед хүүхэд, залуучуудын сурч боловсрох эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг "Бүх нийтийн боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвслийн гишүүд судалжээ. Судалгааны үр дүнгээс хүргэж байна.
БШУ-ны яамнаас өгсөн мэдээгээр теле хичээлд хамрагдалтын хувьд эхний хоёр сар 81%-тай байсан бол дараагийн сараас 66% болон буурсан үзүүлэлттэй гарчээ. Хүүхдүүдийн 10-15% нь интернэтгүй, хөдөөгийн алслагдмал газар амьдарч байна гэжээ.
Салбар яамнаас боловсролын салбарын мэдээллийн сангаас хүүхдийн амьдралын нөхцөл байдлын судалгааг дөрвөн үзүүлэлтээр авч үзэхэд:
- Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд амьдардаг 8542,
- Хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй өрхөд амьдардаг 16608,
- Эцэг эх нь хоёул ажилгүй өрхөд амьдардаг 12774,
- Нэн ядуу өрхөд амьдардаг 2227 хүүхэд гарчээ.
2019-2020 оны хичээлийн жилд насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтад нийт 6410 суралцагч хамрагдсаны 896 буюу 14% нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагч байжээ. Нийт суралцагчдын 29 нь хэвтрийн, 80 нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байна. Аймаг дүүргийн насан туршийн боловсролын төвөөр дамжуулан хэвтрийн, хүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бичиг үсгийн болон бага, суурь боловсрол эзэмшүүлэх, бичиг үсгийн болон бага боловсрол эзэмшүүлэх үйлчилгээг хүргэжээ.
"Зурагтаар хичээлээ үзэхээр зарим хичээлээ ойлгохгүй, тодруулж асуух боломжгүй байгаа нь надад хүндрэлтэй байдаг. Мөн хичээлийн цаг дэндүү богино учраас бичиж авч амжихгүйд хүрдэг. Надад бол дэлгэцээр хичээл үзсэнээс танхимд хичээл үзэх нь илүү ойлгомжтой байсан."
16 настай Т
Нийгэм-эдийн засгийн статус доогуур өрхийн хүүхдүүд
Теле болон цахим сургалт өмнө байсан боловсролын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх хандлага ажиглагдаж байна. Жишээ нь: телевизор, компьютер, утасгүй болон интернэтийн холболтгүй нөхцөлд суралцаж байгаа хүүхдүүд, сүлжээний хурд зэрэг технологийн хүртээмжгүй байдал, дата интернэтийн төлбөр зэрэг холбогдон гарах төлбөрүүдийг төлж дийлэхгүй, хичээл даалгавраа хийх тайван орчин нөхцөлгүй, туслах багш, дэмжлэгийн ажилтангүй суралцах, эцэг эхийн оролцооны ялгаатай байдал /нийгэм-эдийн засгийн статустай холбоотой/ тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байна.
"Зогсоогоод эсвэл ухрааж үзэж чадахгүй учир бичиж авч ч чаддаггүй. Ойлгоогүй хичээлүүдээ эгч нараараа заалгуулдаг. Заримдаа тэгээд ч ойлгохгүй чигээрээ үлдэнэ. Утас, компьютер байхгүй болохоор хичээл номоо үзэж чаддаггүй."
15 настай Г
2019 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 897 мянган өрх бүртгэлтэй бөгөөд дунджаар 317 мянган өрх буюу 35% нь интернэтэд холбогдсон байдаг боловч орон нутагт 72 мянган өрх буюу 0.08% нь л интернэтэд холбогдсон үзүүлэлттэй байжээ.
Мөн Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Улаанбаатар хотод 2018 оны байдлаар 387 мянган өрх байгаагийн 185 мянга нь буюу 47.9% нь гэртээ компьютергүй байжээ.
Эх сурвалж: Ковид 19 цар тахлын боловсролд үзүүлж буй нөлөө