10 хүүхэд тутмын 8 нь сургууль, гэр бүлийн орчиндоо ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10 хүүхэд тутмын 8 нь сургууль, гэр бүлийн орчиндоо ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ

Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 оны Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ээлжит илтгэлээрээ хүүхдийн эрхийн хэрэгжилтийн зарим асуудлыг судалгааны үндсэн дээр хөнджээ.

Монгол Улс дахь хүүхдийн эрхийн хамгийн нийтлэг зөрчил нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл түүний нэг хэлбэр болох үл хайхрах явдал юм.

ХЭҮК-оос Улаанбаатар хотын 7 дүүрэг, 8 аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй 12-18 насны нийт 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүнийг судалгаанд хамруулжээ.

Асуулгад оролцсон нийт хүүхдийн 17,2 хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байгаагүй гэсэн бол үлдсэн 82.8 хувь нь ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.

Тэдний 62 хувь нь үг хэлээр доромжлох, 50.2 хувь нь чимхэх, 43.5 хувь нь цохиж зодох зэрэг бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байна.

Мөн 27,8 хувь нь үл хайхрах, 24.8 нь доромжлох, 22.9 хувь нь айлган сүрдүүлэх, 4.8 хувь нь гэрээсээ хөөгдөх зэрэг хүчирхийлэлд өртөж байснаа дурджээ.

Эдгээр дүнг нэгтгээд үзвэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байсан байна. Давтамжийн хувьд бие махбодийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг бөгөөд энэ нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл гардаг байна.

Асуулгад хамрагдсан 2 хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орчноо аюулгүй, хамгаалагдсан гэж үздэггүй байна. Харин 38.3 хувь нь сургуулийн орчноос (багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас) хамгийн их айдаг хэмээжээ .

Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээдээр дээд ангийн хүүхэд (47.6 хувь), багш (15 хувь) гэж хариулсан байгаа нь хүүхдийн хоёр дахь “гэр” болсон газар нь аюулгүй, хүүхдэд ээлтэй бус байгаагийн илрэл юм. Сургууль дээрх дарамт хүчирхийлэл нь багш болон бусад сурагчдын зүгээс дээрэлхэх, дарамтлах, хүчирхийлэх үйлдэл юм. Дээрх судалгааны үр дүн бусад байгууллагуудын хийсэн судалгаануудаар ч мөн батлагдаж байгаа нь харамсалтай.

ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 7 АРГА ЗАМ

Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад сургуулийн захиргаа, багш, ажилтнууд чухал үүрэгтэй. Тэдгээрт дараах 7 зөвлөмжийг хүргэж байна.

1. СУРГУУЛИЙН ЭЕРЭГ УУР АМЬСГАЛ, ХҮЧИРХИЙЛЛИЙГ ҮЛ ТЭВЧИХ СОЁЛ БУЮУ ЭЕРЭГ ХАНДЛАГА ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ

Сургуулийн эерэг соёлд хамгийн чухал нь сургууль даяар бие биеэ хүндэтгэсэн харилцаатай байх явдал юм. Энэ нь үе тэнгийнхний дунд (жишээ нь: багш хоорондын, сурагч хоорондын) болон бүлэг хоорондын (багш-сурагч, багш - эцэг эх, асран хамгаалагч хоорондын) харилцаа эерэг уур амьсгалтай байхыг ойлгоно. Тиймээс “дээрэлхэлт нь хүүхдийн хөгжлийн хэвийн үе шат бөгөөд хүүхдийг тэсвэр хатуужилтай болоход сургадаг” гэдэг үзлээсээ салах хэрэгтэй.

Сурагчид дээрэлхэлтийн тохиолдлуудыг санаа зовох зүйлгүй илчлэх, ярилцах боломжтой нөхцөлийг бий болгохыг тэмүүлэх нь сургуулийн болон насанд хүрэгчдийн үүрэг юм. Үүний үр дүнд сурагчид ч мөн бие биенийхээ аюулгүй, сайн сайхан байдалд анхаарах үүрэг хариуцлагатай гэдгээ ухаарах боломжийг олгодог.

2. ҮР ДҮНТЭЙ МАНЛАЙЛАЛ

Сургууль даяар дээрэлхэлтийг таслан зогсоох, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд сургуулийн удирдлага, удирдах ажилтнуудын үүрэг их. Ялангуяа захирал нь сургуулийн орчны дээрэлхэлттэй тэмцэхэд хамгийн голлох үүрэгтэй.

Учир нь захирал бол энэ төрлийн зан авирын эсрэг арга хэмжээ авахад тохиромжтой эрх мэдэл бүхий албан тушаал юм. Захирал болон сургуулийн бусад удирдагчид, ялангуяа багш нар дээрэлхэлтийг огт хүлээн зөвшөөрдөггүй сэтгэхүйг төлөвшүүлэх хэрэгтэй.

Сургуулийн удирдагчид ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн, үүнийг чухалчилсан уур амьсгал бүрдүүлэх алсын хараагаа сурагч, ажилтнууддаа ч мөн танилцуулж байх ёстой. Сурагчид насанд хүрэгчдээс үлгэр дуурайлал авдаг учир захирал болон багш нар эрх мэдлийн давуу талаа урвуулан ашиглах ёсгүй. Түүнчлэн дүрэм журам сахиулахдаа шударга, чанд, тодорхой, тууштай байх хэрэгтэй.

“Сурагчид ч бас хүндлэгдэх ёстой” гэсэн жишгийг эцэг эхчүүдэд үлгэрлэн үзүүлэх ёстой.

3. ДЭЭРЭЛХЭЛТ БОЛОН ТҮҮНИЙ ХОР УРШГИЙН ТАЛААРХ НЭГДСЭН ОЙЛГОЛТ

Сургуулийн бүх гишүүд дээрэлхэх зан үйл гэж юу болох талаар нэгдсэн ойлголттой болохыг магадлах тогтолцоог бий болгох ёстой. Энэхүү нэгдсэн ойлголтыг бий болгох үйл явц нь сурагчдын нас, сэтгэхүйн онцлог зэрэг хүчин зүйлсээс хамаарна. Дээрэлхэлтийн тодорхойлолт, олон янзын хэлбэр, үр нөлөөг сургуулийн гишүүдэд ойлгуулж, тайлбарлаж өгөх хэрэгтэй.

4. ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ЖУРАМ БУЮУ ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЗАН ҮЙЛИЙГ УСТГАХ МЕХАНИЗМ

Үе тэнгийн дээрэлхэлт нь устгах боломжтой соёл, зан үйл, хандлага тул сургууль дээрх насанд хүрсэн манлайлагчдын тусламжтайгаар энэхүү хүүхдийн эрхийн зөрчлийг үгүй болгож болно. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн зарим сургууль үе тэнгийн дарамт дээрэлхэлтийн эсрэг журам боловсруулсан байдаг бол улсын ЕБС-ийн хувьд цоо шинэ хүүхдийн эрхийн механизм гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Сургууль хэр эерэг уур амьсгалтай, ялгаатай байдлыг хүндэтгэж, хүний эрхийг дээдэлдэг соёлтой байна үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх журам төдий чинээ сайн хэрэгжинэ гэж хүний эрхийн мэргэжилтнүүд үздэг.

Сургуулийн зөвлөл (удирдах зөвлөл) үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг журмыг боловсруулахдаа сургуулийн багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч багш, сурагчдын (ялгаатай насны, ялгаатай хүйсийн төлөөллөөс) саналыг авч тусгах ёстой.

5. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ОЙЛГОЛТ НЭМЭГДҮҮЛЭХ СТРАТЕГИ

Журам нь дээрэлхэлт гарсан тохиолдолд ямар үе шаттай арга хэмжээ авах талаар мөн хэн хариуцан ажиллах талаар дурьдсан байх хэрэгтэй. Мөн түүнчлэн дээрэлхэлтэд өртсөн хүүхэд, гэрчийн мэдүүлэг өгсөн хүүхэд хэрхэн дэмжлэг авах талаар тодорхой заасан байх хэрэгтэй.

6. ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООХ СТРАТЕГИ

Дээрэлхэлт болоход тухайн цаг үед нь маш тодорхой арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байх нь үр дүнтэй ажиллагааны салшгүй хэсэг юм. Энэ хэсэгт сургуулийн орчинд гарч буй дээрэлхэлтийг таслан зогсоох стратеги боловсруулж, гарсан дээрэлхэлийн тохиолдол бүрийг тогтмол тэмдэглэн бүртгэл хөтлөх тухай заавар чиглэлийг өгөх болно.

Сургууль дээр дээрэлхэлтийн асуудлуудыг шалгаж, арга хэмжээ авах үүрэг хариуцлага хүлээсэн багш, ажилтан нь хэн бэ гэдгийг хүн бүр маш сайн мэддэг байх ёстой. Ихэнх ЕБС дээр сургуулийн нийгмийн ажилтан тус үүргийг гүйцэтгэдэг. Харин бага ангийн түвшинд хариуцах багш нь анги удирдсан багш өөрөө байвал үр дүнтэй.

7. НОТОЛГООНД СУУРИЛСАН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАКТИКУУД

Сургуулийн зөвлөл нь сургуулийн дээрэлхэлтийн эсрэг журамд дээрэлхэлтийн тэмдэглэл бүртгэл хэрхэн хөтлөхийг заасан эсэхийг нягталж, тэмдэглэл нь хувь хүний мэдээлэл хамгаалах зохицуулалтын дагуу хадгалагдах ёстой. Сургуулийн дээрэлхэлийг тэмдэглэх, мэдээлэх үйл явц нь дараах байдлаар өрнөх ёстой.

1. Дээрэлхэлийн талаар ирж байгаа бүх мэдүүлэг, мэдээлэл түүнчлэн нэр нь нууцлагдсан мэдүүлэгүүдийг ч хариуцсан багш анхааралтай хянан шалгаж, бүртгэлд оруулна. Ямар арга хэмжээ авснаа бүртгэлд оруулан мөн адил хэрэг гарсан тохиолдолд хэлэлцүүлэгт оролцоно.

2. Хэрвээ хариуцсан багш дээрэлхэлт болсон гэж үзвэл тухайн явдлын тухай тэмдэглэл хөтлөх ёстой бөгөөд тэр нь цаашдаа тус асуудлыг шийдвэрлэж, талуудын харилцааг сэргээхэд нь тус дөхөм болох юм.

3. Хариуцсан багш дараах нөхцлүүдэд (Дээрэлхэлтийн зан үйлийг бүртгэх, тэмдэглэх хуудас)–т оруулсан загварыг ашиглан дээрэлхэлтийн тухай тэмдэглэл хийж бүртгэлд оруулах ёстой.

a) Хэрвээ хариуцсан багш (нийгмийн ажилтан) дээрэлхэлт болсон гэж үзсэнээс хойш хичээлийн 20 хоногийн дотор дээрэлхэгчийн зан үйлдэлд засарсан шинж байдал ажиглагдахгүй байвал,

b) Сургуулийн дээрэлхэлтийн эсрэг журамд тодорхой нөхцөл заасан дээрэлхэлтийн зан үйлийг бүртгэж, нэн даруй сургуулийн захиралд шууд мэдэгдэх ёстой гэж тусгасан үед.

Дээр дурдсан (a) болон (b) нөхцөлүүдэд Хавсралт 3‐ын загварыг хариуцсан багш бүрэн 23 гүйцэд бөглөн хадгалах бөгөөд хуулбарыг сургуулийн захиргаанд хүртээмжтэй байдлаар архивлана. Мөн дээрэлхэлтийн тэмдэглэл нь цаг хугацааны хувьд хэдий эрт ч байлаа гэсэн хариуцсан багш сургуулийн захиргаатай зөвлөлдөх эрхтэй.

Эх сурвалж: "Бүх нийтийн боловролын төлөө" Иргэний нийгмийн үндэсний эвсэл

АНУ-ыг ардчиллын далбаан дор дайн дэгдээсэн гэж буруутгав
АНУ-ыг ардчиллын далбаан дор дайн дэгдээсэн гэж буруутгав
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.