/2021.12.03/: “Чимэгэ” систем нь дэлхийн шилдэг 40, азийн шилдэг 10 стартап компанийн нэг болжээ. Энэ талаар болон цаашид хийгдэх хөгжүүлэлт, зорилгынх нь талаар тус компанийн үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа.
– Сайн байна уу. “Чимэгэ” систем маань дэлхийн шилдэг 40, азийн шилдэг 10 стартапаар шалгарсан тухай гайхалтай мэдээ сонслоо. Энэ талаар ярилцлагаа эхэлье.
– “Чимэгэ” технологийн нээлтийг 2020 оны есдүгээр сард хийсэн боловч цар тахлын хатуу хөл хорионы улмаас олон нийтэд хангалттай хүрсэнгүй. Тухайн үед бид “Монгол яриаг текст рүү хөрвүүлэх технологио хийж чадлаа” гэсэн мессежийг өгөхийн тулд олон улсын хэвлэлд хандсан ч төдийлөн амжилт олоогүй. Тиймээс Чимэгэ технологио таниулах, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд энэ жил олон улсын шинж чанартай тэмцээн, уралдаанд орж эхэлсэн. Бидний анхны тэмцээн дэлхийн хамгийн том хэмээх 100 000 стартап оролцдог “Startup World Cup” байсан. Тус тэмцээнд Монголоосоо шалгарч Цахиурын хөндийд илтгэл тавих 50 компанийн нэг болсон ч цар тахлын улмаас хойшлогдож, ирэх 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдахаар болсон. Мөн Хонкогт болсон ”Startup World Cup Asia”-д оролцож, шилдэг 7 стартап компанийн нэг болсон.
Түүний дараа бид 9 сард дэлхийн Deep tech эко систем гэгддэг Hello Tomorrow хэмээх тэмцээнд оролцон эхний шатанд шалгарч “Deep Tech Pioneer” гэсэн цол аваад одоо Парис руу дараагийн шатандаа оролцохоор явах гэж байна.
Аравдугаар сард “WSA – World Summit Awards”-д оролцож Монголоосоо мөн шалгарч, дараагийн шатандаа оролцсон бөгөөд глобал дүн нь 2022 оны нэг сарын сүүлээр гарна. Мөн “ITU Digital World Awards” уралдаанд оролцож EdTech буюу боловсролын инновацын ангилалд шилдэг 10 стартапын нэг боллоо. Эцсийн ялагчийн дүн нь арай гараагүй байна. Эдгээрээс дүгнэхэд таны хэлснээр Чимэгэ нь дэлхийн шилдэг 40 стартапын нэг болно.
Энэ мэтчилэн бид олон улсын шинж чанартай тэмцээнд оролцож, технологио олон улсад таниулах, хүлээн зөвшөөрүүлэх ажлыг хийгээд явж байна.
– Олон улсын шинж чанартай уралдаан, тэмцээнд ороход шүүгчид ямар шалгуурыг илүү чухалчилж байна вэ? Мөн та бүхэнд ажиглагдсан, сургамжтай зүйл юу байв.
– Олон улсын шинж чанартай тэмцээн, уралдаанд боломжоороо оролцоод явах хэрэгтэй. Эхний нэг, хоёр тэмцээнд амжилттай оролцчиход ранк тогтоод дараа дараагийн тэмцээндээ шалгарах магадлал өсчихдөг юм байна. Шүүгчид тухайн систем эсвэл технологи хүний амьдралыг яаж өөрчилж байгаа вэ буюу social impact гэдэг зүйлийг их харж байна. Мөн бизнес, эдийн засгийн ач холбогдол, цар хүрээ мэдээж чухал.
– Тэгвэл “Чимэгэ” систем маань монголчуудын амьдралыг яаж өөрчлөх боломжтой вэ?
– Яриаг текст рүү, текстийг яриа руу хөрвүүлэх энэ технологи бол суурь технологи. Хэрвээ энэ технологи байхгүй бол дараа, дараагийн технологиуд жишээлбэл Роботик, Виртуал туслагчид манай улсад хөгжих ямар ч боломжгүй. Жишээлбэл, текстийг яриа руу хөрвүүлэх боломжгүй байсан үед роботыг бид өдөр тутамдаа ашиглаж чадахгүй. 2019 онд БНХАУ-д болсон дэлхийн боловсролын форум дээр Хятад улс технологийнхоо блокийг тайлчихлаа учир нь Хятадууд яриа таних системээ 98 хувьд хүргэчихлээ гэдэг мэдээг дэлхийн нийтэд зарласан. Үүнтэй аналогоор монголчууд бид ч технологийнхоо түгжээг мултлаад, яриа таних системийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэх боломжтой болчихлоо. Энэ утгаараа Чимэгэ маань өндөр үнэ цэнтэй. Харин иргэдийн өдөр тутмын амьдралын хэрэглээнд нэвтрэх нь цаг хугацааны асуудал байх гэж бодож байна. Чимэгэ нь Монголчуудын амьдралын тав тух, стандартыг дээшлүүлж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нь дамжиггүй.
– “Чимэгэ” системийг хэр их хүн ашиглаж байна вэ? “Чимэгэ”-г ашигласнаар хүмүүс цаг хугацааны хувьд хэр их хэмнэлтийг мэдрэх боломжтой вэ? Энэ тал дээр та бүхэн судалгаа хийсэн байх.
– ”Чимэгэ Кибоорд”-ыг 250 000 хүн өдөр тутамдаа, “Чимэгэ бичээч”-ийг одоогийн байдлаар 10 000 хүн ашиглаж байна. Ихэвчлэн албан байгууллагын хурлын протокол бичдэг хүмүүс ашиглаж байх шиг байна. Уг нь аудио болон видеоноос бичвэрээр хайлт хийх боломжтой болгосон медиа архивын систем юм.
Ярих нь шивэхээс гурав дахин хурдан гэсэн олон улсын судалгаа бий. Тиймээс “Чимэгэ кибоорд” хүний шивэх цагийг гурав дахин хэмнэж байна гэж ойлгож болно.
Судалгаанаас харахад, 1 цагийн аудио бичлэгийг үг, үсэг орхихгүй шивэхэд энгийн хүмүүс 8 цаг буулгадаг бол мэргэжлийн хүмүүс 5 цаг буулгадаг. Харин “Чимэгэ бичээч” ашиглавал 2-4 минут л зарцуулна.
– Монгол хэлийг технологитой холбох санаа анх хаанаас гарсан бэ?
– 2002 онд Би Германы Аахен хотын их сургуульд магистрын ангид элсэхэд намайг огт өөр орчин угтаж авсан. Өмнө нь би зөвхөн DOS, Windows үйлдлийн системүүд дээр л ажиллаж байсан бол их сургууль дээр Sun корпорацын Сан Соларис болон Линүкс үйлдлийн системүүд угтаж авсан. Тухайн үед би Login ч хийж чадахгүй тэвдэж байхад ангийн Украйн анд маань Орос хэлээ сонгочихсон Линүкс дээр африкын хэн ч мэдэхгүй Зулу ч гэнэ үү хэл мэл байхад Монгол байхгүй ямар сонин юм бэ тээ гээд сууж байв. Ичих, гомдох хоёрын дунд нэг сонин мэдрэмж авч, тус үйлдлийн системд яагаад монгол хэл байхгүй байгаа вэ гэдэг асуудлыг тавьж өөрөө баг бүрдүүлэн ажиллаад хоёр жилийн дараа буюу төгсөх жилдээ Дебиан Линүкс дээр монгол хэлээ оруулж байв. Ингэж л эхэлсэн болов уу гэж бодож байна. 2004 оноос Монгол бичгийн кодчилол, фонтын асуудал, тэгээд Монгол хэлний алдаа шалгуур, “Болор толь”-г хөгжүүлсэн. Бид өмнө орчуулсан мэдээллийн технологийн үг хэллэгээ “Болор толь” руу ихээр оруулсан. Тиймээс ч хүмүүсийн хэрэглээнд маш хурдан нэвтэрсэн болов уу. Ингээд яваандаа mashine translation хийнэ гэсэн зорилго тавьж “Болорсофт”-г үүсгэн байгуулсан.
– Монгол хэлийг технологид интеграцчилсан Болор толь, Болор дуран, Чимэгэ зэрэг энэхүү системүүдийн хөгжүүлэлт хэр явж байна вэ?
– Эдгээр бүтээгдэхүүнүүдийг Монгол Улс даяар нэлээн идэвхтэй ашигладаг болчихлоо. Болор толь бол хамгийн олон хүнд хүрсэн, Болор дуран бол хамгийн алдаа багатай программ гэж миний хувьд хэлэх байна. Гурав дахин бичигдсэн эд шүү дээ. Анх Жава дээр бичигдээд CPP болон C дээр бичигдэж байж өнөөдрийн дайнд хүрсэн. Анх нэг хуудсыг шалгах гэж 3-5 минут болдог байсан. 2-р хувилбараараа нэг нүүр бичгийг шалгахад 1 минут зарцуулагдаж байсан. Тэгэхээр 100 хуудастай материалыг шалгавал нэлээн их ажил болно шүү дээ. Ингээд гурав дахь оролдлогоороо өнөөдрийн түвшинд хүрсэн. Тиймээс энэ бол Болор дуран бол Монголын түүхэнд бичигдсэн хамгийн доод түвшинд найдвартай программчилсан программуудын нэг.
– Өнөөдөр хүн бүр л янз бүрээр бичиж, олон нийтийн сүлжээнд Монгол хэлний зөв бичгийн дүрмээр ам уралдуулан мэтгэлцэж байна. Мөн албан байгууллага, хэвлэлийн редакцууд ч гэсэн өөрийн гэсэн монгол хэлний дүрэмтэй байх жишээтэй. Энэ Болор дурантай ч зөрчилдөх тал бий. Тиймээс “Болор дуран” монгол хэлний хувьд хэр их шинэчлэгддэг вэ?
– Бид эхэн үедээ жилдээ 4-5 удаа шинэчилдэг байсан. Одоо бол тогтворжоод жилдээ эсвэл хоёр жилдээ 1 удаа шинэчилж байна. Оксфордын толинд жилд 500 үг шинээр ордог гэдэг жишгээр шинэчлээд явахыг хичээдэг.
– Техник, технологи хөгжиж, даяарчлалын эрин үед монгол хэлний хэрэглээ багасаж байна. Сүүлийн үеийн залуусын дунд монгол хэл гэхээсээ илүүтэй англи хэлийг сурах нь ихсэж байна. Энэ үед монгол хэлийг технологитой уялдуулж хэрэглээнд нэвтрүүлэх нь эх хэлний дархлааг хамгаалж үлдэхэд чухал үүрэгтэй байх. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
– Аливаа зүйл идэвхтэй хэрэглээнд байж л амьд оршино, эс бөгөөс уламжлал болоод мартагдана. Тиймээс энэ бол хамгийн чухал ажил. Хүмүүсийн хэрэглээ үндсэндээ мэдээллийн технологи руу шилжчихлээ. Урьд гараар болон бичгийн машинаар бичдэг хүн олон байсан бол одоо компьютергүйгээр эсвэл утасгүйгээр шивнэ гэдгийг төсөөлж чадахгүй. Тиймээс технологид монгол хэлийг шигтгэж оруулахгүй бол энэ хэл “сүйрнэ”. Энэ дээр “Болорсофт” маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин ч бид хоцорсон. Угтаа бол “Болорсофт” шиг компани түүнийг байгуулагдахаас 20 жилийн өмнө байгуулагдаад өдийд илүү хүчтэй явсан бол өнөөдөр манай хүүхдүүд англи хэл дээр хэлд ороод байна гэж ярихгүй байх байсан. Бид өөрсдийн бололцоогоор нээлттэй эхийн системүүдэд монгол хэлийг оруулах, Монгол кириллээр бичих гарын драйверийг нь оруулах Apple-д саяхныг хүртэл монгол хэл байгаагүй, түүнийг оруулсан. Мөн манай компани Microsoft, Adobe болон Apple-тай нягт хамтын ажиллагаатай. Adobe 20 хувилбар дээр монгол бичгийн дүрслэлийг орууллаа. Бүх веб хөтчүүдэд босоо монгол бичгээр бичих боломжтой болгоход “Болорсофт”-ийг оролцоо маш их байсан. Системүүд шинэчлэгдээд явахад тэрхүү систем рүү монгол хэлийг яаж оруулах вэ гээд энэ ажил цаашид хийгдээд явна.
– Монгол бичгээр цахим орчинд бичих боломжтой болгосон гээд та хэллээ. Тэгвэл Монгол Улс 2025 он гэхэд хос бичигтэн болоход технологийн хувьд бэлэн болчихсон гэж ойлгож болох уу?
– Бид өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг хийчихсэн. Технологийн шийдлийг нь гаргаад өгчихсөн. Суурь бүх системүүдэд босоо монгол бичгээр дүрслэх боломжтой болсон. 1990 онд монгол бичиг рүү шилжүүлэх гэж оролдоод, бүтэлгүйтсэн. Учир нь тухай үед технологийн хувьд бэлэн бус байсан. Харин одоо технологи нь бэлэн болчихсон. Гол нь улс төр, нийгмийн асуудал нь үлдсэн байгаа. Үүнийгээ шийдчихвэл ямар ч асуудал байхгүй гэж харж байна.
– Монголчууд бид технологийн хэрэглээгээрээ дэлхийн №1-т бичигддэг. Гэтэл дижитал өрсөлдөх чадвараараа бид дэлхийн сүүлийн мушгиж байна. Энэ юутай холбоотой гэж та харж байна вэ?
– Үүнд бидний хойч ирээдүйгээ бэлтгэж буй системийн буруу бий. Үнэндээ бол бид хойч ирээдүйгээ бэлтгэхгүй байгаа гэж хэлж болно. Мэргэжлийн давхардал арилгаж байна гээд бүх IT чиглэлийг байхгүй болгочихсон шүү дээ. Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн 60-70 хувийг бэлтгэдэг байсан КТМС сургууль өнөөдөр байхгүй болчихсон. МУИС дээр байсан мэдээллийн технологи сургууль хэрэглээний шинжлэх ухааны сургуультай нэгдчихсэн. За яах вэ нэгдэж болно. Гэхдээ квот нэмэгдэхгүй байгаа нь өөрөө асуудал болчхоод байна. Хөгжүүлэх ёстой, хийх ёстой гэчхээд боловсон хүчнийг нь гүн шоконд оруулчихаар өрсөлдөх чадвар байхгүй болчихно шүү дээ. Хэрэглээгээр бол монгол мэдээж нэгт. Монгол хүн өөрөө их сониучхан, соргог, хөрвөх чадвартай. Тиймээс аливаа шинэ технологийг бид маш хурдан хэрэглэж сурдаг. Гэхдээ бид бүтээгч байх ёстой. Дэлхийн алдартай философчдын хэлж буйгаар, ирээдүйд хүн төрөлхтний нэг хэсэг нь хэрэглэгчид, нөгөө хэсэг нь бүтээгчид гэсэн хоёр хэсэг болно гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, технологийн боол эсвэл технологийн бүтээгч гэсэн үг. Тиймээс бид бүтээгч талд нь илүү ажиллаж, улсаа аврах ёстой. Ингэхгүй бол бид хөгжлөөрөө асар их хоцрогдоно.
– “Чимэгэ” системээрээ та бүхэн юунд хүрэхийг зорьж байна вэ?
– “Чимэгэ” системийг бүх программ болон техник хангамжид интеграцлан холбохыг зорьж байна. Ирээдүйн технологиуд болох ухаалаг гэр, виртуал туслагч, робот гэх мэт системүүдийн суурь болно. Мөн бид дундад азийн зах зээл буюу зорилтот 100 сая хүний зах зээл рүүгээ орохоор зорьж байна. Өнөөдөр “Чимэгэ” системс нэмээд Казах хэлийг шийдсэн байгаа. Киргизстан, Казахстан өнөөдөр энэ асуудлаа шийдээгүй байна. Үүнийг шийдсэн томоохон тоглогч ч байхгүй л байна. Бид дэлхийн хамгийн том компаниудын хийгээгүй зүйлийг хийхийг зорьж байна. Тэгж байж өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлнэ. Зориод буй 100 сая хүний зах зээл рүү ороход энэ нь “Чимэгэ”-с илүү Монгол Улсад маш хэрэгтэй. “Чимэгэ” бол робот хүн, компьютер хүн, эсвэл робот хоорондоо харилцахад суурь болно.
– “Чимэгэ” ажлын байрыг булааж авч байна гэсэн яриа бий. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
– Хүн бол Роботын ажил биш хүнийхээ ажлыг л хийх ёстой. Хүн сэтгэх хэрэгтэй, өөрөө хөгжих, мэдрэмж шаардсан, сонирхолтой ажил хийх хэрэгтэй. Амьдралын эрхэнд манаач, ресепшн, оператор хийж байгаа нь манай улсын бодлого болоод системийн алдаа дутагдал. Энэ мэт ажлыг өнөөдөр технологи орлох боломжтой болчихлоо. Монгол Улс цөөн хүн амтай, хүний нөөцийн асар их дутагдалтай орон. 1 тэрбум хүнтэй улсаас дутахгүй оршихын тулд бид технологи, автоматжуулалтыг бүх улсаас бүр илүү нэвтрүүлэх ёстой. Цөөн хүн амтай, иргэд нь гоё ажил хийдэг, өндөр үнэлэмж, орлоготой улс болох ирээдүй бидэнд бий. Хэрэв байхгүй бол бид бүтээх ёстой.