/2021.12.03/ Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...”, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон...”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн гэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч мөн оны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ.
1. Шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “...нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял...”,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар “...Нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 төгрөгийн торгуулийн ялд, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 23.000.000 торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 40.000.000 төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын нийт хэмжээг 8 жилийн хугацаагаар,
-Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон 30 хоногийг Зорчих эрх хязгаарлах ялаас хасаж, нийт Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 5 сарын хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч Д.Хаянхярваагийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан 315.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 210.000.000 төгрөгийг улсын орлого болгохоор шийджээ. Хэргийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Авлигатай тэмцэх газар нь 2021 онд хууль бус хөрөнгийг илрүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас учирсан 92.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсын төсөвт нөхөн төлүүлээд байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, АТГ