/2025.02.13/
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын стратегийн баримт бичигт тодорхойлсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хохирогчийн эрхийг бодитой сэргээх, хохирлыг үр дүнтэй барагдуулах тогтолцоог бүрдүүлэх бодлого баримталж байна.
Энэ хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2025 оны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээлэлдээ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хэрэг хянан шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагааны нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20, 22, 23 дахь илтгэлд тусгаж, холбогдох УИХ-ын тогтоолд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхээр заасан болохыг дурдав.
Үүний мөрөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэйгөөр баривчлах талаар нэмэлт өөрчлөлт оруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалах чиглэлд томоохон ахиц гарсныг цохон тэмдэглэв.
Түүнчлэн прокурорын байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн хэрэгцээ, шаардлага, хууль сахиулах үйл ажиллагаа хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхийн ач холбогдлын талаар дурдлаа.ХЭҮК нь прокурорын байгууллагатай хамтран “Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг”, “Хүний эрхийн чиглэлээрх хууль тогтоомжийн өөрчлөлт”, “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үр нөлөө, ач холбогдол”, “Хорих ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь” зэрэг сэдвийн хүрээнд 2024 онд нийт 25 удаагийн сургалт зохион байгуулж, улс, аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын прокуроруудыг хамруулаад байна.
Үргэлжлүүлэн хууль сахиулах байгууллагууд хүний хувийн мэдээллийг чанд хамгаалах, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг хөндөж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Тухайлбал, УИХ-аас “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” асуудлаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг 2024 онд зохион байгуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах зэргийг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.