/2021.12.01/: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ОХУ-ыг Украины эсрэг ямар нэгэн “даамжруулах арга хэмжээ” авахаас татгалзахыг анхааруулан “аливаа түрэмгийлэл нь ноцтой үр дагаварт хүргэдэг” гэж мягмар гарагт мэдэгдэв.
Ригад айлчлах үеэрээ Латвийн Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичтэй хамт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Блинкен Украины хилийн ойролцоох Оросын цэргүүдийн шилжилт хөдөлгөөнд АНУ “маш их санаа зовж байна” гэжээ.
Блинкен болон НАТО-гийн гишүүн түүний түншүүд Ригад болсон НАТО-гийн сайд нарын уулзалтын үеэр Оросын арми хүчирхэгжсэнтэй холбоотой санаа зовнилоо хэлэлцэж байна. Блинкен энэ зөвлөгөөний дараа энэ сэдвээр илүү их зүйлийг хэлэх болно гэжээ.
Сайд нарын уулзалтын өмнө НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахыг Орост уриалж, цэргийн хүч нэмэгдүүлж байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд тайлбаргүй байна гэж мэдэгджээ.
Столтенберг даваа гарагт хэлэхдээ, "ОХУ-ын Украинд хийх аливаа түрэмгийлэл нь Орос улсын хувьд улс төр, эдийн засгийн ноцтой үр дагаварт хүргэх болно" гэв.
Мягмар гарагт Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, хэрэв НАТО "улаан шугам"-ыг даван барууныхны тэргүүлсэн цэргийн хүч Украин цэргийн дэд бүтцийг өргөтгөх арга хэмжээ авбал ОХУ-ын арми хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрч болзошгүйг анхаарууллаа.
"Хэрэв Украины нутаг дэвсгэр дээр ямар нэгэн цохилт өгөх систем байрлуулбал Москва руу нисэх хугацаа 7-10 минут, хэт авианы зэвсэг байрлуулсан тохиолдолд таван минут болно. Төсөөлөөд үзээрэй" гэж Путин хэлээд "Ийм байдлаар биднийг заналхийлж буй хүмүүст бид ижил төстэй арга хэмжээ авахад хүрнэ. Бид хэдийд ч бэлэн байж хариу барьж чадна" гэж Путин нэмж хэлэв.
ОХУ-ын арми ирэх оны эхээр ашиглалтад орох далайд суурилсан шинэ хэт авианы пуужинг амжилттай туршсан гэж Оросын төрийн тэргүүн тэмдэглэв.
НАТО-гийн гишүүн Латви, Литва, Польш улсууд хөрш зэргэлдээ Беларусь улстай залгаа хил дээр тулгараад байгаа асуудлаар Ригад хийж байгаа зөвөлгөөн дээр хэлэлцээ хийж байгаа юм.
Европын холбоо Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенког Европын холбоог тогтворгүй болгохын тулд Ойрхи Дорнодоос голдуу ирсэн олон мянган цагаачдыг Беларус улсаар аялуулж, Латви, Литва, Польш улс руу нэвтрүүлэхийг оролдсон гэж буруутгаж байна. Беларусийн засгийн газрынхаа эсрэг авсан хориг арга хэмжээнийхээ хариуг Лукашенко ийнхүү авч байна гэж ЕХ мэдэгдэв.
Блинкен мягмар гарагт хэлэхдээ, АНУ ЕХ-той хамтран Беларусийн эсрэг "ардчилал, хүний эрх, олон улсын хэм хэмжээнээс хэтэрсэн халдлагын улмаас" нэмэлт хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна гэв.
Блинкен "Америкийн дуу хоолой" радиогийн асуултад хариулахдаа Латвийн Гадаад хэргийн сайд Ринкевичстэй хамт "Харамсалтай нь Беларусь улс ард иргэдээ дарангуйлах, ардчиллын хүсэл эрмэлзлийг дарангуйлах, цагаачлалыг зэвсэг болгон ашиглаж буй арга хэмжээнүүдэд анхаарлаа хандуулж байна" гэжээ.
Блинкен сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид НҮБ-ын бүх хориг арга хэмжээг бэлтгэхэд Европын холбоотой нягт хамтран ажиллаж байна" хэмээжээ.
НАТО-гийн сайд нарын уулзалтын өөр нэг анхаарал хандуулж буй зүйл бол хамгийн сүүлд арван жилийн өмнө өөрчлөгдсөн Стратегийн үзэл баримтлалыг шинэчлэх явдал юм.
Столтенберг “Илүү аюултай ертөнц” гэж нэрлэсэн НАТО-д тулгарч буй аюул заналхийллийн шинж чанар өөрчлөгдсөнийг харгалзан стратегийн баримт бичгийг эргэн харах нь чухал гэж мэдэгдэв.
Столтенберг “Бид Оросын зан байдлын төлвийг, кибер, террорист заналхийлэл, цөмийн зэвсгийн тархалтыг харж байна. Одоо улам бүр дэлхийн хүчирхэг гүрэн болж байгаа Хятадын аюулгүй байдлын үр дагаврыг бид харж байна" гэв.
Блинкен лхагва гарагт Шведэд очиж, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сайд нартай уулзаж, Шведийн албаны хүмүүстэй хоёр талын харилцааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: voanews