/2021.11.26/: Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 19 дэх жилдээ иргэний андгай өргөх ёслол боллоо.
Ёслолд энэ онд 16 нас хүрч байгаа 43166 иргэн оролцсон юм. Төрийн ордны их танхимд энэ арга хэмжээ болохтой зэрэгцэн 21 аймаг 9 дүүрэгт мөн андгай өргөх ёслол болсон юм.
Өсвөр үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, түүхэн ач холбогдлыг ойлгуулах, өв уламжлалын боловсрол олгоход энэ арга хэмжээний утга учир оршиж байгаа юм. Эх орны үргэлжлэл тусгаар тогтнолын баталгаа бол залуу үе юм.
Эртний их түүхт Их Монгол улсын ирээдүй хойч
Монгол улсын иргэн би
Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж
Монгол улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалж
Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн
Бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан
Их түүх, эрх чөлөөний эзэн нь байж
Эх орон газар нутгаа хайрлан хамгаалж
Их соёл зан заншлаа өвлөн дэлгэрүүлж
Энх тайван амар амгаланг эрхэмлэн дээдэлж
Их засаг хууль ёсыг чандлан сахиж
Үнэнч шударга
Цэвэр ариун
Оюун төгс
Хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа
Их төрийнхөө дор андгайлж байна.
Эх сурвалж: БШУЯ