/2021.11.26/ Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн Монгол Улсын Төрийн шагнал хүртлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг 4 бүтээлд Төрийн шагнал хүртээсэн юм.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэнг Дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын тасалдлыг нөхөн, утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн ийнхүү шагналаа.
Тэрбээр алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа” романыг монгол хэлнээ сонгодог хэлбэрийг нь хадгалан утга төгөлдөр хөрвүүлсэн билээ.