ТЭГШ ЭРХ: Жирэмсний амралттай байсан эмэгтэйд ажилгүйдлийн тэтгэмж олгодоггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЭГШ ЭРХ: Жирэмсний амралттай байсан эмэгтэйд ажилгүйдлийн тэтгэмж олгодоггүй

/2021.11.23/ Дулмаа байгууллагадаа долоон жил удирдах албан тушаалд ажиллажээ. Хувийн компани учир ойролцоогоор 5 сая төгрөгийн цалин авдаг байв. Эрүүл мэндийн шалтгаанаар Дулмаа долоон жилийн дараа хөл хүнд болж жирэмсний амралтаа авах болжээ.

Тэрбээр жирэмсний амралттай байх нэг жилийн хугацаагаа дуусгаж ажилдаа оров. Гэсэн ч хэдэн сар ажилласны дараа нэлээд хугацааг нэг байгууллагад зарцуулсан тул ажлаасаа гарахаар болж, шинэ ажилд ханцуй шамлан орохоор төлөвлөв.

Тэрээр ажилласан долоон жилийн хугацаанд сар тутамд 5 сая төгрөгийн цалингаасаа нийгмийн даатгалын 11%-11.5% шимтгэл төлдөг байв.

Энэ нь нэг сард 500.000-575 мянган төгрөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэрээр улсад ойролцоогоор 48 сая төгрөг тушаажээ.

Шинэ ажлаа эхлэх хүртэл багагүй хугацаа зарцуулах нь мэдээж. Тиймээс ажилгүйдлийн тэтгэмж авахаар хөөцөлдөв.

Гэтэл “Таны хувьд ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй” гэх хариу авлаа. ЯАГААД?

Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд Та нийгмийн даатгалын ажилгүйдлийн санд татвар төлсөн байх ёстой. Ажилгүйдлийн санд ажил олгогч 0,2 хувь, ажилтан 0,2 хувийн шимтгэл төлдөг.

Энэ сангийн зорилго нь даатгуулагчийг ажилгүй болсон үед нь амьжиргааны баталгааг нь хангах, мэргэжил олгох, давтан сургах юм. Гэтэл эмэгтэйчүүдийг жирэмсэн байх хугацаанд “ажилладаггүй” буюу энэ зорилгоо огт биелүүлдэггүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг жирэмсний амралттай байх хугацаанд 0,2 хувь төлөгддөггүй. Ингэснээр тухайн эмэгтэйн хувьд “Ажилгүйдлийн санд тасралтгүй 9 сар шимтгэл төлсөн байх ёстой” гэсэн заалтаас албан хүчээр хасагдаж байна.

Эмэгтэйчүүдэд ажилгүйдлийн тэтгэмж нь “Хэчнээн жил ажилласан чинь хамаагүй, хүүхэд төрүүлсэн л бол ажилгүйдлийн сангаас тэтгэмж авч чадахгүй”, “Ажилгүйдлийн тэтгэмж авмаар байгаа бол ажлаа тасралтгүй есөн сар хий” гэсэн тулгалтыг бий болгож байна.

Жишээн дээр гарсан эмэгтэйтэй адил олон эмэгтэйчүүд жирэмсэн байсныхаа төлөө ийнхүү “шийтгүүлдэг” байх нь.

ХЭДЭН ТӨГРӨГ АВЧ ЧАДААГҮЙ ВЭ?
Ажилгүйдлийн тэтгэмж:

Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.

Дулмаа долоон жилийн хугацаанд НДШ төлсөн. Хуулиндаа бол 5-10 жилийн хугацаанд Дулмаагийн төлсөн шимтгэл төлсөн сүүлийн гурван сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 50%-ийг олгох ёстой. Тооцоолж үзвэл:

Сарын дундаж цалин: 5.000.000₮ /тогтмол/
Нэг сард ногдох тэтгэмж: 5.000.000₮ : 50%=2.500.000₮
Ажлын нэг өдөрт ногдох тэтгэмж: 2.500.000₮ : 21.2 хоног /сарын дундаж ажлын хоног/=117.000₮
Олговол зохих тэтгэмж: 117.000₮ * 76 хоног /гурван сарын ажлын өдөр/= 8.962.000₮

Эргэж ажилдаа ороод есөн сар болж байж л дээрх тэтгэмжийг авна. Есөн сардаа хүрээгүй байхдаа ажлаасаа гарчихвал дээрх дүн салхинд хийснэ гэсэн үг.

Магад Дулмаа энэ өндөр цалинг авахын тулд хэдэн өдөр нойр хоолгүй суралцаж, илүү цагаар ажиллаж үр дүн гаргасныг бид мэдэхгүй тул түүний өндөр цалин авч байгаа дээр биш нийгмийн даатгалын тогтолцоон дээр анхаарлаа хандуулахыг хүсье.

Их, дээд сургуулиудад байх дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмжээ
Их, дээд сургуулиудад байх дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.