/2021.11.22/ 2021 оны төсөвт 5,5 тэрбум төгрөгөөр батлагдаж байснаа 2022 оноос 32 тэрбум төгрөг болж огцом өссөн Богд Зонхова цогцолбор төсөлд Ч.Номин сайд мөнгө зарцуулахгүй хэмээн мэдэгдлээ.
Төсвийг УИХ-аас баталдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-аас 32 тэрбум төгрөгийг энэ төслийг барьж гүйцэтгэнэ гээд нэгэнт баталсан бол Засгийн газар түүнийг гүйцэтгэх үүрэгтэй. Эс бөгөөс зориулалтыг нь өөрчилнө.
Нэгэнт батлагдчихсан байгаа 32 тэрбум төгрөг бидэнд “унаад ирлээ” гэсэн үг. Одоо энэ мөнгөөр юу хийж болох вэ? Эмнэлэгүүдэд хуваарилах уу, боловсролын салбар руу илгээх үү? Энэ мөнгийг хааш нь шилжүүлэхийг хатуу хянаж байхгүй бол завсраар нь “гулгах” вий.
Одоо барьчихсан байгаа суурийг нь мөн яах вэ гэдэг асуудал үүсэх нь. Андлалын хөшөө шиг буулгах уу? Буулгаж, бариад суудаг үрэлгэн төсөвтэй байхаар цаг үе мөн үү?
Төр засгийн удирдлагууд арав гаруй жил саатуулж буй Түлэнхийн төвөө бариагүй атлаа ийнхүү хөшөө бунханд ихээхэн хэмжээний мөнгө төсөвлөж суудаг байх нь.
Ер нь энэ нь төсвийн төслийг дахин сайн нягтлах хэрэгтэй гэдгийг энэ Богд Зонхова төсөл баталлаа. Төсвийн “хэтэвчийг” атган сууж буй Сангийн сайд Б.Жавхлан “хэлгүй, дүлий” мэт ойрын өдрүүдэд байна. Тэрээр нэгэн удаа сэтгүүлчидтэй уулзахдаа “Төсөв зохиох шиг амархан зүйл байхгүй” хэмээн бардамнаж байсан. Том үнийн дүнтэй хөшөө биш юм гэхэд бага үнийн дүнтэй баахан хөшөө хөдөө аймгуудад баригдахаар тусгагдсан юм биш биз, Б.Жавхлан сайд аа?