/2021.11.22/ Улаанбаатар хотын автозамын түгжрэл хэрээс хэтэрч, оргил цагуудад автомашины хурд явган хүнийхтэй зэрэгцэж байна.
Гэтэл он гарсаар бүртгэлтэй автомашины тоо улам нэмэгдэж 700 мянгад хүрэх төлөвтэй. Тиймээс ирэх жилээс бид бараг л зам дээрээ машинтайгаа зогсдог болох нь.
Энэ байдлаас гарах нэн тэргүүний алхам бол нийтийн тээврийг сайжруулах. Ирэх жилээс 500 автобус шинээр худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгийг Хотын орлогч дарга Б.Одсүрэн мэдээлсэн.
Үүний зэрэгцээ өөр нэг боломжит хувилбар нь такси үйлчилгээ юм. UBCab гэхэд бүртгэлтэй жолоочийн тоо 8000-д хүрчээ. Гэвч энэ нь 1,5 сая хүнтэй хотод хангалтгүй. Үүнийг хэрхэн нэмэгдүүлж болох вэ?
Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдалд хууль эрхзүйн орчин байхгүйгээс такси үйлчилгээ сайжрах боломж алга. Учир нь, УБ хотод бүртгэлтэй 450 мянга гаруй суудлын автомашины 65 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй. Такси үйлчилгээ явуулах шаардлагад зөв талдаа жолооны хүрдтэй автомашин л тэнцэнэ. Тиймээс “ Буруу хүрдтэй машиныг явуулахын тулд хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж мэргэжилтнүүд ярьж байна.