Чөлөөт бүсүүдийг хөгжүүлснээр алслагдсан аймгийн иргэдийн амьдралын чанар дээшилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чөлөөт бүсүүдийг хөгжүүлснээр алслагдсан аймгийн иргэдийн амьдралын чанар дээшилнэ

/2021.10.29/ УИХ-ын чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Алслаглсан аймгуудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун, цементний үнэ хоёр дахин нугарч очдог. Хэрэв чөлөөт бүс байгуулаад хоёр улсын худалдаа наймаа эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлчих юм бол хилийн бүсийн аймгууд хямд бараа бүтээгдэхүүн татах боломжтой. Түүнчлэн Увс, Завхан, Хөвсгөл зэрэг аймгуудын иргэд ОХУ, БНХАУ-руу өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой.

“Алтанбулаг" чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдээгүй. Үүнд ямар асуудал байна вэ. Энэ тал дээр тодорхой тайлбар өгөхгүй юу?

“Цагааннуур” чөлөөт бүсийн захирагч А.Аманкелди: "Цагааннуур" чөлөөт бүс байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж чадаагүй харамсалтай байдалд байгаа. Замын-Үүд чөлөөт бүсийг нээснээс хойш Цагааннуур чөлөөт бүсийг бас нээж, байнгын ажиллагаанд оруулах тогтоолыг Засгийн газраар батлуулхаар оруулчихсан. Тус чөлөөт бүсийн экспортын дийлэнх хувийг хонь, адууны мах, сүлжмэл бүтээгдэхүүн эзэлж байна.

Цагааннуур чөлөөт бүсийг хөгжүүлэх гол дэд бүтцийн ажил бол "АН4" олон улсын автозам гэж үзэж байна. Энэ замын ажил ерөнхийдөө дуусч байгаа. Тус зам ашиглалтад орсноор тээвэр ложистикийн асуудлыг "Цагааннуур" чөлөөт бүсээр дамжуулж хийх бүрэн боломжтой. Ингэснээр ОХУ-аас тээвэрлэх 1 тонн ачааны үнэ 300-350 мянган төгрөг байна гэсэн тооцоо хийгдсэн. Одоогоор 1 тонн ачааг 600-650 мянган төгрөгөөр тээвэрлэдэг. Тэгэхээр нэг дахин хямд өртгөөр ачаа тээвэрлэх бололцоотой.

"Замын-Үүд" чөлөөт бүсийн захирагч А.Энхзул: Энэ хууль батлагдсанаар Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр УИХ-аар соёрхон батлагдах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, хуулинд маань хил дамнасан бүс гэсэн нэр томьёоны гажуудал үүссэн учир дээрх хамтын ажиллагааны хэлэлцээрийг баталж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.

Замын-Үүд-Эрээний чөлөөт бүсүүд харилцан хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ. Эдийн засгийн хувьд 2016 онд Замын-Үүд бүс урьдчилсан ТЭЗҮ хийлгэсэн. Тус ТЭЗҮ-д "ДНБ жил бүр 1,6-2,3 хувиар өснө. 2025 он гэхэд 9,400 ажлын байр бий болсон байна. Энэ тоо 2030 онд 15 мянга хүртлээ өснө" гэж үзсэн. Гадаадын хөрөнгө оруулалт 2034 он гэхэд 9 тэрбум ам долларт хүрсэн байна. Түүнчлэн бүс нутгийн хөгжил хурдсах эдийн засгийн ач холбогдолтой гэж үзсэн.

Манай улсын элчин сайдын яам Эмират Улсад байгуулагдана
Манай улсын элчин сайдын яам Эмират Улсад байгуулагдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.