Нүүрсний ханш дээд амжилтаа шинэчилж, төмрийн хүдрийн оргил үе өндөрлөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний ханш дээд амжилтаа шинэчилж, төмрийн хүдрийн оргил үе өндөрлөв

/2021.10.28/: Цар тахлын дараах шинэ хэв маяг бүрдэж буй үед бүх зүйлсийн үнэ өсч байна.

Дэлхийн зах зээлд ганцхан эрдэс баялаг бус, хөдөө аж ахуйн түүхий эдүүдийн ханш ч ихээхэн өсч байна. Хятадын Засгийн газар зах зээлд түүхий эдийн ханшийг хяналтдаа байлгахыг хүсч байгаа ч санаснаар нь өрнөхгүй байгаа нь есдүгээр сард тод ажиглагдлаа. Хятадын Засгийн газар Австралийн нүүрсэнд өнгөрсөн оны сүүлээс эхлэн албан бусаар импортын хориг тавих болсон. Гэсэн ч энэ алхам нь Австралид экспортын зах зээлээ тэлэх боломж олгож, харин эсрэгээр Хятадын дотоодын зах зээлд нүүрсний ханш огцом өсөх нөхцөлийг бүрдүүллээ.

Харин манай улс дотоод халдварын улмаас Хятад руу нүүрс ахиу экспортлох боломжийг ашиглаж чадахгүй байсаар оны дийлэнхийг өнгөрүүлж байна.

Нүүрсний экспорт биет хэмжээгээр буурсан ч үнийн өсөлтөөс шалтгаалан экспортын орлого нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд хадгалагдаж буй сайн талтай. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд манай улс дотоод халдварыг алдалгүйгээр боломжоо ашиглаж чадсан бол есдүгээр сарын дунд үе гэхэд одоогийн түвшнээс дор хаяж 11 сая тонн нүүрс илүү экспортолж, тэр хэрээр 1.3-1.6 тэрбум ам.долларын орлого ахиу олох байжээ.

Гэсэн ч цар тахлын дараах шинэ хэв маяг түүхий эдийн ханшийг өсөлтийн түвшинд барих болсон. Тодруулбал, дэлхийн хөгжингүй улс орнууд эдийн засгаа хамгаалах зорилгоор ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээр “мөнгөн бороо” оруулсан, бас оруулж ч буй нь эргээд зах зээлийн өндөр эргэлттэй түүхий эдийн ханшийг өсгөж байна.
Цаашид үнийн өсөлт энэ хэвээр үргэлжлэх үү, буурах уу гэдэг асуудал тодорхойгүй ч цар тахлын хамгийн хүнд цаг үе ард хоцорсон гэсэн дүгнэлт-найдварыг салбарын хэвлэлүүд хийж эхэллээ.

Зэсийн ханшийн өсөлт өндөрлөөгүй

Нью-Йоркийн бирж дээр цэвэр зэсийн ханш есдүгээр сарын 21-нд 8998 ам.доллар/тонн хүрч буурсан. Гэхдээ сарын сүүлээр үнэ буцаад өссөн. Ийнхүү ханш өсч буурахад Хятадын үл хөдлөх салбарын худалдаагаар дээрээсээ хоёрт бичигддэг “Evergrande” групп өрийн хямралтай тулгарсан нь нөлөөлсөн. Улмаар тус групп өрийн асуудлаар зээл олгогчидтойгоо тохиролцоонд хүрч эхэлснээр металын зах зээлд ханшийн бууралт өсөлтөөр солигдох боломж бүрдсэн. Зэсийн томоохон хэрэглэгч Хятад улсын хувьд аравдугаар сард улсын нөөцөөсөө дахин 30 мянган тонн зэс дотоодын зах зээлд нийлүүлэхээ мэдэгдээд байна. Үүний зэрэгцээ 50 мянган тонн цайр, 70 мянган тонн хөнгөн цагааныг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх ажээ.



Зэсийн хувьд АНУ, Хятад, Европын холбооны ногоон шилжилтийн нөлөөгөөр ирээдүйд эрэлт нь өсөх нь тодорхой болоод байгаа юм. Хэдийгээр энэ оны тавдугаар сард зэсийн ханш 10700 ам.долларын шугам давж дээд амжилт тогтоосноос хойш бууралттай байгаа ч цаашдын хэтийн төлөв нь баталгаатай гэж хэлж болно. Нэгэнт эрэлт өсөх нь тодорхой байгаа үед нийлүүлэлт ч бас ойлгомжтой байх ёстой. БНАКонго, Монгол зэрэг орны зэсийн нийлүүлэлт ирэх жилүүдэд өсөхөөр байгаа ч одоо ашиглагдаж буй зарим уурхайн хүдрийн агуулга буурах, нөөц багасах асуудал тулгамдаж байна. Нөгөөтэйгүүр Чили, Перу зэрэг зэсийн голлох олборлогчдын тухайд борлуулалтад ногдуулах татвар, роялти төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхээр эрмэлзэж байгаа нь шинэ төслүүдийн хөрөнгө оруулалтыг боомилно гэж шинжээчид харж буй юм.

“Фитч” агентлагийн тооцоолж буйгаар зэсийн ногоон технологийн эрэлт (сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машинд чиглэсэн) энэ онд 1.4 сая тонн байх бол 2030 онд 5.4 сая тонн болж өснө гэж таамаглажээ. Чилийн зэсийн комисс буюу Кочилко энэ онд дэлхийн зэсийн нийт эрэлт 24 сая тонн байх бол ирэх онд 24.7 сая тонн болж өснө гэж тооцоолсон байна. Эрэлт ийнхүү өсөхөөр байгаа ч нийлүүлэлт түүнийг нөхөхүйц хэмжээнд хүрч чадахгүй бол үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Харин шинжээчдийн дийлэнх нь зэсийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй гэдэгт итгэлтэй байгаа юм. Тэгэхээр зэсийн төсөлтэй аливаа компани хөрөнгө оруулагчдыг “соронзон” мэт татах нь тодорхой болж ирж байна.

Зэсийн үнэ өсч буй нь Монгол шиг экспортлогч орнуудын хувьд цар тахлын амаргүй үед ач тусаа өгч байна. Оны эхний долоон сарын байдлаар зэсийн баяжмалын борлуулалтаас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.8 их наяд орчим төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 3.4 дахин их дүнтэй байгаа төдийгүй оны нийт төлөвлөгөөт хэмжээг давж орхижээ.

Төмрийн хүдрийн ханш 100 ам.доллар/тонноос доош орж тогтворжино

Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн төмрийн хүдрийн ханш эрчимтэй буурах болсон. Учир нь, Хятадын гангийн үйлдвэрлэл буурч, эрэлт багассан төдийгүй Бразилийн нийлүүлэлт өсчээ. Удалгүй есдүгээр сард “Evergrande”-ийн өрийн хямралын сургаар төмрийн хүдрийн үнэ дахин буурч 120 ам.доллар/тонноос доош оров. Ингэснээр 2021 онд оргилдоо хүрч өсөөд байсан төмрийн хүдэр бууралттай түүхий эдүүдийн тоонд багтах болов. Хятадад тохиож буй эрчим хүчний хомсдол нь гангийн үйлдвэрүүдийг гарцаа танахаас өөр аргагүйд хүргэнэ гэж UBS банк үзэж байна. Зэрэгцээд Хятадын эрх баригчид дотоодын гангийн үйлдвэрлэлийг өнгөрсөн оны 1.06 тэрбум тоннын түвшинд барихыг зорьж буй нь оны үлдсэн саруудад гангийн гарц сайнгүй байхыг илтгэнэ.

Цаашлаад ирэх оны Бээжингийн Өвлийн Олимпыг угтуулаад бүс нутгийн агаарын бохирдлыг бууруулах үүднээс ойролцоох гангийн үйлдвэрлэлийн гарцыг зориудаар бага түвшинд барих төлөвтэй байна. Гэхдээ Хятадын эдийн засгийн ерөнхий үзүүлэлт ч сайнгүй болж ирсэн. Тухайлбал, жижиглэнгийн худалдааны өсөлт өнгөрсөн наймдугаар сард 2.5%-тай гарсан нь шинжээчдийн тооцоолж байсан 7%-иас хавьгүй доогуур дүн юм. Энэ нь КОВИД-19-ийн делта хувилбарын болзошгүй тархалтаас сэргийлсэн арга хэмжээтэй голлон холбоотой. Түүнчлэн үл хөдлөхийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ урд хөршид оны эхний найман сарын байдлаар 3.2%-иар буурчээ.


Ирэх онд төмрийн хүдрийн ханш 80-90 ам.доллар/тонн хавьцаа хэлбэлзэнэ гэж тус банк тооцоолжээ. Bank of America-ийн хувьд ирэх онд гангийн түүхий эдийн дундаж ханш 91 ам.доллар/тонн хавьцаа тогтоно гэж таамаглажээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн байгууллагууд төмрийн хүдрийн ирэх оны ханшийн төлвийг өөдрөгөөр харахгүй байна.

Хятадын гангийн салбарт цаашид нийлүүлэлтийн илүүдэл үүснэ гэдгийг шинжээчид тайлбарлалаа. “Evergrande”-ийн тухайд нийт 300 гаруй тэрбум ам.долларын өртэй бөгөөд зээл төлөлтийн асуудлаа нааштайгаар шийдвэрлэж чадахгүй бол гангийн салбарт том цохилт болох нь дамжиггүй. Улмаар төмрийн хүдрийн гол экспортлогч Австрали, Бразил зэрэг улсад ихээхэн хүнд тусна.
Манай улсын хувьд он гарсаар төмрийн хүдрийн экспорт мөнгөн дүнгээр 90 орчим хувиар өссөн нь олон улсын зах зээлд ханш өссөнтэй холбоотой. Харин ирэх онд экспортын хэмжээ хэрхэх эсэх нь зах зээлийн нөхцөлөөс шууд хамаарна.

Нүүрсний ханш дээд түвшинд хүрлээ

Есдүгээр сард Хятадын дотоодын зах зээлд коксжих нүүрсний ханш тонн тутамдаа 600 ам.доллар давж өслөө. Тус улсын коксжих нүүрс олборлолтын гол бүс нутаг Шанси мужийн Wangjialing нүүрсний уурхайд есдүгээр сарын эхээр осол гарч, уурхайг сарын хугацаатай хаахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан бүс нутгийн хэд хэдэн уурхайд аюулгүй ажиллагааны шалгалт оруулахаар болжээ. Ингэснээр тус улсын дотоодын зах зээлд сайн чанарын коксжих нүүрсний ханш тонн тутамдаа 600 ам.доллар давж өсчээ. Их өвөрмөц өрнөл коксжих нүүрсний зах зээлд болж байна. Өмнөх жилүүдэд төмрийн хүдрийн ханш нэмэгдэх үед коксжих нүүрсний ханш төдийлөн ижил түвшинд өсөлттэй байж чаддаггүй зураглал түүхий эдийн зах зээлд тодорч ирсэн. Өөрөөр хэлбэл, энэ удаад уг уламжлал өөрөөр эргэлээ. Одоо коксжих нүүрс нь ган үйлдвэрлэлийн хамгийн өртөг өндөртэй түүхий эд болоод байгаа юм.

Үүний зэрэгцээ Австралийн коксжих нүүрсний ханш ч есдүгээр сард огцом өсөөд байна. Тодруулбал, Австралийн коксжих нүүрсний ханш есдүгээр сарын хоёрдугаар хагаст 410 ам.долларт хүрсэн (FOB нөхцөлтэй үнэ) нь түүхэн дээд амжилтад тооцогдож байна. Хамгийн сүүлд 2011 онд Австралийн коксжих нүүрсний гол олборлолт явагддаг Квийнслэнд мужийг хар салхи дайрах үеэр коксжих нүүрсний ханш дээд хэмжээндээ хүрч байсан. Энэ удаад Хятад улсын дотоодын олборлолт багасч, гол нийлүүлэгч Австралийн нүүрсний импортод хориг тавьсны сацуу Монголоос импортлох хэмжээ нь үлэмж буурсан зэрэг нь үнэ өсөхөд нөлөөлж байна. Хятад улс оны эхний найман сарын байдлаар 30.7 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41.6%-иар буурсан дүнтэй гарлаа.

Монгол улсын хувьд он гарсаар есдүгээр сарын 15-ны байдлаар нийтдээ 11.4 сая тонн нүүрс экспортлоод байна. Сангийн яамны зүгээс энэ онд 16-20 сая тонн нүүрс экспортлох таамгийг дэвшүүлсэн бол ирэх оны төсөвт 36.7 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг тусгажээ. Энэ төлөвлөгөөг цар тахлын үед нүүрсний терминалын тусламжтайгаар биелүүлэх боломж бий. Гэхдээ эдийн засагчид уг тооцооллыг харьцангуй өөдрөг тоо бөгөөд 30 сая тоннд хэлбэлзэх болов уу гэж тайлбарлаж байна. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 472 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 55%-иар өссөн байна. Гэсэн ч оны эцсээр төсөвт оруулах учиртай төлөвлөгөөт дүн буюу 1.3 их наяд төгрөгийн орлого энэ жил төвлөрөх боломжгүй болсон нь бараг тодорхой юм.

Есдүгээр сарын 27-ны өдөр Гашуунсухайт боомтоор нүүрсний 263 тээврийн хэрэгсэл, 29-нд 267 автомашин тус тус нэвтэрсэн байна. Есдүгээр сарын сүүлийн долоо хоногт Монголын хилийн боомтуудаар Хятад руу өдөрт нэвтрэх нүүрс тээврийн машины тоо дунджаар 500-д хүрсэн нь өнгөрсөн хугацаанд өдөрт 100-200 машин гарч байсантай харьцуулахад мэдэгдэхүйц сайжирсан үзүүлэлт боллоо. Хятадын Ганцмод боомтын агуулахад Монголын коксжих нүүрсний ханш 3100 юань/тоннд хүрч өсөөд байна. Гэхдээ цаашид оны дөрөвдүгээр улиралд Хятадын гангийн үйлдвэрлэл буурахтай холбоотойгоор коксжих нүүрсний ханш буурах төлөвтэй.

Үүний зэрэгцээ эрчим хүчний нүүрсний ханш ч дэлхийн зах зээлд 200 ам.доллар/тонн-ыг хол давж түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Гэхдээ шинжээчид эрчим хүчний нүүрсний ханшийн өсөлт удаан үргэлжлэх эсэхэд эргэлзэж буй юм. Ийнхүү эрчим хүчний үнэ өссөн нь дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ өссөнтэй холбоотойг шинжээчид тайлбарлалаа. Үүний зэрэгцээ Хятадын дарга Си Жинпин тус улс цаашид хилийн чанадад нүүрсний станцын төслийг санхүүжүүлэхгүй гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган (2021.09.21) дээр амлалт өгсөн нь эрчим хүчний нүүрсний хөрөнгө оруулалт хумигдах дохио өглөө. Ингэснээр эрчим хүчний нүүрсний үнэ өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж шинжээчид тайлбарлаж байна.



Эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт буурсантай холбоотойгоор Хятадын зүүн хойд бүс нутагт эрчим хүчний нийлүүлэлт урьд хожид байгаагүйгээр тасалдаж эхэлсэн байна. Цахилгааны хязгаарлалт нийтдээ тус улсын 20 гаруй мужийг тодорхой хэмжээнд хамарч буй ажээ. Цахилгааны хязгаарлалт Хятадын өсөлтийн боломжийг бууруулах эрсдэлтэй боллоо. Голдман Сакс тус улсын энэ оны өсөлтийг 8.2%-7.8% болгож бууруулаад байна. Хятад улсын хувьд 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй эдийн засаг болох зорилготой. Энэ зорилт амаргүй байх болно гэдгийг энэ удаагийн эрчим хүчний дотоодын хомсдолтой байдал харууллаа.

Б.Сүхбаатар: Газраа чөлөөлөөд хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэж дууссан
Б.Сүхбаатар: Газраа чөлөөлөөд хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэж дууссан
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.